

Цэндийн Доржготов
(Замдаа ухаалаг нийтлэлтэй mono сайтынд буугаад мордъё)
50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд алга болжээ. Тэтгэврээ хүртээд үхлээ хүлээгээд нүдээ аниад эрихээ имэрч хэвтэхэд үр хүүхдээс хааяа халиад толгойд ердөө гуравхан санаа эргэлдэх болж. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь шатахууны хараат байдлаас гарах. Гурав дахь нь эрчим хүчний эх үүсвэр. Цэлгэр нутгаа туучин амьдралаа залгуулахад бидэнд асар их шатахуун, алс холын өнцөг буланд эрчим хүч түгээхэд маш урт сүлжээ орно. Шатахуун цахилгааныхаа хугасыг ч атугай өөрөө үйлдвэрлэхгүй бол хэт үнэтэй импорт босгохгүй нь. Муу нэрт монголчууд-муу нь муу. Гэвч муугийн маань цаана хүч мөхөстсөн эмгэнэл оршдог. Ядмаг арчаагүйгээ бид соёлт ертөнцөд таниулж чаддаггүй бүрэг дорой амьтад. Маниус социалист лагерийн харанхуй мухарт хашигдаж, холын байтугай ойрын мэдээгүй коммунист сурталд хууртсаар ХХ зууныг сохор дүлий барсан. Цөөн буурай бидэнд зөв юм байв ч хэлэх эрхгүй явж ирлээ. Томчуудын үг төрийн мэдэгдэл болдог тул тэд үгээ цэнэдэг. Тэдний илэрхийлж зориглолгүй залгисан үгийг (тухайлбал оросуудад) түгээх боломж зохиолчдод ардчилал олгов. Кремлээс айхдаа бид орос ахаа өмөөрдгөөрөө хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа хөгжүүлж ирэв. Улаан орос гэгч хэн бэ? Ленин! Тэр-суут болъщевик, улаантны загалмайлсан эцэг. Зөв нь буруугаа зөөлөн нь хатуугаа элээдэг гэх ардынхаа сургаалаар нийтлэлийнхээ хураангуйгаар даган баясав. Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал алга. Үр дүн гарахгүй бол жагсаад ашиггүй, шатаж үхээд амины гарз. Насны эцэст би нэг дүгнэлтэд хүрэв. Дүгнэлт маань “Хөгжлийн гол түгжээ бол унхиагүй хүн ам” гэх гутрал. Хулхидуулж буйгаа мэдрэхгүй дүйнгэтээд байвал хөгжих бүү хэл сэхэх ч үгүй. Үнэнийг бичээд тоох амьтангүй болж. Далд дутагдал сөхөөд төр засаг хайхрахгүй тул хөндсөн сэдвээ яваандаа хойч үе анхаарч магад гэж горьдоод янших юм. Мега төслүүд гацааж, буурай олныг минь хорлогчдыг би ад болтлоо шүүмжилсэн. Миний сонордуулдаг баримтууд улиг болсон тул унших хүн цөөрсөөр. Гэлээ ч “завтай нь тухтай зугаацаж юу магад” гээд сайтдаа тавих юм. Ярвигтай өвөөгөө өршөөгөөрэй.
1960-аад оны дундуур миний дотны найз зохиолч Б.Жамд агсан Тоншуулын хариуцлагатай нарийн бичгийн дарга байхдаа “Залуу шогчдын клуб” ажиллуулж Бавуугийн Лхагвасүрэн, Шагдайн Цэнд-Аюуш, И.Цэрэнжамц, Д.Пушкин, М.Цэдэв нар авъяасаа нээсэн гэдэг юм. Б.Жамдын минь үүсгэсэн клубээс л бидний бүтээл дэлхийн цээнд хүрэх замдаа орсон доо. Тоншуулынхаа өрөөг дурсах сайхан. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Л.Гаваа, Ц.Доржпалам, А.Гүрсэд, В.Одгийв, Ц.Гайтав, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Жамцын Шагдар, П.Пүрэвсүрэн, Ж.Лхагва нар цэц мэргэнээрээ гангарч хөхрөлдөх тамхины өрөө нь Тоншуул байж.
