

Люксембургээс хурдны замаар нийтдээ 3 цаг давхисны эцэст Брюссель хүрч очив. Европыг дайрсан аагим халуун өдрүүд “ард” үлдсэн бололтой, бороо шивэрсэн эртний хотод хөл тавилаа. Шүхрийн доорх Брюсселийг бүсгүй хүнтэй зүйрлэвэл хээнцэр агаад ихэмсэг. Бороон дундах Брюссель яаруу зочдод биш, харин амьдралын агшин бүрийг мэдрэхийг хүссэн мэдрэмтгий аялагчдад зориулсан хот ажээ.
Готик маягийн өвөрмөц төрхтэй барилга байшин дундах хотын төв талбай болох Grand Place дүүрэн жуулчид. Брюссель хотын хамгийн алдартай, бас хамгийн өвөрмөц бэлэг тэмдэг бол яахын аргагүй Manneken pis буюу "шээдэг хүү"-гийн баримал юм.

Анхны төсөөллөөс өөр, жижигхэн тэр хөшөө олон, олон жуулчны зорьж очдог газар болжээ. “Шээдэг хүү”-д зориулсан 1000 гаруй тусгай хувцасны цуглуулга байдаг агаад баяр ёслолын өдрүүдэд тэрхүү хувцаснуудаас нь өмсгөдөг гэнэ. “Шээдэг хүү”-гийн тухай домог цөөнгүй. XIV зууны үед Брюссель хот харийн цэргүүдийн бүслэлтэд оржээ. Дайснууд хотын хэрмийг дэлбэлэхээр тэсрэг бөмбөг бэлджээ. Энэ үеэр нэгэн бяцхан хүү нууцаар гал руу шээж унтрааснаар хот асар том сүйрэл, дэлбэрэлтээс аврагдсан гэх нэгэн домог байдаг аж.
Өөр нэгэн домогт Брюсселийн чинээлэг баян хүүгээ алдаж, хэдэн өдрийн турш эрэл сурал болсны эцэст тэрхүү гудамжны буланд тайван гэгч нь шээж байхад нь олж харжээ. Тэгээд хүүгээ олсон газарт баримал босгосон тухай Бельгид суугаа ЭСЯ-ны цэргийн атташе Б.Бат-Эрдэнэ сонирхуулав.
БЕЛЬГИЙН “НЭРИЙН ХУУДАС”

Баримлын яг хажуугийн жижиг мухлагт халуун вафли, хайлсан шоколад, шарсан фри төмс зарж байна. Брюссельд очсон хүн Бельгийн нэрийн амттанг идэхгүй бол жинхэнэ алдас болно. Шоколадны дэлгүүрүүдэд нь зарагдаж буй шоколаднууд нь яг л үнэт эдлэл шиг тансаг, нарийн хийцтэй агаад арааны шүүс ялгаруулам амттай аж.

Брюссель Бельгийн ДНБ-ий 18 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг юм байна. Бельгийн ДНБ нь ~$680-$725 тэрбум. ДНБ-ий дийлэнх хэсгийг нь банк санхүү, ложистик, мэдээллийн технологийн салбар нь бүрдүүлдэг. Экспорт нь химийн үйлдвэрлэл, эмийн бүтээгдэхүүн, машин механизмын угсралт, металлурги болон алмаз боловсруулалт зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дээр тулгуурладаг. Дэлхийн нийт алмазны экспортын 8%-11%-ийг хянадаг. Алмазны экспортын гол цэг нь Антверпен хот аж. Антверпен хотын боомт нь дэлхийн хамгийн том какао шош хадгалах агуулахуудын нэг бөгөөд баруун Африкаас ирэх түүхий эдийг хүлээж авах гол хаалга болдог. Бельги шоколадны 60 гаруй хувь нь Европын холбооны гишүүн орнууд руу (Герман, Франц, Нидерланд) нийлүүлэгддэг бол үлдсэн хэсэг нь АНУ, Их Британи, Япон, Хятад зэрэг орон руу экспортлогддог аж. Дотроо шанзтай шоколад нь Бельгийн нэг “нэрийн хуудас” нь юм байна. Брюсселийн Brussels airport нь дэлхийд хамгийн их шоколад борлуулдаг гол цэг, эндээс жилд дунджаар 800 гаруй тонн шоколад зарагддаг байна.
БРЮСЕЛЛИЙН МОНГОЛЧУУД

