2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах наадамд оролцсон оюутнуудын нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад МУИС-ийн оюутан Х.Хатанзоригийн нийтлэлийг хүргэж байна.

Хүн төрөлхтөн түүхийнхээ их замд бусад амьтдаас, хүрээлэн буй орчноос үргэлж л ялгарч, онцгойрч ирсэн. Оюун ухаан, сэтгэхүй, ур чадвар, нийгмийн харилцаа, хамтын оролцоо гэх чухал шинж чанаруудаараа араатан, жигүүртнээс ондоошиж явсаар өдийг хүрлээ. Бүтээн байгуулалт, сэргэн мандалтынхаа үеүдэд шинжлэх ухаан, техник технологи, хүмүүнлэгийн цоо шинэхэн нээлтүүдийг хийж, он цагийн уртад хувьсан өөрчлөгдсөөр энд хүрэв. Ямар ч бүтээл нь хүнээс хараат бусаар байж үл чаддаг байв. Гэхдээ түүнийг бий болтол шүү дээ. Хиймлээр бүтээгдсэн оюун ухааныг бий болтол дэвшил бүрийн ард хүн удирдан чиглүүлдэг байв. Одоо харин тэр бидэнтэй уралдсаар.
Саяхан юм даа багын найзтайгаа тааралгүй удаж, эцэст нь сая нэг уулзан элдвийг хөөрөлдөн жаал суув. Хорвоогийн олон өнгийг бүгээнээс бараан хүртэл, сонин хачин зүйлсийг сайхнаас муухай нь хүртэл, болсон болоогүй амны зугааг ээлж дараалан ярьж, эрүү чилтэл хуучилж гарав. Тэр нэг асуултыг сониучирхан асуух хүртэл уур амьсгал баярын өдрийн догдлом мөч шиг сайхан байлаа. Уг үйл явдал дээр асуулт сонин биш. Найзын минь хариу л хачирхалтай байсан юм. Юм мэдэхгүй байсныхаа төлөө удтал шоолуулж, адагт нь “Мэдэхгүй байж болноо, гэхдээ юм хөгжчихсөн байхад ядаж ChatGPT-ээс асууж бай, тэнэг хүн ч ойлгохоор тайлбарлаад өгнө” хэмээн зэмлэл хүртсэн юм. Дараагийн удаа би харилцахад амар, намайг эвгүй байдалд оруулахгүй болохоор хиймэл оюунд хандах нь зүйтэйг тогтоож үлдэв. Үүнээс хараад үзвэл бид хаашаа яваад байна вэ? Юунд найдаад байгаа вэ?
Тэгвэл энэ “Хиймэл оюун” гэгч хэмжээгүй их мэдлэгтэй, ур чадвартай, эвсэг найрсаг харилцаатай, олны анхаарлыг татсан, тодоос тод гялалзах од чинь хэн юм бэ дээ. Юм гэдэг учиртай, сум гэдэг начиртай. Гефестийн хүрэл робот Критийн Талос, Пигмалионы Галлета зэрэг оюун ухаант машин гэх мэт эртний Грекийн домгийн бүтээлүүд, 19-20-р зууны зохиолууд дээр гардаг хүнээс төрөөгүй, хиймэл дүрүүд энэ “нөхөр”-ийн магадлалт суурийг тавьжээ. Харин үүнийг бүтээх хүсэл эрмэлзэл, ноцон асах дэврүүн хүслийг Английн нэрт Математикч Алан Матисон Тюринг “тооцооллын онол”-доо машин 0 болон 1 гэсэн энгийн тэмдгүүдийг ашиглан математикийн жижиг боломжийн үйлдлүүдийг дуурайлгаж болохыг олж нээснээр үндэс суурийг нь тавьсан гэнэ. Энэ л мөчөөс эхлэн маш их дата өгөгдлийг нэгэн санд хуримтлуулж, компъютер программ хангамжийн тусламжтайгаар хүний сэтгэхүйг логик маягаар дууриан хийх чадвартай технологи асар хурдтайгаар хөгжих болжээ.
Сайн уу гэж хэлээрэй
Дэлхий нийтийг шуугиулаад байгаа хиймэл оюун ухаан яагаад олны нүд, түмний сонорт хүртэж, анхаарлын төвд байх болов. Энэ цаг үе ажлын байрны өрсөлдөөнөөс л эхтэй. Хиймэл оюуныг хөгжүүлэгч дэлхийн томоохон компани “OpenAI”-аас гаргасан мэдээллээр нийт ажлын байрны 65 хувийг орлох боломжтой гэж үздэг байна. Ойр зуурын, наад захын жижиг сажиг ажлуудаас өгсүүлээд маш том дата аналист хийдэг мэргэжлийн төвөгтэй ажлыг хүртэл “нухчихдаг” гэхээр дориухан ур чадвартай гэдэг нь нүднээ илхэн.

