

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь орчимд байна.
Уул уурхайн салбарын өсөлт Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агуулга өмнөх оноос буурах хандлагатай байгаа ч зэсийн баяжмал олборлолт, баяжмал дахь цэвэр зэсийн агуулга нэмэгдэх, нүүрс, төмрийн хүдэр, алтны олборлолтын өсөлтийн нөлөөгөөр 4.1 орчим хувьд байна.
Уул уурхайн бус салбаруудын үйлдвэрлэл 2027 онд 6.0% байна. Үүнд, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг даган тээврийн салбар өсөх, боомтуудын хил холболтын бүтээн байгуулалт хийгдэх, тээврийн дэд бүтэц сайжирснаар уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний ачаа тээвэр нэмэгдэж салбарын өсөлтийг дэмжинэ.
Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүд салбарын өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа ч том малын хорогдол нэмэгдсэнээр салбарын өсөлтийг сааруулахаар байна.
Ирэх онуудад хэрэгжих томоохон төслүүд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах хөшүүрэг болохоор байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр, Дулааны III цахилгаан станцын өргөтгөл зэрэг бүтээн байгуулалтын төслүүд барилга, эрчим хүч, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг дэмжихээр байна.
2027 онд инфляц саарч 8% орчимд хүрэх төлөвтэй байна.
2026 онд хүнс, тэр дундаа мах, ногоо болон шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг тэлэх гол хүчин зүйл байсан бол ирэх онд дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн хямрал аажмаар намжиж, суурь нөлөө арилахын хэрээр эрчим нь суларна гэж үзэж байна. Мөн хүнсний бүлгийн инфляц харьцангуй тогтворжино гэж үзэж байна. Мал сүргийн тоо толгойг сэргээхэд хэдэн жил шаардагдах тул махны нийлүүлэлтийн хязгаарлалт 2027 онд ч үргэлжилж улирлын шинжтэй үнийн хэлбэлзэлтэй байх магадлалтай. Харин тариалангийн ургац сайжирснаар төмс, хүнсний ногооны үнийн өсөлт саарах боломжтой. Цаашид геополитикийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатал зэрэг эрсдэлүүд хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр нь бодитоор хэрэгжвэл инфляц төсөөллөөс дээгүүр гарах эрсдэлтэй. Нөгөө талаас дотоод эрэлтийн өсөлт удаашрах, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжлэх нь инфляцыг зорилтот түвшин рүү ойртуулах чиглэлд нөлөөлнө.
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2027 онд 6.4 тэрбум ам.долларын ашигтай байх төлөвтэй байна.
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2027 онд дунджаар 6.4 тэрбум ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт 2027 онд дунджаар 8 орчим хувиар өсөхөөр төсөөлж байна. Тухайлбал, нүүрсний баяжуулах үйлдвэрийн нөлөөгөөр нийт нүүрсэнд эзлэх баяжуулсан коксжих нүүрсний хувь хэмжээ өсөхийн зэрэгцээ нүүрсийг ангилан ялгалгүй, жигд борлуулах бодлогын хүрээнд эрчим хүчний нүүрсний эзлэх хувь мөн нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн Оюутолгойн зэсийн баяжмал дахь цэвэр зэсийн агуулга нэмэгдэж байгаагаас гадна дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ тогтвортой байх нь экспортын орлогыг нэмэгдүүлэхээр байна. Үүнээс гадна төмөр замын суурь дэд бүтцийг сайжруулж, хилийн Гашуунсухайт боомтын хил холболтын ажлыг бүрэн хэрэгжүүлж дууссанаар нүүрс болон төмрийн хүдрийн экспорт тогтвортой нэмэгдэхээр байна. Хөдөө аж ахуй болон боловсруулах салбарын үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр ноолуур, арьс шир, малын мах зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхээр байна. Улмаар нийт экспорт 2027 онд 20.3 тэрбум ам.доллар хүрэхээр тооцлоо.
Ойрхи Дорнодод үүсээд буй геополитикийн хурцадмал байдал, түүнээс үүдсэн дизель түлшний үнийн өсөлт, ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд дроны халдлагад өртсөнөөр нийлүүлэлт буурч үнэ өсөн 2026 онд импорт 12.9 тэрбум ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Эдийн засгийн идэвхжил хадгалагдаж, дайны нөлөө саарч, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр импорт 2027 онд 13.9 тэрбум ам.доллар хүрнэ гэж төсөөлж байна. Мөн бараа, бүтээгдэхүүнийг импортлохтой холбоотой бүртгэлийг автоматжуулж, боомтуудын хүчин чадлыг өргөжүүлж, нэг боомт дээр төвлөрсөн ачааллыг бууруулснаар импортын барааны эргэлтийн хурд нэмэгдэх төлөвтэй байна.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.