

Санал хураалтын өмнөх өдрүүдэд Дональд Трамп болон нэр дэвшигчид эцсийн сурталчилгаагаа идэвхтэй хийж байгаа ч Ардчилсан намынхан үндэсний хэмжээний санал асуулгад давамгайлсан хэвээр байна.
Al Jazeera (2026-11-01)
АНУ-ын завсрын сонгууль болоход ердөө нэг хоног үлдээд байгаа энэ үед Ардчилсан болон Бүгд найрамдах намын удирдагчид сонгогчдыг өөртөө татахын тулд эцсийн хүчээ дайчилж байна. АНУ-Израилийн хамтарсан Ираны эсрэг дайнаас үүдэж даамжирсан амьжиргааны өртгийн хямрал нь сурталчилгааны гол сэдвүүдийн нэг болоод байна.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Ардчилсан намынхан Бүгд найрамдахчуудаас илүү хэвээр байгаа ч Сенатын хэд хэдэн суудлын төлөөх ширүүн өрсөлдөөн аль нам нь АНУ-ын Конгресст хяналтаа тогтоохыг шийдвэрлэхээр байна.
Ням гаригт Ерөнхийлөгч Дональд Трамп Айова болон Канзас мужид сурталчилгаагаа хийсэн бол исламофоби халдлагад өртөх болсон Ардчилсан намаас нэр дэвшигч Абдул Эл-Сайед Мичиган мужид арга хэмжээнүүдээ зохион байгууллаа.
АНУ-ын завсрын сонгуулийн сүүлийн үеийн санал асуулгууд юуг харуулж байна вэ?
"RealClearPolling"-ийн хамгийн сүүлийн үеийн үзүүлэлтээр Ардчилсан намынхан Бүгд найрамдах намыг 51.5%-иар тэргүүлсэн хэвээр байна.
10-р сарын 28, 29-ний өдрүүдэд явуулсан үндэсний хэмжээний "THP/MM" судалгаагаар Ардчилсан намынхан 54%-иар, 41%-ийн эсрэг илүү байсан бол 10-р сарын 24-нөөс 26-ны хооронд явуулсан "Emerson College"-ийн санал асуулгаар Ардчилсан нам 10%-ийн давуу талтай байгааг харуулжээ.
Улс төрийн шинжээч, санал асуулга зохион байгуулагч Натали Жэксон "Аль-Жазира" агентлагт өгсөн ярилцлагадаа эдгээр үр дүн нь иргэд, олон нийт Трамп болон эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгааг илэрхийлж байна гэлээ.
“Санал асуулгын дүнгүүд Ардчилсан намд нэлээд таатай уур амьсгалыг харуулж байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд маш доогуур байгаа бөгөөд америкчууд тарифийн өөрчлөлт болон Ираны дайнаас шалтгаалсан өндөр өртгийн дарамтыг мэдэрч байна. Ерөнхийдөө Бүгд найрамдахчууд сүүлийн хоёр жилд амласандаа хүрээгүй гэж үзэж байна”.
Канзас мужид Баасан гаригт нийтлэгдсэн "Washington Post-Schar School"-ийн санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Адам Хэмилтон 52%-ийн саналтайгаар Бүгд найрамдах намын Сенатор Рожер Маршаллаас (43%) илүү байгааг харуулжээ.
Гэвч "Emerson College"-ийн өөр нэг судалгаагаар өрсөлдөөн илүү ширүүн байгааг зааж, Хэмилтон Маршаллаас 50% ба 47%-ийн харьцаатайгаар ялимгүй түрүүлж байна.

Бүгд найрамдах намын стратегич, Бүгд найрамдах намын Үндэсний хорооны харилцаа холбооны захирал асан Даг Хэй "Washington Post-Schar School"-ийн судалгааны 9%-ийн зөрүүтэй давуу талд эргэлзэж байгаагаа илэрхийлэв.
“Энэ хэрхэн төгсөхийг би мэдэхгүй, гэхдүү та бүхний мэдэж байгаагаар ердөө хоёр жилийн өмнө Айова мужид гарсан санал асуулгын туйлширсан дүн нийт санал асуулгад маш том хохирол учруулсан” гэж Хэй хэлэв.
Тэрбээр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн хоногийн өмнө нийтлэгдсэн "Des Moines Register"-ийн санал асуулгыг дурдсан бөгөөд уг судалгаагаар Камала Харрис Айова мужид Трампаас 3%-иар илүү явж байжээ. Гэвч Трамп тус мужид 13 орчим хувийн зөрүүгээр ялалт байгуулсан нь санал асуулгын зөрүүнээс бүтэн 16%-ийн зөрүүтэй байсан юм.
“Бүгд найрамдахчуудын олонх нь санал асуулгын дуудлагад хариулахыг хүсдэггүй” гэж тэр нэмж хэлэв.
