2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Эрчим хүчний салбараас гадна дампуурлын ирмэг дээр байгаа бас нэг салбар бол эрүүл мэнд болжээ. Энэ талаар эрүүл мэндийн салбарынхан ар, араасаа шүгэл үлээж, шүгэл үлээснийхээ төлөө ажлаасаа ч халагдахад хүрэв.
“Улсын нэгдүгээр төв эмнэлэг удирдлагын тогтворгүй байдлаас болж эм, эмнэлгийн хэрэгсэлгүй болсон. Дурангаар хийх хагалгааг өвчтөний хэвлийг зүсч хийж байна. Томограф ажиллахгүй, тархины цус харвалт, зүрхний шигдээстэй хүмүүсээ оношлох үндсэн төхөөрөмж ч алга” гэж тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал М.Адилсайхан өнгөрсөн долоо хоногт /2026.02.26/ хэвлэлийнхэнд хандсан. Харамсалтай нь, энэ асуудлаас болж тэрбээр ажлаасаа халагдсан байна. Түүнтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцож, “Эмнэлгийн даргыг томилж байгаа ТУЗ нь хууль ёсных эсэхэд эргэлзэж байгаа”-гаа илэрхийлсэн Төлөвлөлт, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдогийг ч ажлаас нь чөлөөлөхөөр болсныг мэдэгдсэн аж. Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэхэд хүргэсэн буруутнаар салбарынхан яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг нэрлэсэн. Энэ нь Д.Очирбатын дургүйг хүргэж, эмч нарыг ажил албаа алдах шалтгаан болсон байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цахим сайтын ТУЗ-ийн бүрэлдэхүүний мэдээлэлд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын нэр байхгүй. Гэхдээ эмч нарын хэлснээр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ТУЗ-ийн даргаар хуралд оролцож, шийдвэр бүрийг гаргадаг.
Гол нь, Д.Очирбат салбарын сайдтайгаа зөвшилцөхгүй дур зоргоороо томилгоо хийх боломжгүй. Салбарынхаа эмч, ажилчдыг дур зоргоороо халж, сольж байгааг салбарын сайд мэдэхгүй байна гэж бүр ч үгүй.
Эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн “зовлон” ганц нэгдүгээр эмнэлэгт илэрч буй юм биш байх. Асуудлаа ил тодоор ярьсан нь нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар болохоос ийм дур зоргын томилгоо эрүүл мэндийн салбарт гаарсан. Томилгоо тойрсон хэрүүлээс болж эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээ хаа сайгүй доголдох болоод удаж байна.
2025 оны сүүлийн саруудад ЭМД-ын мөнгө дууссан гэх үгээр иргэдийн амыг таглаж байсан. Энэ салбарт болж буй үйл явдлаас харахад Эрүүл мэндийн салбар өөрөө эрүүл бус тогтолцоотой болжээ.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2026 оны 2 дугаар сарын 24-нд түргэнээр очиж, тусламж авсан 96 настай өвчтөнг ЭМД-аас авсан санхүүжилт дууссан учраас 593 мянган төгрөгийн төлбөртэй өрөөнд хэвтэх эсвэл 14 хоног хүлээх сонголт тулгасан байна. Зүрхний стендтэй, нойр булчирхай, бөөр хурц үрэвссэн, хордлоготой гэх оноштой ч уг өвчтөн өвчин намдаах дусал төдийхнөөр эрүүл мэндийн үйлчилгээ аваад гэртээ харьжээ. Эрүүл мэндийн даатгалын газраас энэ тухай лавлахад “Санхүүжилтийг хэвийн шилжүүлж байгаа. 2 дугаар сарын 10-ны өдөр СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт урьдчилгаа санхүүжилтэд 2 тэрбум 264 сая 441 мянга 467 төгрөг шилжүүлсэн байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Өвчтэй хүнээ эмчлүүлэхийн тулд 593 мянган төгрөг тушаах нь зүй ёсных мэт санагдавч нөгөө талаар ЭМД яах гэж төлдөг билээ гэх асуулт байна. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний К90, К91, К92 гэсэн заалтаар гэдэсний шингээлтийн хямрал болон бусад эмгэгийг эмчлүүлэхдээ ЭМД-аас 429 мянган төгрөг, иргэнээс 75 мянган төгрөг нийт 505 мянган төгрөгийн төлбөртэй эмчилгээ хийдэг аж. Гэтэл СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс санхүүжилт дууссан гэсэн шалтаг байв уу, шалтгаан байв уу. Ямартай ч эмнэлэгт хандаад харъяаллын биш, санхүүжилт дууссан гэх элдвийн шалтгаанаар иргэд тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрч сууна. Улсдаа ганц хавдар, халдварын эмнэлгийн ачаалал, хүнд сурталын талаар бүр ярилтгүй. Хавдар судлалынхан өөрсдөө эрүүл мэндийн салбарын хавдар нь, халдвар судлалынхан өөрсдөө халдвар нь болсон гэвэл буруудахгүй. Олон өвчтөн энэ талаар багагүй шүүмжлэл ярьж чадах биз.
УИХ-аас 2025 оны 6 дугаар сарын 17-нд зохион байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен “2026 онд, эмч ажилтнуудын цалин хөлс бага, эмнэлгүүд өр зээлтэй, орны хүрэлцээ муу, хоёр сар хүртэл дугаарладаг, үйлчилгээний чанар маш муу болсон”-ыг дурдсан нь мэдээлэлд ойр хүний үг.
Яг үнэндээ Эрүүл мэндийн салбар хүнээ ч эмчилж чадахгүй хүнд байдалд орсноо хүлээн зөвшөөрөх цаг нь болсныг эмч нар сануулсаар байна. Харин салбарын сайд нь эрүүл мэндийн салбараа “эмчилж” чадахгүй, шүгэл үлээсэн болгоныг “шүүрдсээр” сууна. Үнэндээ сайн эмч болгон сайн улстөрч, сайн менежер болж чаддаггүй гэдгийг Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нараас харж байна.
2026 оны төсвийг хэлэлцэх үеэр буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Ж.Чинбүрэн сайдад хандан тусламж үйлчилгээний санхүүжилт хүрэлцэхгүй болсныг хэрхэн шийдэх вэ. Ирэх онд энэ жилийнхээ өр төлбөрийг барагдуулахаар ирэх онд илүү хүнд нөхцөл байдалд орох гээд байна” гэж асуух, аашлахын дундуур үг чулуудсан.
Хариуд нь, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Улсын эмнэлгүүд ар гэртээ эм тариа захиад эхэлчихсэн. Өнөөдөр улсын эмнэлэгт очоод хэвтэхэд бүх эм тариагаа гэрээсээ зөөж байгаа. Бид нарын сайжруулсан тогтолцоо маань байхгүй болчихоор өнөөдөр ийм байдалтай байна” гэсэн хариулт өгч өөр хоорондоо үг сөргөхийг бид бүгд харсан. Өөрөөр хэлбэл, шинэ, хуучин хоёр сайд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүндрээд иргэдийн нуруун дээр ачаа болсныг аль аль нь хүлээн зөвшөөрсөн байдаг.
Эцэст нь эрүүл мэндийн салбарын жинхэнэ өвчтөн нь эрүүл мэндийн салбарын дарга даамлууд болжээ гэхэд буруудахгүй биз.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27