Норвеги улсын инженерүүдийн зохион бүтээсэн 1Х нэртэй робот саяхан нээлтээ хийж гайхшрууллаа. “Neo” нэртэй уг робот нь 2014 оноос эхлэн өдгөөг хүртэл 120 сая доллараар шат дараатайгаар хөгжсөөр гэрийн ажлыг гүйцэтгэх чадвартай болжээ. Иелийн Их Сургуулийн профессор Нарусэ “2100 он гэхэд улстөрчид бүгд “муур” болно” хэмээн хэлсэн гэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр улстөрчдийн ажил болох шийдвэр гаргалтыг хиймэл оюун ухаан бүрэн орлох боломжтой. Дата өгөгдөл, судалгаа дээр анализ хийгээд хаашаа, ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг тэр “ноёнтон” чадна гэдэг утгатай. Энэ боломжгүй мэт санагдаж байвал дахин нэг жишээг дурдъя. Албанийн Засгийн газар хиймэл оюун ухааны хэрэглээг түвшин ахиулж, худалдан авалт, тендерийн асуудлыг хариуцдаг AI сайдтай болоод удаагүй байгаа. Тэгвэл тус улсын ерөнхий сайд Эди Рама Диелла нэртэй хиймэл оюун удахгүй амаржиж 83 “хүүхэд”-тэй болно гэдгийг зарласан байна. Ингэснээр тус улсын парламентын бүх гишүүн хувийн хиймэл оюунаар бүтээгдсэн туслахтай болох нь. Энэ мэтчилэн дэлхийн өнцөг булан бүрт нүд бүлтийлгэж, ам ангайлгам гайхмаар үйл явдлууд хором бүртээ уралдан гарах болжээ. Тэгвэл бид ч бас газар аваад байгаа “Хиймэл оюун”-ы энэ зэрэг хөгжлүүдийг хүлээн зөвшөөрч, үнэнтэй эвлэрэн “сайн уу?” гэж хэлэх ээ мартаж болохгүй. Хүнээс илүү л гараад байгаа.
Боловсрол “нэмэх” үү“, "хасах” уу?
Цахим орчин хөгжсөнөөр бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл цөөн болжээ. Дэлхийн хөгжлийн хүртээмжийг тэр дор нь л мэдрээд, хэрэглээд эхэлдэг болсон. Янз бүрийн хиймэл оюун ухааныг ашиглан сонин содон зургууд, эсвэл эсрэгээрээ дүрслэл, чанар муутай зургуудаа түүний тусламжтайгаар гоё болгон гаргаж авч байна. Хүссэн хүн нь заавар, тайлбар бичээд байхгүй зүйлийг байгаа мэт, байгаагүй зүйлийг байсан юм шиг л бодитоор бүтээх болжээ. Хүн төрөлхтний ажлыг хөнгөвчлөхөөр гарч ирсэн эл зүйлийг мэдэхгүйгээ асуух, чадахгүйгээ хийлгэх зэргээр ашиглах нь элбэг тохиолдол. Гэхдээ ингэсэн нь бидний боловсролд нөлөөтэй юу? Ямартай ч Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийг тохиолдуулан боловсролын чанар, хүртээмжийн тухай яриа өгөхдөө “AI буюу хиймэл оюун ухаан боловсролын салбарт орж ирээд хаалгыг нь тогшчихлоо. Багш нартаа хандаж уриалахад битгий хаалгаа хаагаач, оруулаад ир. Хүүхдүүд ChatGPT, Gemini ашиглаад даалгавраа хийг л дээ. Багш ч гэсэн өөрөө хөгжих хэрэгтэй, хаагаад байж болохгүй. Магадгүй танаас илүү багш болчхоод байна шүү дээ. Тэгэхээр үүнийг давах хэмжээнд та өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Хятад улс хиймэл оюун ухааныг шууд хэрэглэдэг болж эхэллээ. Улс үндэстнүүд хиймэл оюуны өрсөлдөөнд орчихсон байна. Монголчууд бид ч үүнийг хэрэглээд явах хэрэгтэй” гэжээ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан ашиглаад байгаа сурагчдад хариуцлага тооцох биш багш нар үүнд нь зориулж хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна. Энэ нэг талаар хэт явцуу юм шиг санагдах боловч их сургуулийн шалгалтуудыг зарим тохиолдолд хиймэл оюуны платформуудаар хийж болдоггүй. Хиймэл оюун ерөнхий онолын мэдлэг л өгдөг болохоос нарийн практик дээр тулгамддаг асуудлыг хэлэлцэж чаддаггүй. Жишээ нь уг онолыг үзээд амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх мэт хувь хүний ойлголт, ухамсарт чиглэсэн үйлдэл шаардсан шалгалтад хиймэл оюун ухаан тусалж чадахгүй нь ойлгомжтой.