НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв
АНАЛИЗ

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Энэ долоо хоногт "Binance" биржээс $6 тэрбум хакердсан нь крипто салбарын түүхэн дэх хамгийн том халдлагад тооцогдож байгаа бөгөөд Умард Солонгосын хакеруудын олон жилийн улайм цайм цахим гэмт хэргийн дундаас хамгийн их хохирол учруулсан тохиолдол болж байна.

The New York Times (2026-10-31)

Бямба гаригт Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ноос энэ долоо хоногт "Binance" бирж рүү хийсэн хакерын халдлагыг Умард Солонгос үйлдсэн болохыг зарласан бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том крипто дээрэмд тус дэглэм оролцсоныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болов.

Дэлхийн хамгийн том крипто валютын бирж болох "Binance"-ийг үндэслэгч Чанпэн Жао. 2025 он.

Ядуу буурай, тусгаарлагдмал, олон улсын хатуу хоригт байдаг Умард Солонгос улсыг тэрбум долларын дээрэм хийх чадвартай хакеруудын элит армитай гэж төсөөлөхөд бэрх. Гэвч тус дэглэмийн цахим халдлагууд улам нарийн зохион байгуулалттай болж, Умард Солонгосын цэргийн болон цөмийн зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд асар их хэмжээний хөрөнгө хулгайлж байгааг аюулгүй байдлын албаны хүмүүс олон жилийн турш анхааруулсаар ирсэн юм.

Дэлхийн хамгийн том крипто валютын бирж болох "Binance" хакеруудад $6 тэрбум алдсанаа зарласнаар дээрх болгоомжлол энэ долоо хоногт батлагдаж байна. ХМТ бямба гаригт Умард Солонгосын "TraderTraitor" гэх хакерын бүлэглэлийг уг халдлагыг үйлдсэн хэмээн буруутгасан бөгөөд крипто судалгааны компаниудын мэдээлснээр тэд өмнө нь ажиглагдаж байгаагүй мөнгө угаах шинэ арга барилыг ашигласан байна.

Халдлагын нарийн ширийн зүйлсийг одоо тодруулж байна. "Binance" эхэндээ хакерууд инженерийн зөөврийн компьютерт нэвтэрч зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн. Гэвч баасан гаригт гаргасан шинэчилсэн мэдээлэлдээ "халдлагад өртсөн нэмэлт сувгуудыг" илрүүлсэн гэв. ХМТ-ны мэдээлж буйгаар "TraderTraitor"-ийн гишүүд хулгайлсан хөрөнгөө "Ethereum" руу хөрвүүлж байгаа нь ажиглагджээ.

Умард Солонгосын хакерын бүлэглэлийг шилдэг программ зохиогч оюутнуудын бэлтгэгдсэн урсгал тэжээж байдаг бөгөөд тэд олон жилийн турш банкууд болон компаниудын системд нэвтэрч, крипто салбарын өсөлтийг овжиноор ашигласаар ирсэн. НҮБ-ын шинжээчдийн баг 2024 оны тайландаа тус дэглэмийн цахим халдлагууд нь гадаад валютын орлогынх нь бараг тал хувийг бүрдүүлж олон тэрбумын ашиг олж байгааг тогтоожээ. Тус дэглэм нь өнөөдөр дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн өндөр чадамжтай цахим аюул заналуудын нэг болсон гэдэгтэй шинжээчид санал нэгддэг.

Умард Солонгосын урьд өмнө үйлдсэн хамгийн цуутай халдлагуудыг эргэн сөхвөл:

Умард Солонгосын удирдагчийн амь насыг хөнөөх тухай өгүүлдэг "The Interview" (Ярилцлага) киног бүтээсэн "Sony Pictures" компанийн компьютерын систем 2014 онд хакерын халдлагад өртөж байжээ.

2014 он: "Sony" руу хийсэн халдлага

2014 онд технологи, медиа салбарын аварга компани "Sony Pictures" Умард Солонгосын удирдагчийн амь насыг хөнөөх тухай уран зөгнөлт, инээдмийн "The Interview" киног нээхээр бэлтгэж байв.

Тэр үед Умард Солонгосын засгийн газрын дэмжлэгтэй далд үйл ажиллагаа явуулдаг "Lazarus Group" хакерын синдикаттай холбоотой этгээдүүд тус компанийн компьютерын системд нэвтэрсэн гэж АНУ-ын албаныхан мэдэгдсэн. (ХМТ-ноос "Lazarus" болон "TraderTraitor" нь хоёул тус дэглэмийн дэмжлэгтэй нэг л хакерын багийн халхавч гэж үзсэн байдаг).

Уг халдлагыг улмаас компанийн удирдлагуудыг эвгүй байдалд оруулсан цалин хөлсний мэдээлэл бүхий дотоод баримт бичгүүд задарч, терабайт хэмжээний өгөгдөл хулгайлагдсан байна.

