2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь, Дорнын их талаас Алтайн их уулс хүртэл өргөн уудам эх орондоо аж төрөн суугаа азай буурлууд, алдрай бяцхан үрс, идэр чийрэг залуус, хотол олон Та бүхэн минь өвлийг өнтэй давж, хаврыг өнгөтэй угтаж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын охь шим болсон өнө эртний түүхтэй билээ.
Монголчууд бид энэ их баяр ёслолоороо эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэн, ёсыг даган журмыг сахиж, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.
Энэхүү өв соёл, үнэт зүйл, зан заншил, түүхэн уламжлалаа үеийн үед эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээх нь монгол үндэстний бахархал, монголчууд бидний эрхэм үүрэг юм.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улиран одож буй Модон могой жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган хүүхдээр ам бүлээ нэмж, бид гурван сая 592 мянгуулаа боллоо.
Малчин, тариаланч түмнийхээ нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн хишиг буянаар эрдэнэт мал сүргийн тоо толгой 60 саяар тоологдож, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авлаа.
Манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.
Улиран одож буй Могой жилд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.
Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.
Миний Монголын ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эзэн Богд Чингис хаан бол Монгол төр, монгол түмний эрхэм дээд шүтээн билээ.
Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг мөн.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.
Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн хүндэтгэн залсны зэрэгцээ монгол түмний бахархал монгол морио алдаршуулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.
Ингэснээр дэлхийн улс орнууд энэ өдрийг манай Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.
Ирж буй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.
Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.
Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.
Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.
Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.
Ирж буй Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь галын дөл шигээ өөдөө байж, өтгөс буурлууд маань энх тунх, идэр залуус маань цог жавхаатай, хүүхэд багачууд маань цовоо сэргэлэн, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Уудам эх орон, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа элгэн садан монгол ахан дүүс Та бүхэндээ “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Эрх чөлөөт, омог бардам монгол хүн Та хатуу өвлийг давж, хаврын урьтай золгон, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Өнө эртнээс өртөөлөн уламжлагдсан Монголын цагаан сар бол тусгаар тогтнол, төрт ёс, эв нэгдэл, дэлхийд Монголоороо энх мөнх оршихуйн дархлаа болсон үндэсний өв, соёлын их баяр билээ. Аав ээж, ахмад буурлуудынхаа тохойг түшиж, ах захаа дээдлэн хүндэлж, ураг төрөл, ус нутаг, ахан дүүс, анд нөхдөөрөө уулзан золгодог, учрал баярын урин цагийн угтал билээ.
Сар шинээр үгийн сайныг хэлэлцэж, үйлсийн сайныг тунгаадаг нь Монголын ёс. Улиран одож байгаа “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ монголчууд бид дэм дэмэндээ саадыг давж, сайн үйлсийг эхлүүлж чадлаа.
Ардчилсан төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг олуулаа уухайлан дэмжиж, орон даяар эрчтэй хүчтэй өрнөж байгаад урам зориг дүүрэн байна. Хүний жам ёсны үндсэн эрх, илүү сайхан амьдрах хүслийг хяссан хүнд суртлын чөдрийг тайлъя, чөлөөлье гэсэн ажилсаг, хөдөлмөрч хэн бүхэн дуу хоолойгоо нэгтгэж байна.
УИХ-ын тогтоолоор баталсан ногоон чөлөөлөлт “3х100” хөтөлбөр эх байгальдаа энх орших үзэл санааны үндсэн дээр соёолон үрсэллээ. “Зуун мянган нарны гэр” хөтөлбөрөөр жилийн 240 өдөрт нь шаргал нартай, цэнгэг салхитай эх оронтой атлаа элдэв хиймэл дүрэм журам зохиож, эрээн цаасаар илч гэрлийг хүртэл халхалдаг хүнд суртлын чөдрийг тайлж эхэллээ. Нарны хавтан, хуримтлууртай Чингэлтэй дүүргийн 83 өрх хүнд суртлын 15 тамга, гарын үсгээс чөлөөлөгдөж, эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж эхэлсэн бодит гараа, зөв эхлэл боллоо. Илчит нар, цэнгэг салхинаас 100 мВт сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж, гэрэл асаах зам нээгдэж байна. Хэд хэдэн аймаг, томоохон сум сууринд нар, салхины станц байгуулах хөрөнгө зардлаа босгож, санал санаачилгууд гарч байна. Хагас жилд багтааж барьсан нарны станцдаа зөвшөөрөл авах гэж долоон жил хөөцөлддөг хүнд суртлыг чөлөөллөө.
Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна. Энэ бүхэн бол түлш шатахуунд төлдөг ам.доллар валютаа хэмнэх, эх нутаг, эрүүл мэндээ хамгаалах, энх оршихуйн ногоон үзэл санаанаас урган гарсан бодлого шийдэл, бодит ажил хэрэг юм.
Гадаадын банкуудыг Монголд ирж ажиллахыг урьж, яриа хэлцлүүд эхэллээ. Европ, Азийн банкууд Монголдоо үүдээ нээж, үр дүнд нь зээл, хөрөнгө оруулалтын хүүгийн зардал буурч, хугацаа нь уртсаж, нөхцөл нь хөнгөрч, үйлдвэрүүд үүдээ нээх, өрийн дарамт багасах болно.
Эх орныхоо эзэн нь болсон монголчууд эрдэнэс баялгаасаа илүү үр өгөөж хүртэх, Үндэсний баялгийн сангаа өсгөн арвижуулах үйл хэрэг үг ярианаас үйлдэл шийдэл, үр дүн болж эхэллээ. Монголын баялаг монгол хүндээ оногдох Үндсэн хуульд заасан үндсэн эрх, үндсэн зарчим, үндэстний язгуур эрх ашиг дээрээ тулгуурлан хэрэгжиж эхэллээ.
Могой жилд газар нутгаа монгол гэрийн бууриар тамгалан сахиж, нүүдлийн өв соёлыг тээн яваа малчдын орлого ихсэж, монгол малын буяныг өсгөх 200 шахам сая хүнтэй, 2.6 их наяд ам.долларын өргөн зах зээлийн үүд, хаалгыг нээлээ. Евразийн холбоотой байгуулсан Түр хэлэлцээрийн дагуу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын 369 төрлийн бүтээгдэхүүн огт татваргүйгээр гарч, малчин өрх, үндэсний үйлдвэр, компаниуд ашиг орлогоо нэмэх өртөө зам бий болно. Нүүрс, зэсийн үнээс хэт хамаардаг эдийн засаг, төсвийн орлогоо олон морьтой, олон төрөлтэй болгох өргөн үүд, хаалга, боломжуудыг нээж байна.
Эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ!
Элгэн садан монгол ахан дүүс ээ!
Элчилгүй уудам талаар аргамаг хүлэг дүүлэн давхих мэт морин жилд Монгол оронд их өөрчлөлт, дэвшлийн үйл хэрэг өрнөж, монголчуудын цог хийморь дүүрэн байдаг билээ. Монголчууд морин жилдээ морьтой. Ерэн оны цагаан морин жилд асаасан галыг 2026 оны улаан морин жилд улам бадрааж, улсын тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор бататгах, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархлан гагнах сайн цаг ирж байна.
УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгаа илүү тууштай өрнүүлж, зөвшөөрөл нэртэй хориглолтын чөдөр тушаанаас хүний хүслийг чөлөөлнө. Худалдаа, үйлчилгээ, жижиг үйлдвэрлэлийн 30 гаруй төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг, тамга, бичиг хөөцөлдөхгүй. Хаана, юу хийх болсноо гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх болно.
Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг хэлэлцэн батална. Хувийн өмч хөрөнгө, амин зуулгын эх үүсвэрийг хууль, журмаар хурааж, дайчлахыг хуулиар хориглоно. Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаг, хууль журмаа гэнэт өөрчилдөг, хөрөнгө оруулагчдыг хөөж, туудаг явдлыг хуульчлан таслах болно. Монгол хүний, иргэний улс төрийн эрх чөлөөний дархлаа, эдийн засгийн эрх чөлөө бол тулам булаалддаг улс төр биш бүх хүнд хамаатай ажил юм. Эрх чөлөөт монгол хүнээ сайн явъя гэхэд нь мунддаггүй саадаас чөлөөлөх нь “Чөлөөлье” санаачилгын эрхэм зорилго юм.
Их Эзэн Чингис хааны гал голомтыг сахин суугаа эрх чөлөөт монголчууд аа!
Өв соёлоо тээж, газар нутгаа гэрийнхээ бууриар тамгалж яваа малчин түмэн ахан дүүс ээ!
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчин өрх газар шороогоо арчлан тордож, өвс ногоо ургуулж тариад, бууруулсан хүлэмжийн хийг хэмжүүлж үнэлүүлээд, ашиг орлого олох нь хоосон мөрөөдөл биш батлагдсан гэрээ, хэлцэл болсон. Карбон кредит гэж нэрлэдэг агаарын бохирдол багасгасныг газар нутаг багатай, өндөр хөгжилтэй Сингапур, Швейцартай байгуулсан гэрээний дагуу үнэлүүлж, санхүүжилт олгох ажил морин жилд өрнөх болно.
