2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улиран одож, “Сүрээр дарагч” гал морин жил хурдалсаар ирлээ. Монголын улс төрд могой жил элдвийг үзүүлж, “үр могой”-н мөн чанарыг ухааруулсан, таниулсан сургамжит жил болж өнгөрлөө.
Гал: Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Гал суудалд суусан улстөрч бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байв. Эхэндээ, Эрчим хүний сайдын тамга гардахдаа “Эхний ээлжинд Амгалан дулааны станц, ТЭЦ 3-ийн өргөтгөлийг барина. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт дулааны эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Ямартай ч аргална даа” гэж байсан түүний арга, чарга барагдаж, "Чойжоо дүгжүү" мянга уншуулаад ч нэмэргүйд хүрчээ. Товчхондоо, Монголын эрчим хүчний салбарыг бурхан Будда, есүс Христ, аллах Мухаммед байлаа ч аварч чадахгүй.
Хагас дутуу ашиглалтад орсон Бөөрөлжүүтийг эс тооцвол Б.Чойжилсүрэнгийн үед эрчим хүчний салбар авлигадаа шатаж, 10 аймгийн дулааны станц үнс болон үлдэв. Тавантолгойн цахилгаан станцын сураг “түг жог”. Тавдугаар цахилгаан станц баригдсангүй.
Улаанбаатар Б.Чойжилсүрэнгийн “бетонон ой” сүндэрлэхийн хэрээр нийслэлийнхэн эрчим хүчний хомсдол орсоор. Ийнхүү салбараа “шатаасан” түүнд Ерөнхий сайд 100 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд эрчим хүчний салбарт лам биш бодлого хэрэгтэйг эрх биш ухаарсан байгаасай гэж найдъя.
Шороо: Х.НЯМБААТАР
Могой жилийн шороон суудалд суугч бол хотын дарга Х.Нямбаатар байлаа. Боржуур ч сольж, хавтан ч шинэчилж, газар шороо ухсаар дууссан. Явган хүний зам талбайн тохижилтод 32 тэрбумыг үрсэн бяртай ч, баян ч хотын дарга тэрбээр эл суудлаараа “түүхэнд” үлдэх нь дамжиггүй. Харин түүний “бүтээн байгуулалт”-ууд нийслэлчүүдийн хувьд гашуун сургамж болох нь гарцаагүй.
Ерөнхий сайдаас Л.Оюун-Эрдэнийг огцорсноос хойш “мань эр”-ийн зан харилцаа өөрчлөгдөж, иргэдээ “чи юу гээд байгаа юм бэ” гэж зандарч явсан тэрбээр их сайхан ааш, араншин гаргах болсон билээ.
Шороонд суусан хүн хаврын гурван сар болгоомжтой байж, шороо чулуу хөдөлгөхдөө анхаарна гэж зурхайд заасан байдаг.
Мод: Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ модон могой жилийн модон суудалд суужээ. Түүний хүү О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ өгсөн бэлэг, сүй тавьсан орчин, нөхцөл олны бухимдлыг төрүүлж, нийгмийн уур амьсгалыг зөөрлүүлэх гэж гаргаж ирсэн “баян” худ нь түлээний модчин байсан нь зууны шилдэг онигоо болсон билээ. Бүтэл нь бөгсөөрөө эргэсэн инээдмийн, эмгэнэлт драмын төгсгөлд галч, түлээчин хоёр “эвдэрхий тэвшний”-хээ дэргэд ээрүүлээ бариад үлдсэн билээ.
Огторгуй: ТАТВАРЫН БАЙЦААГЧИД
Татваргүй орноос татварын туршлага хуримтлуулахаар Дубай явсан татварын дунд шатны хурган дарга нар огторгуй суудалд суусан билээ. Онгоц хөлөглөн зугаалсан тэдний зардлыг хотын дарга Х.Нямбаатар даасан гэх. Мэдээж, тэрхүү мөнгө Х.Нямбаатарын хувийн мөнгө биш дампуурсан, дампуурах шахсан, дампуурахад бэлэн байгаа “татвар төлөгч”-дийн цус, нулимсаараа цуглуулсан татвар болох нь тодорхой. Татваргүй улсад зугаалсан татварын дарга нараас нэг нь ажлаасаа халагдаж, бусад нь тушаал буурсан. Гээд Монголын хууль гурван хоног. Маргааш тэд улам дээшээ “нисэж”, улам их мөнгөөр зугаалахыг хэн мэдлээ.