Мөн шинжээч Жэксон санал асуулгууд Сенатын тойргуудын үр дүнг яг таг тусгаж чадахгүй байж магадгүй гэдгийг тэмдэглэв. “Зарим бие даасан болон ялангуяа ширүүн өрлөлдөөнтэй Сенатын тойргуудад бид санал асуулгын алдаа үр дүнг аль нэг рүү эргүүлэхийг харж болно” гэж тэр хэлэв. “Санал асуулга явуулагчид Бүгд найрамдахчуудыг санал асуулгад оролцуулахад зарим нэг хүндрэл гарч байгааг мэдээлсэн. Энэ нь санал асуулгууд Бүгд найрамдахчуудын рейтингийг дутуу үнэлж байж болзошгүйг илтгэж байгаа ч саналыг тоолж дуустал бид мэдэх боломжгүй”.
Сонгууль ойртох тусам хоёр нам эцсийн сурталчилгааны мессежээ эдийн засаг, амьжиргааны өртөг дээр төвлөрүүлж байна.
Ардчилсан намынхан иргэдийн худалдан авах чадварын асуудалд анхаарлаа хандуулж байгаа бол Трамп ширүүн өрсөлдөөнтэй тойргуудын Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдэд зориулж утасны цуглаануудыг зохион байгуулж байна.
Хэй хэлэхдээ Бүгд найрамдахчууд өөрсдийн эдийн засгийн бодлого нь улс орны нөхцөл байдлыг сайжруулна гэдэгт сонгогчдыг үнэмшүүлж чадахгүй байна гэлээ. Бүгд найрамдахчууд эцсийн шатанд үнэмшилтэй мессеж олж чадсан уу гэсэн асуултад тэрбээр “Үгүй ээ, чадаагүй. Энэ бол тэдний тулгарч буй томоохон бэрхшээлийн нэг хэсэг” гэж хариулав.
Бүгд найрамдах намын стратегичийн үзэж байгаагаар нэр дэвшигчид сонгогчдын хөндөж буй асуудлууд, ялангуяа, эрчим хүч, эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүн болон өдөр тутмын хэрэглээний зардалд анхаарлаа хандуулах хэрэгтэй аж.
“Гэр бүлүүд эдийн засгийн маш бодит шийдвэрүүдийг гаргаж байна. Та тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх гэж байгаагаа тэдэнд хандаж хэлэх ёстой” гэж Хэй өгүүлэв.
Мичиган дахь Эл-Сайедын сурталчилгааны багтай ажиллаж буй Ардчилсан намын стратегич, санал асуулга явуулагч Селинда Лэйк хэлэхдээ, Ардчилсан намынхан хэрэв Конгрессыг хяналтандаа авбал юу хийж бүтээх вэ гэдэг асуулттай тулгарч байна гэлээ. “Ардчилсан намын талаарх сэтгэгдэл ч мөн адил сөрөг байна, энэ нь Ардчилсан намыг эергээр хүлээж авч байсан 2018 оныхтой харьцуулахад маш өөр байна” гэж тэр хэлэв. Лэйкийн хэлснээр олон сонгогчид өөрчлөлтийг хүсэж байгаа ч хоёр намын аль нь ч ялгаагүй эргэлзээ төрүүлсэн хэвээр байна.
Трамп Ням гаригт Айова, Канзас мужид цуглаан хийлээ. Ерөнхийлөгч эхэндээ энэ хоёр арга хэмжээг цуцалсан байсан ч Баасан гаригт шийдвэрээсээ буцсан юм.
Айова мужид, Сенатын ширүүн өрсөлдөөнтэй тойргуудын нэгэнд Трамп Ардчилсан намын Жош Турекийн эсрэг өрсөлдөж буй Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эшлигийн сурталчилгаанд оролцлоо. Канзас мужид Сенатор Маршалл мөн Ардчилсан намын Адам Хэмилтоны эсрэг ширүүн тэмцэлд дахин сонгогдохоор зорьж байна.
Энэ муж нь 1932 оноос хойш Сенатад Ардчилсан намын гишүүнийг сонгоогүй боловч газар тариалангийн зардал өссөн болон Трампын цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээг эсэргүүцэх явдал нэмэгдсэн нь өрсөлдөөнийг ширүүн болгож байна.
Үүний зэрэгцээ Эл-Сайед Сенатын суудлын төлөөх өрсөлдөөнд Бүгд найрамдах намын Майк Рожерсыг ялахын тулд Мичиган мужийн Детройт болон Саутфилд хотуудад сурталчилгаагаа хийхээр төлөвлөөд байна.
