

Хуульч, өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр олон нийтийн сүлжээнд үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг, сөрөг хүчний хамгийн идэвхтэй гишүүдийн нэг билээ.
-Хоёулаа улс төрийн хамгийн дуулиант сэдвээр ярилцлагаа эхэлье. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар долоо хоног бүр лайв хийж, дэглэм тогтсон тухай ярих болсон. Та хуульч хүн. Бас сөрөг хүчний гишүүн. Монголд үнэхээр У.Хүрэлсүхийн дэглэм тогтсон уу?
-Дэглэм тогтоох, дэг журам тогтоох хоёр асар ялгаатай ойлголт. Хуулийн дээр гарчихсан, хувь хүний засаглал тогтоочихсон хүмүүсийн хувьд дэг журмыг хүлээн зөвшөөрөхгүй, дэглэм гэж андуурч байж болох юм.
Дэглэм тогтсон үгүйг хэд, хэдэн үзүүлэлтээр тодорхойлдог. Нэгдүгээрт, Монголд олон урьгалч үзэл байгаа юу гэвэл байгаа. Монгол олон намын системтэй, парламентын засаглалтай, парламент нь таван намаас тогтсон, УИХ-ын гишүүд нь хэн нэгнээс хараат бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Х.Нямбаатар ч, парламентын гишүүд ч, хэвлэлийнхэн ч У.Хүрэлсүхийг чөлөөтэй шүүмжилж байна. Тэгэхээр одоогоор тогтоогүй гэж хэлж болно.
Харин урьд өмнө хэсэг бүлэг хүмүүсийн дэглэм манайд тогтсон байсан. Ерөнхий сайд асныг парламентын гишүүд ч шүүмжлэх эрхгүй байсан. Хотын дарга асныг бүх л хэвлэл өдөр болгон магтан дуулдаг байлаа. Шүүмжлэл хэлсэн хүмүүсийг хууль, хүчний гурван үсэгтэй байгууллагаар айлгадаг байсан. Тролл арми буюу тархи угаалтын системийг маш нарийн зохион байгуулалттайгаар ашиглаж ирсэн. Дээр нь хуулийн хэм, хэмжээ хоёр өөрөөр үйлчилдэг байсан.
Хэрэвзээ, та нар санаж байгаа бол Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан олон хүнийг террорист хэрэг үйлдсэн гэж буруутгаснаа удалгүй хуучин машин, хоосон дансны хэргээр ял өгөөд явуулж байсан гашуун түүх бий. Тэдгээр хүмүүсийн үед авторитар дэглэм Монголд тогтсон байсан нь гашуун үнэн.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлэглэлийг хэлж байна гэж ойлголоо?
-Дэглэмийн тодорхой элементүүд 2017-2025 оны хооронд тогтсон байсан, нуугаад яах вэ. Олон мянган хүний оролцоотой тархи угаалтын, хар пиарын, гүжир гүтгэлгийн махны машин ажилладаг байсан.
Хэн нэгнийг өөрийгөө өмгөөлөх боломжгүй болтол нь бичлэг, дүрс, мэдээ, мэдээллээр гутаан доромжилж, гүтгэн харлуулж ирсэн. Тэр дэглэмийн технологид хэрчүүлж, нэр төр, амьдралаараа тоглуулсан олон хүн бий. Их хэлмэгдүүлэлтийн үед цаазаар авдаг байсан бол мафистууд сошиалаар хэн нэгнийг дүүжилж алдаг.
Өнөөдөр ч өмхийгөө тавихгүй байгаа өнгөрсөн дэглэмийг нурааж, хор уршгийг арилгана гэдэг их хэцүү. Ихээхэн эр зориг хэрэгтэй, хүч чадал хэрэгтэй, ур чадвар хэрэгтэй. Яагаад гэвэл энэ дэглэм чинь өөрөө хууль хүчний байгууллагад том системийг угсарчихсан байдаг.