Цуурахад аюулгүй цэг Монголд өөр байгаагүй байх. Тийм эрхэмсэг орчинд зохиол бичиж, зураг зурж гэдсээ тэжээсэн минь өчүүхэн миний хувьд ямар ч хүчирхэг сэнтийнээс солишгүй өндөрлөг билээ. “Тоншуул”-ын хэд гэгчид хошин шог гэх марзан юм бичих зурахаас цаашгүй, хэн ч тоодоггүй жижиг гарууд. Дотроо бол түүхэнд үлдэх уран бүтээлчид гээд цөм додигор. Нэг үгээр инээдэмтэй өчүүхэн амьтад. Амь зуулга болсон мэргэжлээ аль хэр эзэмшлээ гэж төгсөх агшиндаа цэгнэдэг аж. Энэ бол насны эцэст хүн бүрт тохиодог жам ёсны эргэцүүлэл. Гараас нь брак бус брэнд төрдөг зонтой улс хөгжиж байна. Бичих зурах шальгүй мэргэжлээр би амьдарчээ. Ийм л юм бичиж, ийм л юм зурж гэдсээ тэжээж өвөө нь.

Шоовдор мэргэжлээ бүү унтраасай, авъяаслаг залуус бадраагаасай гэж залбираад, энэ даруу салбарт үлдээсэн мөрөө өгсөх шатаар нэг ч атугай гишгүүр алхаж уу гэдгээ хойч үедээ шалгуулахаар толилуулав. Бүрлээч болсон хойно юу ч хэрэггүй л дээ. Гагцхүү хошин сэтгэлгээ үе үеийнхний авъяасаар хөгжих учиртайг ерөөх-тонилохдоо өргөх зул юм уу даа. Анд С.Зоригийгоо хөнөөхийг Ц.Элбэгдорж захиалсан гэх дуулианаар ардчиллын анхны хэдийг амьтны адаг адсаганы шороо гэх зүхэл МАН-аас, бүр АН-аас ч сад тавив. Лам хувраг удмаа хөнөөлгөж, нударган гэж ад үзэгдсэн жир айлын нулимстайгаа холилдож өссөн хүү би 1990 оны ардчиллыг сэдэгч залууст хөл газар хүрэхгүй баярласан буурай нарын нэг. Шоолох гэж хорхойсох мунхаг талдаа ойрынх. Шашин шогд тааламжгүй ханддаг. “Муу хүн шооч мухар үхэр сэжээч” гэх ардын үг ч бий. Гэлээ ч мэдрэмж гижигдэж, ухааны бөглөө сэтгэгч уран хошигнолоо хүн гэгч амьтан хаясангүй. Нам засаг хошин шогийг хогийн шүүр болгон ашиглатал өөрсдийнх нь булайг онгичиж даврав.

Анхны цасанд бээрсэн улиасны шар навч, жиндүү салхинд мөчрөөсөө зүүгдэн “төгсгөлөө зарлах” дорой авиа шивэгнэнэ. Зөв гэж бодсон болгон буруудаад буй үхжилттэйгээ өвгөн би эвлэрэхийг хичээнэ. Урвагчдын цэвдэг зүрх сэтгэлийг гадарлах тусам даралт ихсэнэ. Монголчуудаа ухаажаасай гэж шанална. Оюунлаг шударга залуус яралзаасай гэж мөрөөдөнө. Өтлөхийн далайд зүдэж хэвтэхэд хажууд нь авилгын дуулиант шившгүүд сульдаачлаа. Өөрт хамаагүй юмны төлөө шаналах-зохиолчийн шизо л доо. Миний юугаар ч солихгүй үнэт зүйл-коммунизмээс ардчилалд шилжих хүсэл. Бичмээр сэдэв нисээд ирвэл дуртай зугаацна. Бичлэгийн ур хийц-миний ба Монголын өв соёл. Шог хошин гэгч давжаа урлахуйд би хэр тааруу тэнхээгээ шавхав. Надад таарах ачаа ердөө энэ. Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэдэг. Өтлөөд жагсаалаас гарах гунигтай. Хэндээ ч гомдох билээ. Эхлээд хөгшрөл, дараа нь тэнэгрэл, эцэст нь үхэл. Төгсгөлөө наргиан мэтээр элийрч зөнөх-зовуурь намдаах хөнгөвчлөх эм л юм.