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Математик тоон технологийн хүрээлэнгээс гаргасан “Боловсролын салбарт хиймэл оюуны хэрэглээ” нийтлэлд үр дүнтэй ашиглах аргууд нь зааварчилгаа авах, багш, эцэг эх болон захиргааны ажлын туслах хийлгэвэл зохимжтой гэж үзжээ. Харин бодит хэрэглээний хувьд тодорхой тоон статистикт хүрээгүй ч одоогоор дийлэнх багш нар хиймэл оюун ухаан хараахан хэрэглээгүй. Судалгаагаар Америкийн багш нарын 60 хувь нь ChatGPT гэж сонссон, харин 13 хувь нь л сургууль дээр хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Сул талын хувьд гэвэл хиймэл оюуны хэрэглээнээс гадна, боловсролын салбарын томоохон төлөөлөгчид болон бодлого боловсруулагчид хиймэл оюуныг чанартай, эрүүл сургалтын практик арга бүрдүүлж, түүнийгээ баталгаажуулах хэрэг гарч байгааг онцолжээ. Мөн технологийн хөгжил дэвшил нь багш, сурагчдын үйл ажиллагааг хэрхэн сайжруулж буйг ярихаас гадна хиймэл оюуныг ашиглан заах, сурах арга барилаа өөрчлөх нь зүйтэй гэдгийг бүхэлд нь ярих хэрэгтэй гэв.

Мэдээж манай боловсролд бас тулгамдаж байгаа асуудал нь сурагчдын хялбарчлах сэтгэлгээ. Гэрийн даалгавар болон асуулт хариултын энгийн зүйлсийг хиймэл оюун ухаан ашиглан хийж буй нь сургалтын чанар болон ёс суртахууны утгыг алдагдуулж байна. Харин энэ талаар оюутнуудын байр суурийг лавлахад хиймэл оюун ухаан ашиглаж байгаа хувь хүнээсээ хамаарч түүний боловсрол мэдлэгт хэрхэн нөлөөлөх боломжтой нь харагдана гэв. ChatGPT-ээс мэдээллийн чанартай зүйлсийг, тодорхой онолын тухай дэлгэрэнгүй тайлбарыг авахын тулд цаг хугацаа хэмнэж ашиглаж байгаа бол энэ нь эерэг үр дагавартай. Өөрт хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулж, мэдлэгийн сангаа баяжуулах боломжтой гэж үздэг байна. Харин өөрийн хийж чадахуйц зүйлсийг түүгээр хийлгэж байвал энэ нь доройтолд хүргэх магадлалтай. Жишээ нь эсээ бичих, шалгалт өгөх зэрэг хувь хүний ур чадвартай холбоотой зүйлс дээр ёс суртахуунгүй үйлдэл гарган ашиглаж байвал эргээд өөрт нь үр дүнгүй, мэдлэг болохгүй гэв.
Хиймэл оюун ухаан боловсролын салбарт, хөдөлмөрийн зах зээлд хэр нөлөөлж байгаа талаар Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Б.Амарболдоос лавлав. Тэрээр “Одоо үүн дээр л хувь хүний ухамсарын түвшин, хиймэл оюунаас илүүрхэх ур чадварын ялгаа харагдана. Нэг талаар хиймэл оюун ухааныг хэрэглээ болгож, өөрийн туслах мэтээр, ажлыг хөнгөвчлөх зорилгоор ашиглавал асар том давуу тал болчихож байгаа юм. Харин эсрэгээрээ түүгээр хичээлээ хийлгээд байвал ярих ч юм биш. Хиймэл оюун ухааны боол нь л болно гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээл дээр бол яалт ч байхгүй эзлэгдэх дөхөөд байгаа. Ирээдүйд хиймэл оюун хэр хөгжиж, ямар түвшинд очихыг бид ч хэлж мэдэхгүй. Асар хурдтай хөгжиж байна” гэв.