Та нар санаж байгаа бол ковидын үеэр орон байранд архидаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар гаргаж явсан хүн нь өнөөдөр дэглэмд үйлчлээд сууж байна. Тиймээс дэглэмийг бүрмөсөн нураахад том “өвдөлт” өгнө. Гэхдээ нураахгүй бол баасандаа живнэ. Өмнөх угсрагдсан дэглэмийг устгахын төлөө бүх хүч чадлаа гаргах ёстой.
-Өмнө угсрагдсан мафийн дэглэмийг нураахгүй бол ардчилал устана гэсэн үг биз дээ?
-Ардчиллын нэг талд анархизм яг параллель явж байдаг. Тиймээс ардчиллыг урлаж, бүтээж, зүлгэж, хамгаалж хайрлахгүй бол эсрэг талд явж буй анархизм руу шууд гулсана. Ардчиллыг хамгаалахад цаг хугацаа гэж байдаггүй. Америкийн ардчилал 300 жил болж байгаа ч бат бөх болж чадаагүй, одоо ч эмзэг, сул хэвээрээ байна. Анархимз, автократ дэглэмийг бий болгоход гурван өдөр, гуравхан цаг хангалттай. Анархизм нэг л тогтвол харин ч бат бөх орших эрсдэлтэй.
Дүр эсгэсэн ардчилал яриад яваад байвал Монголын үндэсний аюулгүй байдал алга болно, энэ улс сөнөнө. Тийм учраас дэглэм, дэг журам хоёроо ялгаж, салгаж харах ёстой. Одоо бол дэглэмээс салж, дэг журам тогтоох үйл явц өрнөх ёстой гэж харж байна.
Тодорхой бүтцийг, бүлэглэлийг, гэмт хэргийг хамгаалах дэглэм байх ёстой юу, эсвэл тэднийг нурааж дэг журмыг бий болгох уу. Чи юу гэж бодож байна.
-Мэдээж, дэг журам Монголд ус агаар мэт хэрэгтэй байна. Эрх чөлөөнд дуртай иргэд болгон үүнийг хүснэ шүү дээ?
-За тэр.
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нэг өөр. Бусдыг гүтгэн доромжлох бүр өөр, тийм үү. Монголд өнөөдөр үг хэлэх эрх чөлөө нэрээр гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Ялангуяа улстөрчид бие, биеэ намнах хэрэгсэл болгож хувиргасан байна?
-Монгол Улсын Үндсэн хуулиар үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалсан. Энэ эрх чөлөөнийхөө хүрээнд иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ эрх чөлөөний эсрэг талд үүрэг хариуцлага гэж бас бий. Хэн нэгнийг гүтгэх ёсгүй, худал мэдээлэл тараах ёсгүй. Товчхондоо, төр үг хэлэх эрхийг нь хамгаалж байгаа шиг нөгөө талдаа гүтгэж харлуулахад нь бас хариуцлага тооцох ёстой юм. Харамсалтай нь, хүний эрх нэрээр дурын хүн хэн нэгнийг гүтгэж, харлуулах нь хэвийн зүйл болчихлоо. Ялангуяа УИХ-ын гишүүд, сайд дарга нар байсан хүмүүс хэн нэгнийг дур зоргоороо гүтгэж, алдар хүндэд нь халдаж байна. Намайг УИХ-ын гишүүн байхад зохион байгуулалттайгаар хүн доромжлох нь Эрүүгийн хуульд хориотой байсан. Гэтэл нөхдүүд доромжлох заалтыг байхгүй болгочихсон. Түүний дараа тролл арми тэжээгээд бусдыг дур, зоргоороо доромжилдог болсон. Тархи угаалтын мафийн систем угсарсан. Одоо гүтгэх заалт байхгүй болсноос хойш амныхаа зоргоор харлуулдаг болчихлоо. Тэдэнд тооцох хариуцлага алга. Нөгөөтэйгүүр өмнөх дэглэмийн үед дарга, сайд явсан хүмүүсийг шүүмжилсэн иргэдийг шүүх, шоронгоор айлгаж ирсэн. Уг нь энэ балансыг хуулиар зохицуулах ёстой юм.
