

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Цахим орчинд нэг хүн нэг хаягтай байх, зөвхөн иргэний үнэмлэх, утасны дугаараар холбогдох зохицуулалт хийнэ” гэжээ. Түүний өмнөх сайд С.Амарсайхан ч ийм байр суурийг нэг бус удаа илэрхийлж байлаа. Тэгэхээр бот, троллтой байлдах эрх баригчдын тэмцлийн гол бай нь чухамдаа иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүгэл үлээхийг хориглох гэсэн улстөрчдийн арга заль байж мэднэ
Угтаа Монголд цулмын армийг санхүүжүүлж, тэжээж ирсэн нь улстөрчид. Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг ажиллаж байх үед 14 хүнийг бот, троллоор цалинжуулж байсан гэх баримтыг иргэн Г.Уянга дэлгэсэн. Гэхдээ бот, тролл тэжээдэг нь ганц Х.Нямбаатар ч биш байх. УИХ-ын гишүүн Х.Баттулгын сошиал орчинд нутагшуулсан уг технологийг төгөлдөршүүлсэн нь Л.Оюун-Эрдэнэ бол Х.Нямбаатар улаан цагаанд нь гаргасан бололтой.
Нийгмийг булингартуулж, бусдыг гутаах, доромжлох, олон нийтийн сүлжээнд буллидэх хэрэгсэл болж хувирсан бот троллуудыг цэгцлэх нь иргэдийн мэдэх эрхийг хамгаалж буй үйлдэл мэт нэг талаас харагдаж байгаа нь үнэн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн бодлогыг нэг хэсэг нь алга ташин хүлээн авч байгаа. Монгол Улс 3.5 сая хүн амтай ч цахим хаягийн тоо нь 5 сая давсан гэхээр бот, троллуудыг цэгцлэх, цэвэрлэх шаардлага ч бий.
Гэвч, нөгөө талдаа цулмын армийг тэжээж, тэтгэж, хөрөнгө мөнгө зарцуулж, олон нийтийн тархийг угааж, өрсөлдөгчөө харлуулах технологи болгон ажиллуулдаг гол эзэд нь энгийн иргэд мэдээж биш. Мөнгөтэй, эрх мэдэлтэй улстөрчид гэдэг нь тодорхой.
Тэд өөрсдийнхөө тэжээж томруулсан мангастаа бариулаад ирэхээр гэнэт ухаан орсон бот, троллуудыг цэгцлэх нэрээр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хумих далд зорилготой байхыг ч үгүйсгэх аргагүй.
Товчхондоо, цулмын армийн эзэд гэнэт нирваан дүрд тоглож, “Бид троллуудтай тэмцэнэ” гэж ярих нь хамгийн том ёгтлол юм. Г.Тэмүүлэн сайдаас асуухад, улстөрчдийн тэжээж, тэтгэж ирсэн гол зэвсгээ устгахыг үнэхээр хүсч байна уу. Эсвэл эсрэгээрээ хуулиар айлгаж, өөрсдийнх нь эсрэг дуугарсан иргэдийг дарах гэсэн оролдлого уу.
Иргэний үнэмлэхийн регистр, гар утасны дугаараар сошиал хаягийг хатуу холболоо гээд улс төрийн захиалгат троллын сүлжээ устаж байвал сайн. Гэхдээ мэргэжлийн түвшинд ажилладаг троллууд гадаад дугаар, VPN, хиймэл оюун ухааны генераторуудыг ашиглан хуулийн шаардлагаас зугтаж чадна.
Харин энэхүү зохицуулалтын жинхэнэ хохирогч нь үзэл бодол, үнэт зүйлтэй жирийн иргэж болж үлдэх вий. Учир нь, хувь хүний нэр, регистрээрээ бүртгүүлсэн хаягаараа хэн нэгэн эрх мэдэлтэн, байгууллагын алдаа дутагдал, дарга даамлаа шүүмжлэхэд дарамт шахалтад өртөж болзошгүй.
Адаглаад л шүгэл үлээснийхээ төлөө ажлаасаа халагдах, хуулийн хариуцлага хүлээх айдас нийгэмд бодитоор нүүрлэнэ.
Тэгвэл бот, троллуудтай хэрхэн тэмцэх ёстой вэ. Дэлхийн хэмжээний технологийн аварга компаниуд болох Мета, Икс, Гүүгл зэрэг платформууд хувь хүний мэдээллийг нууцлах олон улсын хатуу бодлоготой. Тэд Монголын нэг яамны сайдын тушаалаар сая сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг иргэний үнэмлэхтэй нь тулгаж өгөхгүй нь ойлгомжтой. Х.Нямбаатар хуулийн сайд байхдаа "Метагийн ажилтныг би халуулна" гэдэг шиг том онигоо болно.
Энэхүү хуулийн төслийн хүрээнд олон улсын нээлттэй платформууд хэвээр үлдэх боловч, дотооддоо иргэдийнхээ эрх чөлөөг хязгаарласан, хяналтын гажиг систем бий болох эрсдэлтэй.
Тэгэхээр бот, троллуудтай хэрхэн тэмцэх вэ. Цахим орчныг эрүүлжүүлж, худлаа мэдээлэл, хар пиараас салах гарц нь улс төрийн намуудын болон сонгуулийн санхүүжилтийг 100 хувь шилэн болгох ёстой. Пиар, троллын баг ажиллуулсан иргэн, улстөрчдөд оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатай.
Медиа боловсролыг дэмжиж, иргэдийг хуурамч мэдээллийг ялгаж салгах чадвартай болгоход төрийн бодлого чиглэх ёстой. Асуудлын үндэс нь иргэдийн сошиал дээрх хуурамч хаягт бус, харин төрийн сэнтийд суучихаад татварын мөнгөөр тролл тэжээж байгаа эрх мэдэлтнүүдэд оршиж байна. Бүхэл бүтэн 14 хүнийг бот троллоор цалинжуулсан мөнгийг Х.Нямбаатарын халааснаасаа гаргаагүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс гарсан. Тиймээс хяналтыг иргэн рүү биш, эрх мэдэлтэн рүү чиглүүлж байж л эрүүл нийгэм бий болно.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.