Хошин мэдрэмж минь баргар төгсгөлд тайвшрах цэнэг нэмээч. Үхлийг зөв хүлээж авах зорилго цээжинд уяатай. Жудагтайгаа зөвлөлдсөөр төгсөх юмсан. Тэр агшинд бурхан намайг хөтлөөсэй. Хошин мэдрэмж нь цалгисан хөгжилтэй дүү нартаа хайртай шүү өвөө нь.
Хошин зохиол нүгэл эс үйлдэх ичимхий дархлааг амилуулах увидастай. 86 насны өндөрлөгөөс дүү нартаа хэлэх үг энэ. Олигархиуд хулгайгаа баригдаж, хэлэх өчиггүй бажигдвал “байтлаа намайг бүр хошин шог болгох нь ээ” гэж томорч, урлагийн энэ жанрыг доромжилдог болсон байна лээ. Миний хувьд хошин шог бол ховор авъяас гэсээр нүд аних буй зээ. Ичих мэдрэмжээ түүхийн харгуйд бөхөөлгүй тээж ирсэн хүн төрөлхтөнд мэхийнэм. Оргилоо эзэлцгээсэн авъяас төгөлдөр ухаалга анд Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол болон дүү Баабар, Б.Цэнддоо, Ч.Жачин, Н.Даваадаш, П.Батхуяг, Г.Батсуурь нараасаа урам бадраасан үнэлэлт сонсож явснаа (сүүлчийнх байж ч магадгүй номондоо) үлдээх-биеэ магтах гэснийх бус баярласнаа мөнхжүүлж буй эцсийн талархал минь юм шүү.
Шударга бус нь шударгыгаа ялахад би шаналдаг. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй мэт амьдрав. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэвэл “шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээр үзэх гэж мөрөөдсөн болтой. Нэг үгээр-шударга нь шударга бусыг дийлээсэй гэж залбирдаг. Шударга бус нь шударгыгаа ялахад шаналдаг. Энэ шаналал зохиолын минь эрэл болдог. Олон хувилбар бяцхан бөндгөрт минь багтдаггүй юм. Ухаалаг гаргалгаа яралзтал сэтгэдэггүй мулгуу төрсөн муу тархиа гололтой биш, дуншиж дуншиж төрсөн ганц нэг санаагаа уншигч нартаа хоногшуулахаар би давтдаг. Сонгуульд цууд гарсан хулгайчид ялж “шударга бусын үнэмлэхүй парламент” сонгогдоход бичихгүй байж тэвчдэггүй өгөр. Хулгайч нараасаа арай цэвэрдүү лидер хоёр намд эрхбиш бий. Тийм лидер дэндүү цөөн тул тэднийг өвгөн зохиолч дэмждэг. Дэмждэг хэдийгээ нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдахад гонсойдгийн дээр хууль нулимдаг даварсан хулгайчид дахин дахин ялахад бухимдана. Гагцхүү баялаг бүтээгчдээр өндийнө гэх мугуйд үзэл минь “лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгчээр Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ (ажнай), Ж.Оджаргал, Б.Нямтайшир нарыг бичүүлээд буйг учирлая. Нэр цохох өөр баялаг бүтээгч алга. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гээд би дээрх хэдийг зүхдэггүй. Н.Багабандийн алтан бүс, Х.Бадамсүрэнгийн алтан эмээл-тэдний гоёл, УИХ-д олон жил ярвайсан Д.Дэмбэрэлд залбирч, сайдын сэнтий таван удаа 20 жил эзэгнэхдээ УИХ ёсчилсон хууль хөнжилдөө засаж, дураар яллаж, зоргоор суллагч №-1 хуульч Ц.Нямдоржийг магт гэвэл цөг л гэнэ!