-Гүтгэх, харлуулах, айлгах, сүрдүүлэх гэснээс хотын дарга асан Х.Нямбаатар өөрийг нь шүүмжилсэн иргэдээ хууль шүүхээр SLAPP хийлгэдэг. Тэгсэн мөртлөө өөрөө хэн нэгнийг лайваараа гүтгэж харлуулах нь хэвийн үзэгдэл боллоо?
-Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна гэдэг, хэцүү байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талаас түүнд харуулчих тамга тэмдэгтэй баримт нотолгоо алга. Сошиалын хов жив төдий л зураг хөрөг үзүүлээд сууж байна. Баримт, нотолгоо гэдэг цаасан дээрх тамга, тэмдэгтэй зүйлийг хэлдэг. Х.Нямбаатар хуулийн сайд байсан хүн үүнийг мэдмээр юм.
Одоогоор түүнд олон нийтэд дэлгэж харуулсан захирамж, тогтоол, тамга тэмдэг дарсан баримт алга байна. Мань эр өөрийнхөө бодлыг эсвэл зүүдийг л ярьж байна гэж би ойлгосон.
-Үнэнийг хэлэхэд Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа ч, хотын даргаар ажиллахдаа ч өөрөө асар дарангуйлагч явсан. Тэр ч бүү хэл Монголд иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулсан анхны хотын дарга гэж түүхэнд хараар үлдэх байх, тийм үү?
-Монголчуудын хэлдэг нэг гоё үг байдаг.
Алдуул морь, оргож босч яваа эр хүний араас шороо цацах хэрэггүй гэдэг. Газар үнэрлэн ергөж яваа, ганц морийг битгий үргээ гэдэг дуу ч хүртэл байдаг. Хувь хүнийх нь талаар ямар нэгэн дүгнэлт гаргах дэмий гэж бодож байна. Гишүүн байхдаа бид хоёр нэлээд ширүүн үздэг байсан.
Дарга байхад ч нь тодорхой зүйлийг нь дэмжээд, тодорхой зүйлийг нь эсэргүүцээд явж л байсан. Одоо энэ хүнийг оргож бусгаж явахад нь араас нь шороо цацаад тийм ийм гэж ярих сонирхол надад алга.
-Чоно борооноор гэгчээр 2024 оны сонгуулийн өмнө баталсан УИХ-ын тухай хуулийн 441.7 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргасан. Энэ дүгнэлтийг та хуульч хүний хувьд юу гэж бодож байна. Чуулганы хуралдаан дээр Ц.Даваасүрэн гишүүн маш аймшигтай шийдвэр гэж тодотгоно лээ?
-УИХ-ын тухай хуулийг 2024 оны 5-р сард баталж байсан санагдаж байна. УИХ-ын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад бүх хуулиар УИХ-ын гишүүнийг шүүхээр оруулж ял шийтгэл хүлээлгэх бололцоогүй болгочихсон. Маш аймшигтай. 2024 оны сонгуулийн өмнө 4 намын удирдлага гадаадад очин, хоорондоо хэнийг гишүүн болгох уу, хэнийг жагсаалтаар оруулах уу гэдгээ тохирсон юм билээ. Өөрөөр хэлбэл, тоглоомын УИХ-ыг бий болгоё, гэмт хэрэг хийсэн хүмүүсийг насан туршид нь яаж хамгаалах вэ гэдгээ тохироод, тэр дагуу бүтэц угсарсан юм байна лээ. Үүнийг угсрахдаа өмнө нь огт байгаагүй заалтыг нэмж оруулсан. Жишээлбэл, М.Нарантуяа-Нара гишүүн хуралдааны танхим дотроо ард иргэдийн эсрэг салаавч гаргах, гишүүдийг ёс бусаар хараавал хариуцлага үүрэх ёсгүй болгочихсон.