Бельгид нийтдээ 2500 орчим монгол иргэн сурч, ажиллаж, амьдардаг аж. Үүнээс хууль ёсоор амьдардаг нь 600 юм байна. УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгид хийсэн айлчлалаараа тэнд амьдардаг монгол иргэдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцов. Тэндхийн монголчууд олон хүсэлт, олон л санал хэлэв. Ихэнх нь Монголыг сурталчилан таниулах, үйл ажиллагаа явуулах байр, савтай болгож өгөхийг хүссэн. Мэдээж, төрийн мөнгө бол Монголын татвар төлөгчдийн мөнгө. Монголын татвар төлөгчдийн мөнгөөр байр сав бариулж, тэндээ бизнесээ эрхэлнэ гэдэг нэг талаар шударга бус. Нөгөө талаар нь төр иргэнээ хаяж болохгүй. Ийм л логикийн зөрчилтэй асуудлууд их гардаг биз.
УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд энэ мэт санал, хүсэлтэд ил шулуухан хариулсан, “Нэгдүгээрт, Монголын төр хэмнэлтийн бодлого барьж байгаа. Хоёрдугаарт, Монголын татвар төлөгчдийн мөнгөөр Бельгид байр сав барьж өглөө гэхэд арчилгаа, тордолгоог нь хэн хийх вэ. Цахилгаан, ус, дулаан гээд урсгал зардлыг нь хэн хариуцах вэ гэдэг асуудал үүснэ” л гэв. Хэн, хэндээ хий хоосон итгэл, найдвар төрүүлж байснаас нь энэ уг нь илүү шударга хариулт.

Бельгид амьдарч буй монголчуудын хувьд тэндхийн иргэншил авсан иргэд ч цөөнгүй байдаг бололтой. Бололтой гэдэг нь уг уулзалтаар давхар иргэншлийн асуудлаар ч иргэд саналаа хэлнэ билээ. Тэнд амьдарч, ажиллаж суугаа иргэдтэй ярилцаж суухад Бельгийн банкны зээл үнэнхүү бага аж. Орон сууц худалдаж авъя гэхэд жилийн хүү нь хамгийн ихдээ 4.2%. Монголын хамгийн бага нь буюу ипотекийн зээлийн хүү 6%.
Манай банкирууд бол зүгээр л мөнгө хүүлэгчид аж. Бельги улсад олон улсын болон гадаадын банкнуудын салбар, төлөөлөгчийн газрууд маш олноор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Жишээлбэл, Францын BNP Paribas, Америкийн J.P. Morgan, Citi, Bank of America,Германы “Deutsche Bank”. Хятадын Bank of China, ICBC. Японы Sumitomo Mitsui...
Дэлхийн санхүүгийн гүйлгээний гол сүлжээ болох SWIFT-ийн төв байр болон банк хоорондын үнэт цаасны тооцооны том байгууллага болох Euroclear хоёулаа Бельгид байрладаг учраас гадаадын банкууд Брюселльд олноор байршдаг бололтой.
Бельгид нэг килограмм тэжээвэр үхрийн мах 10 евро. Монголд үхрийн гуяны цул ₮35 мянга. Тэндхийн хамгийн бага цалин нь 3500 евро. Монгол төгрөгт хөрвүүлбэл 15 сая орчим юм даг уу даа.
Бельги улсад ажилгүй болсон эсвэл орлогогүй иргэдэд зориулсан нийгмийн хамгаалал, халамжийн систем маш сайн хөгжсөн аж. Сардаа 1200 орчим евро өгдөг гэнэ. Гэх мэтчилэн.
БААСАН ГАРИГ БА БРЮССЕЛЬ

Бямба, нямд амардаг учраас Баасан гариг брюселльчүүдийн шоуны өдөр байдаг аж. Үүгээрээ Улаанбаатартай адилхан юм. Гэхдээ бельги пиво, вино дэлхийд алдартай. Бельгичүүдийн хувьд эдийн засаг болон соёлын чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог аж. Бельгийн шар айрагны соёл нь 2016 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, пиво нь Бельги улсын эдийн засгийн гигант, дэлхийн зах зээлийг эзэлсэн экспортын гол бүтээгдэхүүн болон үндэсний бахархал юм байх. Жилийн пивоны үйлдвэрлэл нь 1-2 сая тонн. Экспортод 70%-ийг нь гаргадаг, нийтдээ 1500+ төрлийн пиво үйлдвэрлэдэг гэнэ. Харин виногоо дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлэдэг, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл нь чамгүй өсөж буйг тэнд амьдардаг монгол иргэн Эрдэнэ ярьсан.
Тус улсад жилдээ давхардсан тоогоор 46 сая гаруй жуулчин ирдэг гэнэ. Сүүлийн жилүүдэд цагаачдын асуудал тус улсын нэг тулгамдсан сэдэв болжээ. Цүнх саваа тавихын төдий л “алга болж” болзошгүйг цэргийн атташе маань алхам тутамдаа анхааруулсаар явлаа. Учир нь, тэнд ч мөн урт гартнууд их, заримдаа гар утсыг нь шууд шүүрээд ч зугатаадаг болохыг сануулав.
Гэсэн хэдий ч Брюссель яарч сандран аялах хот биш, харин явган алхаж, амтат шоколад идэж, вино, пиво шимж, намрын шиврээ бороонд цувгүй алхмаар ч юм шиг...





Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.