Коммунизм байтугай зөвлөлтгүй хаягдсан 90-ээд онд амиа тэжээх гэж нийтээр социалист эзэнгүй өмчөөс хумсалж эхлэхэд зарим нь шударга бизнесээр чармайж, сортоотой нь бэлжиж, аав ээж, ах дүүгээ баярлуулсан. Ардчилал, зах зээлийн эхний зэврүү үед хөл дээрээ өндийсөн цөөвтөр залуусын дунд Сү.Батболд гэх нэр сонсогдож байв. Өндийсөн сүйхээтэй залуустаа ядуурч доройтсон эх орноо өөд татах найдвар тавихаас өөр замгүй. 17 чингэлэг спирт, “Хадгаламж” банкны 14,2 тэрбумыг алдсан мөрийтэй тоглоом, сонгуульд зориулж 20 сая доллар хөнгөн тэргээр хойд хилээр оруулсан, коксоо нууц гэрээгээр сул өгсөн “Админерал” ХХК, Бортээгийн уурхайд 30 сая доллар шургуулсан гэх хуучин шинэ хулгай луйварт Сү.Батболд нэр холбогдоод байдаггүй. Гишүүн сайд хэдийн муу сайн мэдээ чих цохих-цөөн монголчуудад дорхноо. Дэгс нь голлодог ч багцаатайд нь тайтгарахыг би хичээдэг өвгөн. С.Батболд 1990 оноос бусдын адил хууль ёсны хувийн бизнес эрхэлж, Монголын анхны бэлжүү хэдийн нэг болсныг хүмүүс андахгүй. "Гэрээ засаад төрөө зас" гэх монгол ёсоор топ болсон хойноо тэр улс төрд орсон ба түүний үүсгэсэн "Алтай холдинг" групп улсдаа сэлбэг болж яваа. Ийм групп компаниа чөмөг сууж, эх орноо өөд татаасай гэж өвгөн би ерөөдөг. Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа байр сууринаасаа хазайлгүй ОХУ-ын ерөнхий сайдад танилцуулсан бичгээ нүүр лүүгээ шидүүлснийг телевизээр Н.Энхбаяр цухуйлгасан ч манайхан юу ч болоогүй мэт өнгөрөөсөн. БНХАУ-ын ерөнхий сайд тэгсэн бол эх оронч монголчууд яах байсныг бүү мэд. Сү.Батболд Тавантолгой ордыг булаах гэсэн дээрэлхүү О.Дерипаскад ам алдаагүйдээ В.Путинд үл итгэгдсэн байж магад. Сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас Сү.Батболд хасагдсан нь тэр юутай ч муу “долоогч” явсан болтой.
МСS олон улсын хөрөнгийн биржид гарч гадныхан тэднийг хамтрах хэмжээнд дөхсөн менежменттэй ганц монгол компани гэсэнд ганзагачин Ерөнхийлөгч маань жөтөөрхөж, Ж.Оджаргалын босгосон бүтээн байгуулалт түүний өмч биш газрын баялаг тул бүгдийг хураана гэв. Богино зайн монгол атаа жөтөө хувийн хэвшилд эрлэг ч орос олигархиудад эрх хавсар. Монгол атаа угаас тийм хэмжээтэй аваас гутамшиг. “Ухаа худаг-Гашуун сухайт” төмөр зам төслийг Энержи Ресурс тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдтал зогсоочихсон. Хувийн компани 60 сая доллараар шатсан мэдээ хэвлэлд үзэгдээд мартагдсан. Үүнийг хэн ч сөхөөгүй. Гурван саяул хайхраагүй. Би бичээд эрлийз хоч хүртсэн. Нарийн төмөр зам тавиагүйгээс манай руу цутгах олзны урсгалыг хааж, ядуурал нөмөрч, ардчилал бузартав. 