Ц.Даваасүрэн гишүүний халаглаад байгаад би гайхсан. Чуулганы танхимд, хуулийн мэтгэлцээний үеэр үзэл бодлоо хамгаалаад хэн нэгнийгээ хараах, ерөөх ерөөс хамаагүй. Их хурлынхаа танхимд галзуурч, зодолдож, хэрэлдэж болно.
Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Төрийн ордноос гараад согтуугаар машин барих, эсвэл Төрийн ордонд хар тамхи хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх зэрэг гэмт хэрэг үйлдсэн гишүүн Зөрчлийн хуулиас ангид байхыг би лав зөвшөөрөхгүй.
Дугуй танхим дотроо гишүүдийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрт эрүүгийн болон зөрчлийн хариуцлага үүрүүлэхгүй, ямар ч хуулийг дэмжиж болно, эсэргүүцэж болно, санаачилсан хуулийнхаа төлөө хүмүүсийн анхаарлыг татахын тулд шалдан нүцгэн орилж чарлаж болно. Харин чуулганы танхимаас гараад гахай илүү тэгш эрх эдлэх ёсгүй.
-ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг парламент хүлээж авсан ч, эс авсан ч УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орох нь тодорхой болчихлоо. Ингэснээр гишүүд дотроо айдастай болж байх шиг. Энэ нь парламентын дархлаанд хэр нөлөөлөх вэ?
-Өнөөдөр 126 гишүүнээс 35 гишүүний хэрэг нь шүүхэд шилжихэд бэлэн байгаа. Хүн зодсоноос эхлээд төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан хүртэл. Нэг ч хэрэг өнөөдрийг хүртэл шүүх дээр орж ирэхгүй байгаа биз. Нэгд, ял шийтгэл авах гэж байгаа хүн юун дээр ч барьцаалагдан кноп дарахад бэлэн байдаг. Хоёрт, гэмт хэрэг хийсэн хүн төрийн эрх мэдэл дотор удаан байвал маш аюултай. Ний нуугүй хэлэхэд цэвэр хүнийг сонгох бололцоо ард түмэнд байдаггүй.
Харин цэвэрхэн хүнийг дэвшүүлэх бололцоо аль ч намд байгаа, гэхдээ тэд хүсэхгүй байна. Намаар дамжуулж эрх мэдлээ баталгаажуулахын тулд цэвэрхэн хүнийхээ оронд бохир барьцаалагдсан хүнээ явуулж байх нь тэдэнд ашигтай.
Хуулийн байгууллагын тангараг өргөсөн хүмүүс бохироос нь салгаж цэвэрлээд өгье гэхээр хуулиар хориглочихсон ял өгч болохгүй, шүүх рүү шилжүүлж болохгүй болгочихсон. Парламент нь өөрөө ийм вирустэй байж болохгүй. Тийм учраас бүлэглэл үүсэх магадлал маш өндөр байна.
Өмнөх парламентын үед Зөрчлийн хуулиар Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар хоёр торгуулж л байсан. Тэглээ гээд парламентын дархлаа яаж муудсан юм, яаж нөлөөлсөн юм. Харин ч Зөрчлийн хууль олон хүнийг гэмт хэрэгтэн болгож, шорон руу түлхэж байна. Энэ хуулийн автор нь Х.Тэмүүжин, Монголын ард түмэнд маш их гай тарьсан хүн.
-Зөрчлийн хууль олон хүнийг гэмт хэрэгтэн болгож, шорон руу түлхэж байна. Та үүнийгээ тодруулж ярихгүй юу?
-Жишээ нь, гэр бүлд эхнэр нөхөр хоёр маргах үе зөндөө байдаг. Эхнэр нь уурандаа нөхрөө цагдааг өгдөг. Өглөө нь уураа гарахаар нь очоод авах гэхээр Зөрчлийн хуулиар хорихоос өөр аргагүй болдог. Үүнээс болоод нөхөр эхнэртээ гомдоно, гэр бүл салалтад ч сөргөөр нөлөөлж байна. Бүр сүүлдээ гэр бүлийн шүүхтэй боллоо. Монгол Улс ерөөсөө гэр бүл салалтыг дэмждэг улс болчихсон юм биш үү гэж айж байна. Дагнасан шүүхтэй болтлоо дампуурч байна. О.Амгаланбаатарын хэлсэнчлэн амьдрал мэдэхгүй хүмүүс хууль санаачилж, батлахаар ийм гай тарьдаг. Тийм болохоор өөрсдийнхөө баталсан Зөрчлийн хуулийн горыг өөрсдийнхөө бие дээрээ амсаж мэдрэх хэрэгтэй.
-УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалтаар парламентын 35 хүний үйлдсэн гэмт хэргийг далдалж байна гэж хардаж болох уу?
-Болно. УИХ-ын гишүүний тодорхой хэмжээний эрх мэдлийг дархлах ёстой. Тэр хүн чуулган, байнгын хороонд чөлөөтэй ажиллах ёстой. Түүнийг нь хуулиар хамгаалах хэрэгтэй. Харин хахууль авч болохгүй, хүн зодож болохгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьж болохгүй, хүн гүтгэж болохгүй. Энэ асуудал дээр хариуцлага тооцох хэрэгтэй. Ийм хууль бусад улс оронд ч байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа албан бусаар хэдийнэ эхэлчихсэн. Танай намаас гэхэд нэр бүхий 4 хүн сунгаанд оролцоно гэдгээ зарлачихсан. Тэдгээрийн нэг нь Н.Алтанхуяг. Түүний нэр дэвших эрхэнд шүүх халдлаа, эрх баригчид дарамталлаа. АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулах гэсэн башир арга гэх мэт шүүмжлэл гарч байна л даа?
-Хуульчийнхаа зүгээс хариулбал дарамтлаад байсан юм бол байхгүй. Улстөрчийн хувьд хариулбал дарамттай л байгаа, хөөрхий. Мэхт мэхэндээ гэж үг бий.
Н.Алтанхуяг дарга хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох хуулийг санаачилан батлуулсан хүн шүү дээ. Тэр л хуулийнхаа золиос өөрөө болж байна. Тиймээс ахин хууль санаачлаад хөөн хэлэлцэх хугацааг хэвээр нь үлдээчих хэрэгтэй.
Манайханд нэг хогийн араншин байдаг. Бусдыг хорлох гэж хууль санаачлаад түүндээ өөрөө ороогдоод ирэнгүүтээ хэлмэгдлээ, хэрчлээ, улс орон сүйрлээ гээд хашгираад эхэлдэг. Би намын гишүүддээ хэлсэн. Ядаж Өршөөлийн тухай хууль санаачлаач гэж. Хууль бүх хүнд тэгш үйлчилнэ. Бас хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон заалтыг авч хаяад, хуучин заалтаараа явах хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй. Гэтэл худлаа шүүхийг буруутгаад л суугаад байх. Шүүх Н.Алтанхуягийн санаачилан батлуулсан хуулийг л үндэслэн шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Түүнээс өөрөө хууль санаачилдаг субьект биш.
Урьд өмнө нь анхан болон дунд, дээд шүүх дээр ирэхэд нь мөрдөн шалгалт дутуу байна гээд буцаадаг байсан. Мөрддөг байгууллага биш байж мөрддөг байгууллагад заадаг нь буруу байсан. Тиймээс энэ системийг засъя гэж шүүхийн системийг дөрөв болгосон. Нэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулъя. Хоёрт, шүүхэд шилжсэн бол мөрдөх байгууллага руу буцаахдаа 60 хоногоос илүү буцаахгүй байя. Гуравт, гэм буруугийн хурлыг хийе. Гэм буруутай байна гэж үзвэл ял шийтгэлийн хурлыг хийе гэж дөрвөн янзаар шүүхийн шийдвэр гардаг байсан. Монгол Улсын Үндсэн Хуульд хүн шударга шүүхээр шүүлгэх ёстой, шүүхийн шийдвэр эцсийн байна гэж заасан.
Энэ хуульд нэг алдаа байгаа. Ямар алдаа вэ гэвэл давах дээр болохоор гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн эсэхээс үл хамаарч хэргийг бүхэлд нь хэлэлцэнэ гэсэн мөртлөө шинэ нотлох баримт авдаггүй, мэтгэлцээн явуулдаггүй, анхан шатны шүүх дээр юу болсон бэ гэх шийдвэрийн хүрээнд л шийдэх гээд байдаг. Жишээ нь, Дээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурор, өмгөөлөгч ордоггүй нь буруу.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээр мэтгэлцээн явж байгаатай адил давах дээр мэтгэлцээн яваад Дээд шүүх дээр хуулийн хэрэглээ зөв хэрэглэсэн байна уу, үгүй юу гэдгийг хянах ёстой. Үүнийг боловсронгуй болоогүйг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Шүүх таван удаа шүүж байна гэдэг муу юм биш. Харин ч маш сайн шүүж байна гэсэн үг. Жирийн ард түмэн нэг удаа шүүгээд, хоёр удаагаа орсон болоод гурав дахь удаа гэж байхгүй явчихдаг.
Н.Алтанхуяг даргын өмгөөлөгчдийн баг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах ёстой байсан. Гэтэл буцааж байгаа нь буруу гээд тэнэг юм яриад явах юм. Албаар л даа, би бол албаар гэж бодож байна. Женкогийн хуульчид явж байна лээ. Манай муу Н.Алтанхуяг даргыг Женко хог болгосон шүү дээ. Уг нь энэ урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч, прокурорыг оруулах ёстой. Ялангуяа прокурорыг оруулахгүй байна гээд ҮХЦ-д маргаан гаргах ёстой юм.
-Тийм боломж бий юу?
-Монгол Улсын Үндсэн хуульд прокурор бүх шатны шүүхэд орно гэж заасан. Тийм байтал прокурорыг оруулахгүйгээр шүүх энийг хяналт руу оруулъя, энийг болъё гэж шийдэж болохгүй. Эцсийн эцэст энэ хуулийг хууль тогтоогчид өөрсдөө санаачилсан, өөрсдөө баталсан. Өөрийнх нь хайрладаг Х.Тэмүүжингийн оруулсан хуулийн зохицуулалт. Уучлаарай, хүн муулж байгаа юм биш. Бид хоёр уг нь нэг байшинд дээд доод давхарт хамт амьдардаг юм. Надаас зөвлөгөө ав, 30 жил өмгөөлөгч хийсэн би таныг чөлөөлж чадна гэсэн. Хяналтын шатны шүүхэд заавал прокурор орох ёстой. Ер нь Н.Алтанхуягийн гэх хэргээр эрх зүйн систем засрах тал руугаа явж байвал сайн. Иргэн Батаа, иргэн Баасанхүү хоёрын хэргийг бол олон нийт тоож анхаарах ч үгүй. Нөгөө 15 давхрын троллуудаар нь ороод л дуусгачихна. Хүний мууд дуртайдаа биш, ийм хүмүүсийг хэрэгт холбогдохоор би баярладаг. Ял аваасай гэж биш, үүгээр дамжуулаад эрх зүйн систем засраасай гэж боддог.
-Ардчилсан намд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягаас өөр нэр дэвшээд ялах хүн ер нь байхгүй юм уу. Өмнө нь, 2021 онд нэр дэвшүүлсэнгүй гэж талбай дээр өлсгөлөн зарлаж байсан санагдана. Тэрнээс болж АН хоёр хагарсан шүү дээ?