Умард Солонгос улс энэ халдлагын хариуцлагыг албан ёсоор хэзээ ч хүлээж байгаагүй. Гэвч тухайн үед тус улсын дарангуйлагч Ким Жон Ун уг киног "террорист ажиллагаа" гэж нэрлэж байжээ.

2016 он: Тусгайлан бүтээсэн хортой программ (Malware)

2016 онд Умард Солонгосын хакерууд Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкнаас $1 тэрбум орчмыг хулгайлахыг оролдсон байна. Тэднийг ердөө ганц үг үсгийн алдаа л зогсоож чаджээ.

Хакерууд "SWIFT" хэмээх төлбөрийн мэдээллийн системийг ашиглан Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкийг Филлиппин дэх данс руу мөнгө шилжүүлэхийг ятгаж чадсан байна. Тэд Бангладешийн Төв банкны дансыг тонож байх үед "foundation" гэдэг үгийг "fandation" хэмээн буруу бичсэн зарлагын хүсэлт банкируудын сэжгийг төрүүлжээ.

Гэсэн хэдий ч хакерууд $81 саяыг авч одсон байна.

Энэхүү халдлага нь Умард Солонгосын хакерууд хэр зэрэг нарийн ур чадвартай болж буйг харуулснаараа чухал ач холбогдолтой байв. Тухайн үеийн бусад халдлагад бэлэн багаж хэрэгсэл ашигладаг байсантай харьцуулахад, хулгайчдын энэ дээрэмд зориулан бүтээсэн хортой программ нь тухайн банкинд тусгайлан тохируулсан код байжээ. Үүнийг шинээр бичсэн тул тухайн үед байсан вирусийн эсрэг программууд илрүүлэх боломжгүй байв.

Криптогийн өсөлт ба уналт

Вашингтонд төвтэй "Stimson Center" судалгааны хүрээлэнгээс гаргасан Умард Солонгосын талаарх тайланд дурдсанаар 2010-аад оны дундуур крипто валютын зах зээл огцом өсөх үед Умард Солонгос энэ салбарын компаниудыг бай болгож эхэлсэн бөгөөд 2020 он гэхэд крипто биржүүд рүү чиглэсэн өргөн хүрээний халдлагуудыг хийх болжээ.

Тэднийг 2017 оны 1-р сараас 2018 оны 9-р сарын хооронд крипто биржүүдээс $571 сая, 2019 оноос 2020 оны 11-р сарын хооронд $316 саяыг хулгайлсан гэж буруутгаж байв.

Тоглогчид крипто валютаар хөрвүүлэх боломжтой токен хождог, блокчэйнд суурилсан, тоглож олох (play-to-earn) зарчимтай "Axie Infinity" видео тоглоомыг тоглож буй нь.

Коронавируст цар тахлын улмаас хилээ хааж, банкууд хакеруудын эсрэг хамгаалалтын системээ бэхжүүлсэн тул крипто валютын хулгай нь тус дэглэмийн хувьд гадаад валют олох улам бүр чухал эх үүсвэр болж хувирчээ.

2022 онд АНУ "Lazarus Group"-ийг "Axie Infinity" видео тоглоомоос $620 саяын крипто валют хулгайлсан хэмээн буруутгасан.

Крипто аналитик "Chainalysis" компанийн мэдээлснээр тухайн онд Умард Солонгосын олз $1 тэрбумд хүрсэн бөгөөд салбарын жилийн нийт алдагдлын 50 хувийг Умард Солонгосын хакеруудын халдлага дангаараа бүрдүүлж байжээ.

Зах зээлийн огцом уналтуудын түүхийг харвал крипто нь тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр байж чадахгүй. Гэвч цар тахлын үеэр Умард Солонгос улс бүрэн тусгаарлагдсан байх үед крипто биржүүдийг хакердах нь халдвар авах эрсдэлгүйгээс гадна төрийн хяналт султай энэ салбарт мөрөө нуухад хамгийн тохиромжтой орлогын эх үүсвэр болж байв.

2025 он: "Bybit" бирж рүү хийсэн халдлага

2025 оны 2-р сард Умард Солонгосын хакерууд тухайн үеийн крипто салбарын түүхэн дэх хамгийн том дээрмийг үйлдэж $1.5 тэрбумын крипто валют хулгайлсан болохыг ХМТ мэдээлсэн юм.

Уг халдлагыг үйлдэхийн тулд хакерууд "Bybit" крипто биржийн үнэгүй программ хангамжийн сул талыг нь ашигласан байна.

"Bybit"-ийн гүйцэтгэх захирал Бен Жоу 2024 оны нэгэн бага хурлын үеэр.

Умард Солонгосын хакерууд "Bybit"-ийн гүйцэтгэх захирал Бен Жоуг хуурч ердийн мэт харагдах гүйлгээг батлуулснаар биржийн системийг хяналтдаа авчээ.

Тэд "Bybit"-ийг тоносныхоо дараа хулгайлсан хөрөнгөө онлайн крипто хэтэвчнүүдийн асар том сүлжээнд тараан байршуулсан бөгөөд энэ нь тэдний дээрмийн мөнгөө угаах стратеги байв.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал

Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал