2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2026.04.07/ хуралдаанаар “Эрдэнэтийн 49%-ийг төрд буцаан авах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт”-ийн талаар УИХ-ын гишүүд Засгийн газраас лавлав.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Эрдэнэтийн 49%-ийг буцааж авах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн хувьд Үндсэн хуулийн Цэцээс “УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Гэхдээ нөхөн олговрыг өгч байж аваарай” гэсэн шийдвэр гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим болон Захиргааны хэргийн танхимын эцсийн шийдвэр зөрүүтэй гарсан. Алийг нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр гэж хүлээж авах вэ. Энэ шийдвэр нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй зөрсөн. УИХ-ын тогтоол, Цэцийн шийдвэр, Дээд шүүхийн шийдвэр гурвуулаа бие биенээсээ том байж чадахгүй. Гурван шийдвэр нь зөрчихөөр энийг давж тайлбарлах хүн ч Монголд байхгүй.
Аль нэгийг нь хэрэгжүүлбэл буруудна. УИХ-ын 2017 оны шийдвэрийг боловсруулсан ажлын хэсгийн хаалттай хуралдаан дээр хүртэл алдаатай шийдвэр болох нь гэж яригдаж байсан юм билээ. Учир нь, хүний хөрөнгийг онц байдлын болон дайны байлдааны үед авна. Эсвэл шүүхийн шийдвэрээр хурааж авна. Гэтэл нөхөн олговор өгөхгүйгээр шууд авах болох уу, үгүй юу” гээд ийм гацаанд орсон учраас хангалтгүй гарч байгаа" гэв.
Шийдвэр ийн гацсан ч төрд ямар нэгэн хохирол учраагүй. Харин ОХУ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49%-ийг хөрөнгө босгоод $400 саяыг төлөөд аваад ирсэн “Монголын зэс корпораци” -ийн энэ хугацаанд амссан хохирлыг заавал тооцох ёстой.
10 ЖИЛИЙН ӨМНӨХ СОНГОЛТ БА “РОСТЕХ”-ИЙН ШАХАЛТ
“Монголын зэс корпораци” "Эрдэнэт" үйлдвэрийн 49%-ийг ОХУ-ын төрийн өмчит “Ростех” компаниас 10 жилийн өмнө худалдан авчээ. "Эрдэнэт" үйлдвэрийг 100% Монголд авахын тулд 2016 онд өөр сонголт байгаагүйг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярьсан байдаг. Энэ бол зөвхөн Ч.Сайханбилэгийн шийдвэр биш гэдгийг Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан гишүүд ч баталдаг.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49%-ийг эзэмшиж байсан “Ростех” компанийн зүгээс 12 хоногийн хугацаатай шахалт үзүүлснийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч төр мөнгөгүй, олох цаг хугацаа ч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, танхимаараа санал нэгтэй шийдвэр гаргасан. Одоо ч энэ шийдвэрээ зөв гэдэгт итгэдэг” гэж Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат хэлдэг. Гол нь, "Эрдэнэт үйлдвэр"-ийн ОХУ-ын талд байсан 49%-ийг Монгол Улс авах л чухал байсныг өнөөдөр нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа юм.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН 49%: ТӨРИЙНХ ҮҮ, ХУВИЙНХ УУ?
Энэ асуултад хариулах боломжгүйг Б.Энхбаяр сайдын мэдээлэл батлав. Учир нь, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2019 оны 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн. Хэдийгээр Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн ч “Монголын зэс корпораци"-д нөхөн олговрыг нь өгч байж ав” гэж тодорхой шийдсэн атал Монголын төр хоёр тогтоол гаргаад л хувьцааг шилжүүлсэн юм. Олсон ашгаар нь Ковидын үед айл гэр, албан байгууллагын цахилгаан дулааныг төлөхөөс эхлээд өнгөрсөн 10 жилд төр бүхлээр нь ашиглаж байна. 2025 оны мэдээгээр 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан, борлуулалтын орлого нь 4.6 их наяд төгрөгт хүрсэн гээд олон дээд амжилт тогтоосон.
Гэтэл нөгөө талд “Монголын зэс корпораци” өнөөдрийг хүртэл өр төлбөрийнхөө ард гарч чадаагүй. Энэ хугацаанд хөрөнгө оруулагч, захирал гээд хэд хэдэн хүн нь шалгагдаж, баригдаж, хоригдсон, эх орноосоо зугатсан гээд олон асуудалтай тэд тулгарсан. Эцэст нь, Засгийн газартай хэлэлцээрт суухыг зөвшөөрсөн.
“Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Шүүх дээр найман жил асуудал гацлаа. Манай компани Монгол Улсаас үндсэн төлбөрт $200 гаруй саяын авлагатай. Хүү, алдангийн хохирол нь $300 сая гаруй. Нийтдээ $500 сая хохирол учирсан. Энэ бол зөвхөн эдийн засгийн хохирол. Бизнесийн нэр хүнд, олон жилийн хөдөлмөр гээд их юм байна. Үе үеийн Засгийн газар асуудлыг шийднэ гээд ажлын хэсэг байгуулдаг. Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Ц.Туваанаар ахлуулсан дөрөв дэх ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр удаа уулзалт хийсэн шийдэж чадахгүй дүлэгнээд л байна" хэмээн 2025 онд зургадугаар сард хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байв. Үүнээс хойш ахиад жил боллоо. Хохирол өссөөр байна. Засгийн газар нь УИХ, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийн шийдвэрийн голд гацаатай байгаа юм.