-Ардчилсан намд нэр дэвших боломжтой кандитат зөндөө бий. Мэдээж, Н.Алтанхуяг дарга дэвшвэл ялах шаанстай. Н.Алтанхуяг даргаас өөр манай намын дарга О.Цогтгэрэл дэвшлээ гэхэд Ардын намын хэнийг ч ялна. Сая бээлийтэй жаазны зургийг нь олон нийт хараад, шоолоод, доромжлоод байсан, би үүнийг гайхсан. Хүнд аливаа юмны үнэ цэн гэж байна. Бид бөхийн хөлстэй зодог шуудаг аваад ичдэггүй биз дээ. Үүнтэй адил хүний нутагт, гадаадад, зовж, зүдэрч ажиллаж байхдаа өмсөж байсан бээлийг яагаад шоолоод байгаа юм. Хүний бизнес, ажлыг дэмжье гэсэн Ардчилсан намд бэлэглэе гэсэн нь юу нь буруу байна. Бид одоо юмыг үнэ цэнээр хардаг болмоор байна. Гоё ярьдаг хүнийг мундаг гэж ойлгодог. Манай Монголд хамгийн сайн илтгэгч бол босоо Ганбаа шүү дээ. Гоё ярьдаг хүний араас явна, гоё ярьдаг хүнийг шүтнэ. Гэтэл ажил хийдэг хүн гоё ярьж чаддаггүй. Ажил хийдэг хүн ярихад биш, ажилдаа анхаардаг. Нэг харахад бүдүүн бараг ч юм шиг, нэг харахад тэнэг ч юм шиг байдаг.
-Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх тухай бус, ямар хүнийг нэр дэвшүүлж болохгүй вэ гэдгийг ярих ёстой юм шиг ээ?
-Хулгайч хүнийг л нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Х.Нямбаатар Б.Жавхланг нэр дэвшиж болохгүй гэж хэлээд байгаа, би болно гэж бодож байна. Монголын бүх хүн хоорондоо хамаатан. Нарийн яривал чи бид хоёр ч садан болохыг үгүйсгэхгүй. УИХ дотор надад гурван хамаатан байна. Тийм байлаа гээд би тэр гурвыгаа долоогоод суух уу. Бурууг нь буруу, зөвийг нь зөв гэж ярина. Энэ чинь зарчим. Хамаатан байх эсэх нь чухал биш. Гол нь хулгайч биш л байх ёстой. Худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй байх ёстой.
-Та сая хэллээ, сайн ярьвал монголчууд бүгд хамаатай гэж байна. Тэгвэл өнөөдөр Монголд улс төрийн нам гэж байхгүй, улс төрийн бүлэглэл гэж бий гэдэг нь ортой гэсэн үг үү?
-Улс төрийн нам мэдээж байгаа. Гэхдээ гурван төрлийн нам байна. Нэгд, бүтэцтэй буюу гишүүнчлэлтэй нам байна. Хоёрт, гэр бүлийн нам байна. Жишээ нь, Үндэсний эвсэл, бас Буян Жаргалсайханы нам. Гуравт, троллын нам байна. Тухайлбал, ХҮН нам, ИЗНН байна.
-Х.Баттулга гуай Ерөнхийлөгч болоод улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн гэж үздэг. Үүн шиг Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцруулсан өс хонзонгоо одоо ч өвөрлөсөөр яваа. Үүнээс л хүмүүс болгоомжилдог?
-Х.Баттулга, Н.Алтанхуягтаа асуудал нь байгаа юм биш. Мөнгөндөө байгаа юм.
Х.Баттулгын мөнгөний эх үүсвэр нь Билли. 1991 оноос хойш Баянголын эзэн сууж байгаа. Х.Баттулга гэдэг хүнд өөрийн толгой ч байхгүй, тархи ч байхгүй. Тэрийг чиглүүлдэг хүн Билли л гэж би хардаг. Манай монголчуудын нэг гоё үг байдаг. Хүнийг нь шинжихийн тулд нөхрийг нь шинж гэж. Н.Алтанхуяг хэнтэй нөхөрлөж байна гэдгийг нь сайн харцгаах хэрэгтэй.
Зөв хүнтэй нөхөрлөж байвал тэр сайн хүн. Ерөнхийлөгч байтугай УИХ-ын гишүүн ч байх хэрэгтэй. Буруу хүнтэй нөхөрлөвөл буцахдаа шороо тээнэ гэдгээр л явна. Монголчууд ямар хүнээр улсаа мануулж болохгүйг зарим нэг хүнээс харсан байх гэж бодож байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.