

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр (2026.11.03) хуралдаж макро иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 48 сараар сунгах, ингэхдээ тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.
Өр, орлогын харьцааны хязгаарлалт гэдэг нь тухайн иргэний сардаа зээлийн төлбөрт төлөх хэмжээ нь орлогынх 45%-иас бага байх учиртай. Энэ хязгаар 50% байсныг энэ оны 1-р сард 45% болгон бууруулсан юм. Монголбанкны зүгээс иргэдийн хэрэглээний зээлийн эрсдэлийг бууруулахад өнгөрсөн 1-2 жилд анхаарч байгаа ч хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байгааг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт өчигдөр хэллээ.
“Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна” гэжээ.
2026 оны 9-р сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4% нь 45%-иас дээш өр, орлогын харьцаатай байна.
Банкны салбарын нийт зээл 94.7 их наяд төгрөгт хүрсэний 13.7 их наяд нь хэрэглээний зээл байгаа ажээ. Харин тэтгэврийн зээл 5.2 их наяд төгрөгт хүрсэн байна.
Зээлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ иргэд зээл авсан банкиндаа гаргах боловч зээлийг сунгах эсэхийг банк шийдвэрлэх юм. Хугацааг сунгалаа гээд зээлийн мөнгөн дүн болон хүү нэмэгдэхгүй ч хүүнд төлөх мөнгө л нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн орлого буурч байгаа энэ үед хэн хэндээ л арга ядсан шийдвэр юм.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.