БУЛААХ ГЭЖ УЛАЙРСАН, БУЦААЖ ТӨЛӨХ БОЛОХООР ГЭДИЙСЭН
“Эрдэнэт үйлдвэр"-ийн 49%-ийг Монголд шилжүүлэхийн өмнө ОХУ-аас тусгай аудит оруулсан гэдэг. Аудитаар сүүлийн 26 жилд $ 6.1 тэрбумын биет бараа бүтээгдэхүүн шахсан нь тодорхой болсон гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, манай улстөрчдийн ган бөмбөлгөөс эхлээд бэлгэвч хүртэл шахсан баримт үүнийг батална. Тиймээс 2016 онд хувийн хэвшил 49%-ийг авсан даруйдаа энэ асуудлыг цэгцлэхээс ажлаа эхэлсэн. Гэвч энэ бол тэдэнд таалагдаагүй. Нэг талаар хамгийн нөлөөлсөн зүйл энэ байхыг үгүйсгэхгүй.
УИХ-ын гишүүн байсан Ц.Нямдорж 2016 оны 10-р сард Эрдэнэтийн 49%-ийг хувийн хэвшлээс төр авах тухай хөндөж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ идэвхийлэн зүтгэсэн байдаг.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017.02.02-ны хурлын протколыг сөхвөл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэтийн асуудлыг УИХ-д 65 гишүүнтэй эрх баригч намын гишүүд ярьж шийдэх ёстой. Хэрвээ Засгийн газар дээрээ шийдэж чадахгүй бол парламент тарах хэрэгтэй” гэх зэргээр шахалт үзүүлж, 2017 оны 2-р сарын 10-нд УИХ-аас тогтоол гарган 49%-ийг төрд шилжүүлж авах ажлын хэсэг байгуулсан.
Үнэндээ, Ардчилсан Монголд хувийн өмчийг төр булааж авах нь утгаараа “дээрэм”. Хууль зөрчсөн дээрэм гэдгийг УИХ-ын гишүүд ухамсарласан уу, шийдвэр гаралгүй хоёр жил гаруй болсон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон даруйдаа 2019 онд энэ ажлыг гардан барьж аваад, схем зурж, хэвлэлээр шуугиулж байв. Ингээд баахан баривчилгаа явуулж, Засгийн газрын 2019 оны тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон статусыг өөрчилсөн. Мэдээж, ардчилсан нийгэмд, ардчилсан Монгол оронд өмчөө дээрэмдүүлсэн байгууллага зүгээр суухгүй. “Монголын зэс корпораци” Үндсэн хуулийн Цэцэд, Дээд шүүхэд, Олон улсын хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх төвд хандсан.
Монголын Засгийн газар нөхөн олговор төлөх нь зайлшгүй болсон учраас хэлэлцээрийн ширээнд тэднийг дуудсан. Эхний ээлжинд $200 саяын төлбөрийг ч ямар нэгэн байдлаар барагдуулсан гэж хоёр тал үзэж. Гэвч үлдсэн $200 сая. 10 жилийн хугацаанд мөнгөний ханш хэрхэн өөрчлөгдсөн билээ, ирээдүйд олох орлого, зээлийн хүү төлбөр гээд “Монголын зэс корпораци”-ийг үндсэнд нь хөл дээрээ босох аргагүй байдалд оруулсан. Гэвч үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Үндсэндээ улстөрчдийн хэт популист шийдвэрээс үүдэж улсад, хувийн хэвшилд учирсан хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуулт ч гарч байна.
ШИЙДЭЛ ХАЙХ УУ, ШИЙРЭГНЭЭД СУУХ УУ?
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Цогтбаатар “Шийдэл алга гээд орхиж болохгүй. Засгийн газар ахиад суу. УИХ-аас тусгайлан хууль гаргах уу, тогтоол гаргах уу гэдгийг Засгийн газраас санал оруул. Энэ бол шийдэлгүй үлдэх асуудал биш. Төр өөрөө шийдвэрээ гаргаж чадахгүй байна гэдэг төрийн эсрэг нотлох баримт болоод байна. Засгийн газар байр сууриа тодорхой болгохгүй бол энэ асуудал эцэслэгдэхгүй” гэж өчигдөр /2026.04.07/ хэлэв.
Үнэхээр төрийн эсрэг нотлох баримт олон болж. “Монголын зэс корпораци”-д нөхөн төлбөрөө, эсвэл хувьцаагаа хуулийн дагуу олж авах боломж үүсээд байгааг үгүйсгэхгүй. Тэднийг Эрдэнэтийн 49%-ийг авахад тонн зэсийн үнэ $4700, Эрдэнэт үйлдвэр $200 саяын өртэй байсан. Гэтэл өнөөдөр тонн зэсийн үнэ $10500-$12000 хэлбэлзэж байна. Эрдэнэт үйлдвэр жилд 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. Тиймээс маргааш ямар алхам хийх нь “Монголын зэс корпораци”-аас шалтгаалж буй. Харин төр хууль гуйвуулсан тогтоолуудынхаа учрыг олох цаг нь болж. Эрдэнэтийн 49%-ийг Монголд авчирсан нь эх оронч үйлдэл эсвэл бүлэглэлийн ашиг сонирхол аль нь ч байсан “төр хувийн өмчийг хууль бусаар дээрэмдсэн” гэх нэрээ цэвэрлэх ёстой. Засгийн газар ч “дүлэгнэх” бус зоригтой шийдэл гаргаж, хуулийн гацаанаас гарахгүй бол $500 саяын хохирол өссөөр байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10