Ус: О.БАТНАЙРАМДАЛ
Эр хүний нулимсыг үзэхийг монголчууд таашаадагүй. Гэвчиг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал чухам юунаас болж уйлсныг олон хүн ойлгоогүй өнгөрсөн. Оюутолгойн сонсголыг зохион байгуулсны дараа тэрбээр хамтдаа байсан ард түмэндээ баярласнаа илэрхийлэхдээ хоолойгоо зангируулан хэсэг “уйлах” дүр үзүүлснээрээ тэрбээс усан дээр суусан улстөрчөөр нэрлэгдэж байна. Эмзэг танхил улстөрч маань ирж буй хавар их л олон уйлж магадгүй байгаа билээ. Учир нь, Б.Энхбаяр халуухан хавар болно гэсэн. Халуухан хавар хаа сайгүй “ус, нулимс” болсон улстөрчдөөр Төрийн ордон дүүрч мэдэх л юм даа.
Хий: Х.БАТТУЛГА
УИХ-ын гишүүн болсон цагаасаа л чуулганы хуралдаандаа огт суудаггүй тэрбээр “хий” суудалд суусан улстөрчөөр нэрлэгдэж байна. Хэдийгээр ээж нь хуралдаа суухыг загнаж байгаа ч Х.Баттулгын хувьд хууль батлалцах гэж гишүүн болоогүй билээ. Өөрийнх нь эрх ашиг хаана байна, үе гарч ирээд алга болдгоос нь харвал Төрийн ордны “хий үзэгдэл” ч юм шиг. Хамгийн сүүлд гэхэд О.Цогтгэрэлийг зангандаа оруулсан нь өвөртөө гэрэгэ хийхийн тулд биш нь ойлгомжтой. Л.Оюун-Эрдэнийн улсын хилийг зарсан асуудлыг өөр тийш нь эргүүлэх херотехнологийг хийлцсэн байх магадлал ч өндөр, хардлага ч өндөр. Хамгийн гол нь Төрийн ордны “хий үзэгдэл” маань Төрийн ордын “буг, чөтгөр” болчихгүй байвал яамай.
Уул: Ч.ЛОДОЙСАМБУУ
Хэнтийн өндөр ууланд 20 хоног ганцаараа амьдарсан Ч.Лодойсамбуу гишүүн ууланд суудалтай хүнээр тодорч байна. Тэрбээр “уулын хүн” болсон нь блогоо хийж, номоо гаргах зорилготой гэдгээ тэрбээр өөрийн нүүр номоороо зарласан. Ууланд ганцаараа ч, бодолдоо олуулаа амьдарсан ямартай ч ганзага хоосон ирсэнгүй бололтой. Харин АН-ын шинэ Үндсэн дүрэмд заасан Нийслэлийн АН-ын даргаар 3-аас доошгүй жил ҮБХ байсан хүнийг өрсөлдүүлнэ гэсэн заалт “түүнд” хаяглагдсан гэх яриа ч гарсан бий. Ямартай ч тэрбээр энэ удаад Нийслэлийн АН-ын даргаар өрөлдөх шаансгүй үлдэж байна.
Төмөр: Ж.БАТ-ЭРДЭНЭ, Ш.АДЬШАА
Модон могой жилийн төмөр дээр суусан хүмүүсээр Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нарыг нэрлэж болно. Учир нь, тэд зүүсэн “төмөр” энгэрээ олсонгүй гэх шүүмжлэлд өртсөн. Шүүмжлэл ч бас үнэний ортой. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нь Монгол Улсын Гавьяат хуульч цол тэмдгээр шагнуулсан. Хэдийгээр хуульч мэргэжилтэй ч, хууль тогтоох байгууллагад дөрвөн жил суусныг эс тооцвол хуулийн салбарт төдийлөн ажиллаагүй, гавьсан гавьяа багатай хүн. Тэгвэл Х.Булгантуяагийн оронд УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ нь Гавьяат тээвэрчний тэмдгээр энгэрээ мялаасан. Тээврийн салбарт оруулсан хувь нэмэр гэхээсээ энэ салбараас хөлжиж, бэлжсэн гэвэл илүү үнэнд нийцнэ.
Эцэст нь, могой жилжингээ цагирагласан эдийн засаг маань морь жил урагшаа давхих болтугай.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19