2012 оноос эрдсээ галт тэрэгний урт цуваагаар зөөсөн бол бид өдгөө цулайсан гэдэг хүмүүсийн нэг нь би. Галт тэргээр нүүрсээ, ер нь бүх малтмалаа хил давуулж зарах мөчөөс ашиг уутална. Гагцхүү тэр мөчөөс л овгор олз олно! Тэр баярт мөчдөө яараач. Тэр өдрийг дээжээ өргөн хүлээе. Баруун зүүн босоо, хэвтээ чиглэл гэх мэт цаг хожсон орос хууралтад мэхлүүлсээр олон тэрбум ашгаа хааж буйгаа ухаарах цаг болоогүй юу үхрүүдээ. Хүнд даацын 20-30 мянган аварга самосвалиар онгон говио там болгон нүүрсээ тээвэрлэмчээ аяддаг. Эрсдэх аюултай харгуйд жолоо мушгиж, хасах нэмэх 30 хэмд кабиндаа хагас бүтэн сараар амьдардаг жолооч нараас 150 нь амиа алдсан. Цааш хэд хүрснийг бүү мэд. Энержи ресурс засмал зам тавьж нүүрсээ тээвэрлэсэн бөгөөд тэр замыг нь төр засаг түрээсэлж малтмалаа арай төсөр зардлаар шуурхай экспортолж буй тухай ойлголт авсан би Энержи ресурсийг зүхэхэд ам эвлэдэггүй. Төр засаг шороо чулуутай нүүрсээ маш хямд зарж байхад Ж.Оджаргалын компани нүүрсээ угаагаад үнэ хүргэж буй гэх мэдээ чих цохидог. Боломжийн ордоо гадныхантай хамтралгүй бие даан олборлох хүч тэнхээ бэл бэнчинд хүрсэн компани МАК-аас өөр байна уу? Ж.Оджаргал, Б.Нямтайшир нарын тушаадаг татвар Монголдоо тэргүүлдэг. Мега төсөл гацаагч Женко мэтийн урвагчдаас тэд арай өөриймсөг. Олны төлөөллөөс бүрдсэн УИХ “тэнгэрлэг оройн дээд” уг нь. Дээжээ өргөдөг хийморь сүлдээ дагшин байлгах, иргэн бүр үүрэгтэй. УИХ амласандаа хүрснийг хатуу тооцдог ёсонд занш иргэдээ. Олны нэхлийн өмнө төр засаг сөгдөж, ажлаа тайлагнаж сурах-монгол жудаг. “Женкод базуулсан АН-аас засагт хамтрах тооны гишүүд бүү сонгогд” гэж зул өргөе гэвэл эмгэн минь “Бурханд сонгуулийн хууль зөрчихийг тулгасан гэх зүйл ангиар цагдаа прокурор шүүхийг Женко хахуульдаад чамайг шоронд хийнэ” гэж хорив. Ханиндаа зөнөх хүүхэд шиг өхөөрдмөөр ч юм шиг.
Бүлэглэлүүдийн шунал бугласаар нүүрсний хулгайгаар дэлбэрэв. Нүүрсний хулгайч гэж нэрээ зарлагдсанд ариун тансаг алдраа хөөдлөө гэж Х.Баттулга, Д.Амарбаясгалан, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр нар туйлж, “нүүрс гэж юу байдаг юм бэ”, “Тавантолгой орд чинь хаана байдгийг бид мэдэхгүй. Эх оронч шударга бидний рейтенгийг сэвтээснээ залруулахгүй бол засгийг чинь онхолдуулна” гэж бөөндөө телевизээр ханхалзсанд шархтай төр засаг даварсан түрэмгий олигархиуддаа сэм бууж өгснөөр хулгай дархлагдаж, хүн ам хоосрох замдаа шуудрав. “Бага Тавантолгой”-хувьцаа эзэмшигч нартаа ногдол тараадаг ганц компани. Үүнийхээ төлөө Ажнай их гарын нүүрсчидийн өмнөөс ял эдлэх гэнэ. Улсыг хамгийн их хохироосон хулгайчаар ганц Ажнай цоллуулахад хөлдүү нийгэм эмзэглэсэнгүй. Тэр өмнөговьчуудын адил жижиг Тавантолгойд хувьцаа эзэмшигч нэгэн. Жижиг таван толгойн өгөөжөөр өмнөговь бусад аймгуудыг түүчээлэгч хязгаар болсон. Энэ үйлст Ажнайн ач их. “Үг цөөтэй, намдуу түүнийг яллуулах ёстой аймшигт овгор” гэдэгт эргэлзэгч олон. Зохиолч өвгөний ичнээ дэмждэг хэдийн нэг-Ажнай.