Эрхэмлэж яваарай хэмээн захиж өвлүүлсэн, эх орончдын амиараа тулж босгосон тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан бататгах нь өнөө үеийн Та бидний үүрэх ачаа, үр хойчдоо үлдээх эрхэм нандин үнэт зүйл билээ. Түүхий эд гаргадаг түүхийг өөрчилж, үнэ цэн, өртөг ашиг нэмж боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засаг, экспортын орлогоо илүү олон эх үүсвэртэй, олон морьтой болгохын төлөө морин жилд хэрэгжүүлэх бодлого, хийх ажил, шийдэх асуудал бидний өмнө байна.
Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж, аманд ч үгүй, хамарт ч үгүй үлддэг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнхийг аймаг, суманд нь үлдээдэг болгоно. Нутаг орныхоо нөөц баялгийн өрмийг нь Та бүхэн өөрсдөө хэрхэн, юунд зарцуулахаа бие даан шийднэ. Аймаг, орон нутаг гэрэл цахилгаан, дэд бүтэц барих эсэхээ нийслэлд ирж асуухгүй, төр хувийн хэвшлийн түншлэлээр биеэ дааж шийдэх эрх чөлөөгөө эдлэх болно.
Данхар төрийн хэт их оролцоог хумьж, төрийн хийх ёсгүй бизнесийг хуулиар хязгаарлаж, хувийн хэвшил, иргэндээ зах зээл, орон зайг нь чөлөөлнө. Төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжих нь эдийн засгийн эрх чөлөөний замд асаах ногоон гэрэл юм. Төр зах зээлд дүрэм сахиулагч болохоосоо өрсөлдөж, сөргөлддөг ноёны бөх байх учиргүй.
Морин жилд Монголын За андгай буй заа хэмээх журмыг баримтлан санаж, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаална. Хөрөнгө оруулалт бол монгол хүний хийх шинэ ажил, авах цалин, шинэ мэдлэг технологи. Хөрөнгө оруулалт бол улсад төлөх татвар, орлого араасаа дагуулдаг булган сүүлтэй ажил хэрэг.
УИХ энэ хаврын чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэж, ачааг хөнгөлөхийн үзэл баримтлалд үндэслэсэн татварын багц хуулийг хэлэлцэн батална. Татварын багц шинэчлэл бол татварын багц хөнгөлөлт юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар 2.0 их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум, нийтдээ 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх болно. Жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч НӨАТ-аа хялбар тайлагнадаг болж, цаасан шат дамжлагаас чөлөөлөгдөнө.
Үндсэн хуульд тангараг өргөсөн, ард түмний элч төлөөлөгчийн танхим УИХ хүний үндсэн эрх, хүүхдийн эрхийг хангахын төлөө хууль тогтоогчдын хувьд ч, ээж, аавуудын хувьд ч сэтгэлээ чилээн ажиллах болно.
УИХ-д өргөн барьсан хууль бүрийг хэн бүхэн гар утаснаасаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүний эрх зөрчсөн эсэхийг нээлттэй шинжилдэг болгосон зэрэг санал санаачилгаа илүү бататгаж, илүү ил тод нээлттэй, технологийн дэвшил, шинжлэх ухаанд тулгуурласан шинэчлэл, өөрчлөлт бүхэнд илүү эрчтэй өрнөл, илүү хурдтай үргэлжлэл байгаа.
Их Чингис хааны гал голомтыг сахисан, эрх чөлөөт омог бардам монгол ахан дүүс минь ээ!
Их түүхийн эзэн, эрх чөлөөт, омог бардам монгол хүн Танд ирж буй “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилдээ морьтой хийморьтой, заяа буянтай, эрүүл энх, эвтэй эетэй, үйлс бүхэн нь тэгш, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөе!
Эрх чөлөөний нар хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
Улирч буй Элдэв эрдэнэт хэмээх могой жил сорилт, сургамж, алдаа оноо, амжилт бүтээл дүүрэн нэгэн он болж түүхийн хуудаснаа үлдэж, Сүрээр дарагч хэмээх Гал морин жилтэйгээ Монгол түмэн минь учран золгож байна.
Энэ гал морин жилд Их Эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохионо. Эзэн Чингис хаан маань Их Монгол Улсаа үүсгэн байгуулаад 1206 онд цагаан сарыг Төрт ёсны их баяр болгон тэмдэглэх зарлиг буулгасан түүхтэй. Тэнгэрийн хүлэг морин сүлдтэй Монгол түмэн минь ирж буй гал морин жилдээ галын дөл мэт мандан бадарч, тэнгэрийн хүлэг мэт хийморь лундаатай, юу санасан есөн хүсэл бүхэн нь сэтгэчлэн бүтэж, эрүүл энх саруул сайхан, төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19