

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.
Тиймээс Үндсэн хуульд хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй гэж зааж өгсөн тул УИХ-ын тухай хуулийн 41.7 заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж ҮХЦ дүгнэсэн. Гэтэл энэ нь Ц.Даваасүрэнд аймшигтай санагдаж байгаа бололтой. Жирийн иргэний дагаж мөрддөг хуулиас хууль тогтоогчид нь өөрсдөө айж байна гэхээр тэд ямар хууль баталдаг вэ гэсэн асуулт тавигдана. Нөгөө талаар хэрэг үйлдсэн хэнбугай ч хариуцлага хүлээх нь хуулийн засаглалын амин сүнс. Ц.Даваасүрэн өөрийнхөө баталсан хуулийг дагаж мөрдөж байж хууль иргэдэд тэгш үйлчилнэ. Гахай илүү тэгш эрхтэй гэж боддог гишүүдэд жирийн иргэний адил хууль мөрдөнө гэхээр аймшигтай санагдаж байгаа нь лавтай. Тиймээс Ц.Даваасүрэнд аймшигтай санагдаж байгаа бол хулгай хийж, хууль зөрчихөө л больчих хэрэгтэй.
Б.ЦОГТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.