Хэн нэгнийг зөөлчилж туг тахьснаар том хулгайчид гаарах завшаан олдог. Нарийн төмөр зам 17 жил гацааж, ойролцоогоор 31,5 тэрбум долларын орлого замхруулсан агаад мөн Төгрөг нуурын бүл ордыг гадаадад 280 сая доллароор сэм зарсан гэх аймаар хулгайд яллагдагчаар татагдсан Женког “Ажнайн дэргэд зуль хулгайч хөөрхий” гээд өршөөв. Багануурт ДЦС баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил автор нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, нууц ноён нь Ц.Даваасүрэн сайд байв. Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи-тоглоом болдгийн жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр царцаав гэх ойлголт мунхаг массын вакум толгойд үлдээснээр орос олигархиудын эрчим хүч манай руу үүрд урсана. Дэн дун яваа хэдэн компаниа хяргах сэлэм дээгүүр сэнсрээд нэг л ёргүй.
Миний мөрөөдөл-оюунлаг хүн ам. Иргэн болгоны амьдралд наалдацтай Ерөнхийлөгчийнхөө сэдлүүдийг дуугарах дуу, тугтрах хүчээ нийлүүлээд бүгдээрээ дэмжье. Нефтээ нэрж өндөр үнэтэй шатахуунаар өм цөм холгуулдгаа цэглэе. УЦС, ДЦС-аа хамгийн ойр аядуу дотно их Хятад хөршийнхөө хөрөнгө оруулалтаар эргэж хургалгүй ашиглалтад дав даруй оруулж, уранаа газрын гүнд уусган баяжуулах аюул багатай Франц технологиор олборлож мөнгөжье. Тэрбум модны ногоон шугуй униартан, гол мөрний ай саваар усан сангууд цэлэлзэн хур бороо элбэгшиж, тариа ногоо дэлгэрч, органик хүнс лангуу дүүрэн бялхаг. Харж бай-биелнэ. Гардан бүтээх буян заяатай төрсөн нь Монголоос хэн хэн бол? Чинээлэг хөрш Солонгос Японы өндөр технологи, хөрөнгө оруулалтаас хүртэж хамтдаа хожъё. Ураны төсөл зүтгүүлж буй ерөнхийлөгчөө ганцаардах вий гэж би эмзэглэдэг бөгөөд түүний “хүнсний хувьсгал”, “тэрбум мод”, “цагаан алт” төслүүд биелбэл Монгол сэргэнэ.
“Ураны төсөл монголчуудын хэрүүлд унтарснаас оросууд огт оролцоогүй” гэх танил хүчирхэг мутар базвал бид хоёр гараа өргөнө. Бага оврын атомын станц цаг хожно шүү. Төмөр замын 17 жилийн гацаанаас учирсан хохирол 31.5 тэрбум долларыг Х.Баттулгаас нэхнэ гэж Л.Оюун-Эрдэнэ эх орончоор сүржигнэж рейтингээ ахиулсан ч Х.Баттулгын хулгайг далдуур хаацайлдаг түүний мэхэнд ХХI зууны залуус-мань шиг хууртсангүй босов. Манайх шиг хүйтэн хойд хилийн чанад дахь 70-80 сая хэрэглэгчтэй зах зээлд бараагаа шахаж баяжъя хэмээн шадар сайд Ж.Энхбаяр, С.Амарсанаа хоёр хөлөө газар хүргэхгүй хөөрсөн. Ард олноо мэхлэх гэж тэр. Бидэнд эсгий улавчнаас өөр илүүчлэх тийм их брэнд бий билүү?
“Авилга ав” гэвэл өөдөөс нь “хуц” гэдэг иргэдээр Монгол минь дүүрээсэй. Авилгад алга тосохгүй амьдрах-өөрөө ганцаар бие даагаад больчих хувийн дутагдал. Авилгагүй гүрэн болж гэмээнэ өгөөж-ёнцгор. Ийм ил боломжийг яагаад ашиглахгүй алга тосдог шуналд бүдчиж, өөрийгөө, эх орноо хорлоно вэ.
