

Монгол Улсын үүрэн холбооны хамгийн том оператор бөгөөд Японы KDDI корпорацын охин компани болох Мобиком нь удирдлагуудынх нь зорчиж явсан автомашин шатсаны улмаас Монгол-Хятадын хил дээрх байгалийн нөөц газарт түймэр дэгдээсэн хэрэгт холбогдуулан шалгагдаж, нөхөн төлбөр төлөх асуудалтай тулгараад байна.
The Japan Times
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Монголын зүүн захын дархан цаазат газрын 80 хувь нь түймэрт өртсөн гэж тооцоолжээ.
Мобиком компанийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад хоёр удирдах албан тушаалтан аравдугаар сарын 8-ны өдөр тус бүс нэг автомашин шатсанаар түймэр эхэлсэн байна. Мобиком компанийн 98.84 хувийг KDDI эзэмшдэг юм.
Хүчтэй салхи, хуурайшилтын улмаас түймэр Хятадын Өвөрмонголын зүг хурдацтай тархжээ. БНХАУ-ын Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид хил дамнасан түймрийг цурманд оруулахаар гал сөнөөгчид болон орон нутгийн онцгой байдлын баг зэрэг нийт 3400 алба хаагчийг дайчилсан байна.
Монголын орон нутгийн албан хаагчийн мэдээлснээр, түймрийг аравдугаар сарын 12-ны өдөр цурманд оруулж, 16-ны баасан гаригт бүрэн унтраажээ.
Түймэр гарсан Нөмрөгийн дархан цаазат газар нь 1992 онд онцгой хамгаалалттай бүс болсон. Тус газар нь хандгай, халиун буга, зэрлэг гахай, хүрэн баавгай, голын халиу зэрэг олон төрлийн амьтдын өвөрмөц тогтоцтой баялаг экосистем бөгөөд 263 зүйлийн шувуу, 24 зүйлийн загас амьдардаг. Мөн Монголын цагаан зээрийн бэлчээрийн гол бүс бөгөөд зарим зээр хэдийнэ Хятадын хил даваад байгаа талаар тус сонин дурджээ.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ, “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хээрийн түймэр гаргасан буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлнэ. Хилийн захиргааны албан тушаалтнууд болон Мобиком корпорацын ажилчдад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах арга хэмжээ авна. Тэдэнд хоёр хоногийн нэвтрэх зөвшөөрөл олгосон байсан. Тэд тус бүсээс гарах үедээ санамсаргүй байдлаар гал алдсан бололтой" гэж мэдээлжээ.
Монголын уур амьсгалыг судалж байсан Нагоя их сургуулийн уур амьсгал судлалын профессор Масато Шинода хэлэхдээ “Монгол Улс, Өвөрмонгол болон ОХУ-ын зарим хэсгийг багтаасан Монголын өндөрлөг нь байгалийн түймэр гарах эрсдэл өндөртэй бүс нутагт тооцогддог. Бэлчээрийн түймэр нь ихэвчлэн хавар, цас хайлж хуурайших үед, мөн намар хүчтэй салхи, хуурай өвс зэргээс шалтгаалан гал хурдан тархах магадлалтай байдаг.
Тэгсэн хэдий ч ердөө найм хоногийн дотор 5000 орчим хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан энэхүү түймэр нь маш том хэмжээнийх юм. Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэсэн бидний судалгаанаас үзэхэд 2001-2021 оны хооронд Монголын өндөрлөгт жилд дунджаар 13000 хавтгай дөрвөлжин километр газар түймэрт өртдөг байсан. Харин сая гарсан энэхүү түймрийн хамрах хүрээ тухайн үеийн хамгийн томд тооцогдож магадгүй гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлт болон үүнээс үүдэлтэй эрс хуурайшилт нь ерөнхийдөө түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа боловч одоогоор Нөмрөгийн түймэрт хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй байна” гэжээ.
3.5 сая хүн амтай, үүнээс 1.8 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг Мобиком компанийн гаргасан шийдвэр, үйлдэл нь тус улсад багагүй түгшүүр дагуулаад байна. Анх тус компаниас мэдэгдэл гаргахдаа удирдлагууд үүрэн холбооны сүлжээг өргөтгөх ажилтай холбоотойгоор хилийн бүсэд ажиллаж байсан гэж тайлбарласан. Дараа нь Мобиком Фэйсбүүк хуудсаараа дамжуулан урьдчилан бичсэн дүрс бичлэг нийтэлж, гүйцэтгэх захирал Очи Монголын ард түмнээс уучлал гуйжээ.
Тэрбээр япон хэлээр "Холбогдох байгууллагууд шалтгаан болон хохирлын хэмжээг тогтооно гэж ойлгож байна. Бид мөрдөн байцаалтын ажиллагаанд бүрэн хамтран ажиллаж, компанийн нийгмийн хариуцлагаа биелүүлж, шаардлагатай арга хэмжээг авах болно. Хүн бүрийн сэтгэл зовнилыг ойлгож байна. Байгаль орчинд учруулсан хохиролд гүнээ харамсаж, Монголын ард түмнээс хүлцэл өчиж байна" гэжээ.
Мобиком компаний авто машины цуваа эрх бүхий байгууллагаас онцгой хамгаалалттай бүсэд нэвтрэх зохих зөвшөөрлийг авсан эсэхэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эргэлзэж байна.
KDDI компани "The Japan Times" сонинд мэдээлэхдээ Очи тэргүүтэй Мобикомын гурван удирдах ажилтан 4G цахилгаан холбооны сүлжээний туршилт хийхээр хилийн бүсэд очсон бөгөөд тус компани "нэвтрэхээсээ өмнө хилийн цэргийн байгууллагуудад мэдэгдсэн байсан" гэжээ.
Мөн тус компани монгол хэлээр гаргасан мэдэгдэлдээ тухайн бүс нутагт нэвтрэх "албан ёсны зөвшөөрөл" авсан гэж дурдсан байна.
"Манай группийн компани болох Мобикомын үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан түймрийн ноцтой байдал болон Монголын байгаль орчинд учруулсан асар их хохирлыг бид ухамсарлаж байна" гэж KDDI компаниас ирүүлсэн цахим шууданд дурдаж Монголын ард түмэн, хэрэглэгчид болон оролцогч талуудаас уучлал гуйжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.