Эл-Сайедын сурталчилгааны багт ажиллаж буй Лэйк хэлэхдээ нэр дэвшигч маань амьжиргааны өртгийн асуудлыг өөрийн мессежний гол цөм болгосон гэв. “Түүний байр суурь маш тодорхой. Тэрбээр ‘Улс төрөөс мөнгийг гаргаж, таны халаасанд мөнгө үлдээж, хүн бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ’ гэж хэлж байгаа”. Тэрбээр Мичиган дахь өрсөлдөөн сонгогчдын ирцээс ихээхэн шалтгаална гэдгийг онцоллоо. “Өрсөлдөөн үнэхээр ширүүн байх болно гэж би бодож байна. Бидний гол анхаарч буй зүйл бол ирц юм” гэв.
Мэдээллээс үзвэл 51 сая гаруй америкчууд хэдийнэ саналаа өгөөд байна. Хоёр нам хоёулаа сонгогчдыг шуудангаар санал өгөх системийг ашиглах, эсвэл Мягмар гаригт саналаа өгөх төлөвлөгөө гаргахыг уриалж байгаа юм.
Гэвч урьдчилж өгсөн саналын тоо нь аль нам ялахыг харуулж чадахгүй, учир нь тэдгээр сонгогчид хэнд санал өгсөн нь тодорхойгүй байдаг.
Ардчилсан намын стратегич Лэйк хэлэхдээ ирц бол сонгуулийн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг байх болно гэлээ. “Трамп Бүгд найрамдахчуудыг үнэхээр нэгтгэж чадсан уу? Ардчилсан намынхан дээд амжилт тогтоохуйц олноороо гарч ирэв үү?” гэсэн асуултууд хариултаа хүлээж байна. Тэрбээр мөн залуу сонгогчид болон хүйсийн зөрүүг сонгуулийн үеэр анхаарах ёстой чухал үзүүлэлтүүд хэмээн тодорхойлсон байна.
Улс төрийн шинжээч Жэксон хэлэхдээ сүүлийн нэг хоёр хоногт улс төрийн уур амьсгалд томоохон өөрчлөлт гарахгүй байх магадлалтай гэв. “Үндэсний хэмжээнд ямар нэгэн зүйл бодитоор өөрчлөгдөх магадлал бага байна. Эдгээр өрсөлдөөн дундаас орон нутгийн чанартай зарим нэг өөрчлөлтийг харж болох ч одоогийн байдлаар бүх зүйл нэгэнт тодорхой хэмжээнд тогтсон”.

Төлөөлөгчдийн танхимын нийт 435 суудал, Сенатын 35 суудал эзнээ хүлээж байна.
Ардчилсан намынханд хоёр танхимд хоёуланд нь олонх болохын тулд Төлөөлөгчдийн танхимд цэвэр гурван суудал, Сенатад дөрвөн суудал нэмж авах шаардлагатай байгаа юм.
Санал асуулгууд Ардчилсан намыг илүү байгааг харуулж байгаа ч Сенатын хяналт нь Мичиган, Техас, Канзас, Айова, Хойд Каролина, Аляска зэрэг мужийн өрсөлдөөнөөс шалтгаална.
Жэксон хэлэхдээ санал асуулгууд Сенатын тойргуудын үр дүнгээс илүүтэй үндэсний хэмжээний улс төрийн ерөнхий дүр зургийг илүү тодорхой харуулдаг гэв. “Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонх болно гэдэгт бид нэлээд итгэлтэй байж болох ч Сенатын дүр зураг тодорхойгүй байна” гэж тэр "Аль-Жазира" агентлагт ярьжээ.
Бүгд найрамдах намын стратегич Хэй мөн Төлөөлөгчдийн танхим болон Сенатын өрсөлдөөний ялгааг тэмдэглэв.
Сонгогчид Мягмар гаригт нэр дэвшигчдэд саналаа өгөхөөс өмнө эцсийн уриалгаа хүргэх Ням, Даваа гаригууд үлдээд байна.
Сонгуулийн хэсгүүд Мягмар гаригийн орой хаагдах бөгөөд анхны үр дүнгүүд үүний дараахан гарна гэж хүлээж байна. Гэсэн хэдий ч ширүүн өрсөлдөөнтэй зарим тойргийн үр дүн гарахад илүү хугацаа шаардагдаж магадгүй.
Хэй хэлэхдээ сонгууль хэрхэн өрнөхийг баримжаалахын тулд Индиана, Кентукки мужийн үр дүнг ажиглана гэв. “Тийм ээ, би хамгийн түрүүнд хаагддаг Индиана, Кентукки гэсэн хоёр мужаас эхэлнэ” гэж тэр хэллээ.
Гэвч Жэксон Сенатын тойргуудын үр дүн сүүлчийн санал асуулгын таамаглалаас зөрж магадгүйг анхааруулав. “Санал асуулгад ийм зүйл тохиолдох боломжтой” гэж тэр хэлээд, санал асуулгын алдааны цар хүрээ болон чиглэл нь саналыг тоолж дууссаны дараа л тодорхой болно гэдгийг нэмж хэлэв.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.