Хээл хахуульд бухимдах-эрүүлжиж буй явц. Нийгэм эрүүлжиж байна гэдэг иргэд ёс зүй, үйл ажилдаа шүүмжлэлтэй хандаж буйн илрэл. Сайн талаа магтаж хөөрцөглөхөөс урьтаж, муу талдаа соргог эмзэглэвэл хүн ам хүчирхэгжиж эх орон цэвэршинэ. Энэ бол зохиолч миний хөтөлбөр. Мухар сүсэг, их хаадын хийсвэр домог, коммунист хийрхэл хургасан харанхуй тархиндаа ХХI зууны шинжлэх ухаан технологийн гэгээ тусга. Хэнд эх оронч хурц сэрэл байна түүнд Монголын хоцрогдол хүчтэй хөндүүр үүсгэж, тэр ихээр ичиж шаналах болно. Их ичсэн охид хөвгүүд Монголыг өөд татах юм шүү. Монголчууд брэнд бүтээж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр тэмүүлдэг болсноор өөрийгөө магтах бус өөрийгөө голж, өөрийгөө өөд татаж эхлэв. Залуус “дружба” лоозонд мэхлэгдэхээ болиод шударга бизнесийн ашиг хүртэх боллоо. Хөгжлөө чамлавал хурд нэмэгдэнэ. Залуустаа оюунлаг иргэд болохыг ерөөе.
Өндөр хөгжилтэй орнуудад оюунлаг эрдэмтэд баян бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зарж хамгийн их орлоготой амьдардаг. Тийм боломж Монголд үүсэж буй. Ашиг уутлах нээлтээ, үйлдвэрлэгч нарт өндөр үнээр зарах буян. Учир нь чиний нээлтээр үйлдвэрлэсэн брэндүүд баяжуулна. Академи хүрээлэнгийн адар тааз ширтээд, төсөв хөхөж суудаг эрдэмтдийн арми улсыг хоослохоос гадна сод оюуныг чинь ширгээнэ. Шинжлэх ухааны салбарт гоц нээлт сэтгэсэн толгой цойлдог. Шинэ нээлт санал хураалтаар шалгардаггүй. Давуу үзүүлэлтээр бярддаг. Гавлаараа тэргүүлэгч сод ухаантан баяждаг хорвоо. Шинжлэх ухааны өрсөлдөөн эрдэмтдийг хурцалдаг. Брэнд бүтээж бизнесээ цэцэглүүл. Эрдэм мэдлэгийг эд баялаг болгон хөрвүүлдэг энтрепренер сэхээтнүүд болохын төлөө уралд. Шинэ нээлтээр хүртдэг патентын тоогоор дэлхийд өрсөлд. Амжилт хүсье.
Сонгуулийн өмнө МАН-ыг шалбаагтай хутгах АН-ын атгаг санаа, Н.Учралыг огцруулж, хонзонгоо урт авах Л.Оюун-Эрдэнэ нарын өширхөлд Оюутолгойн гурван ихнаядын сураг, цалин тэтгэврийн нэмэлт “шанаа өгөв”. Хуурамч Орос, хулгайч төр засгийн багийг хуу татах галзуу бяр зөнөсөн насанд минь надад гэнэт амтагдав. Зохиолчийн хийрхэлдээ төгцөг би солиорчээ. Ийм зориг урьд оргилоогүй нь-залуугийнх. Үнэнийг шууд хэлэх эр зориг хэдийд төрдөг гээч? Үхэхийн яг өмнө төрдөг аж. Үнэнийг нуусаар хэлэхгүй мажийх-гутамшиг. Намайг юу хатгав гэвэл 20-30 жил гацсан төслүүд. Мега төслүүдийг гацаагч нь ОХУ гэж зарлаад, гацаагаагүй атлаа гацаагч гэгдсэн бүрэг дорой ард олныхоо сэвтсэн нэрийг цэвэрлэе-амьд дээрээ. Зөв үү? Хоёр их хөршөө эвтэйхэн аргалж, гурав дахь хөршүүдтэй түншлэх гарц олохыг 1911 оноос эх орончид минь сүвэгчилж явсан түүхтэй. Хөгжлөө шуурхайлах тэр жимийг Монгол 1990 онд сонгосон нь зөвдсөн шүү.
2026-11-01

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.