Удаах сул тал бол нийгмийн харилцаа буурна. Хиймэл оюуны систем хэрэглэх тусам хүн хоорондын харилцаа багасах эрсдэлтэй. Хүүхдүүд найзуудтайгаа ярилцахаас илүүтэй харилцан ярианы хиймэл оюуны системд хандах магадлалтай. Дээр дурдсанчлан миний найздаа шоолуулсан жишээ үүнд багтана. Бас нэгэн хачирхалтай, сэтгэл сэрдхийлгэм зүйл гэвэл долоо хоног бүр нэг сая орчим хэрэглэгч ChatGPT-тэй амиа хорлох, сэтгэл гутрал, ганцаардал, айдас, сэтгэлзүйн талаар харилцдаг ажээ. Бидэнд энэ нэгдэх өдрөөс дараагийн даваа гараг хүртэл нэг долоо хоног хэр богино хугацаа байдаг билээ. Яах ийхийн зуургүй л шинэ долоо хоног эхэлдэг. Яг энэ богино хугацаанд нэг сая хүн хиймэл оюунд хандаж байна гэдэг бага тоо биш. Хүнээс илүү хиймэл оюуныг нэгт тавьжээ. Цаашлаад технологиос хэт хамааралтай болох, шинэ санаа шинэлэг бүхнийг хиймэл оюунаас хайвал шинийг эрэлхийлэх, бүтээлч сэтгэлгээ үгүй болох болзошгүй эрсдэл байгааг тус тус дурдсан юм.
Чи хийгээгүй, бас хийсэн
Хиймэл оюуны дараагийн нэгэн үс унагах шалтаг бол хуурамчаар дүрс үйлдэх. Таны царайны төрхийг нейрон сүлжээний технологиор хувирган дүр төрх, дуу хоолойг хуурамчаар үүсгэх эсвэл өөр хүнтэй сольж харуулах дүрс, видео, аудио контент юм. Энд зөвхөн таны царай дажгүй гарчихсан зураг л хангалттай. Бусад зүйлсийг хиймэл оюун ухаан хийнэ. Монголд болсон нэгэн тод жишээ гэвэл энэ жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр Улсын гарди, хуучнаар бол аймгийн хурц Арслан Н.Өсөхбаярын бичлэг билээ. Наадмын дараа шинжилгээний сорьцын хариу гарч нэр бүхий гурван бөхөөс хориотой бодис илэрсэн нь батлагдсан. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг хүмүүс энэхэн агшинд хоёр талцан хуваагдаад байсан юм. Энэ л ээдрээт үед уг бөхийн зургийг ашиглан “Би хэрэглээгүй, намайг худал гүжирдэхээ боль” хэмээсэн хуурамч бичлэгийг цахим орчинд тарааснаар байдлыг улам хурцатгасан. Харин азаар Өсөхбаяр өөрөө мэдэгдэл хийснээр эл байдлыг намжаав. Тэгээгүй бол цаашид яах байсныг үгүйсгэх аргагүй. Орчин үеийн залуус, хиймэл оюуны талаар мэдлэгтэй, ажигч гярхай хүмүүс бол ялгаж чадаж байгаа юм. Харин үүнээс хол цахим хэрэглэгчид ялгааг эс ойлгоно. Үүнээс болж томоохон цахим залилангуудад ч ихээр өртөж, ноцтой хохироод байгаа.
Хүн мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айдаг
2024 оны физикийн Нобелийн шагналтан Жеофре Хинтон шагналын индрээс өөрийхөө нээлтийг “аймшигтай” хэмээгээд буужээ. Шалтгаан нь “хиймэл оюун ухаан хүнээс илүү хурдан суралцаж эхэлж байна. Хэрэв тэдний зорилго бидний ашиг сонирхлоос зөрвөл бид тэднийг хянах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө сайжруулж эхлэвэл хүн түүнийг зогсоох аргагүй, энэ нь цөмийн зэвсэгтэй адил аюултай асуудал болно” гэв. Хүн төрөлхтөн тодорхойгүй ирээдүй, тодорхойгүй мэдрэмж, тодорхойгүй харилцаа гэх мэт баталгаагүй зүйлсээс маш их айдаг. Хиймэл оюун ухааны хөгжил өөрөө тодорхойгүй хурдаар, ирээдүйд яах, юунд хүрэх, ямар үр дагавар гарах нь тодорхойгүй байгаа учраас ирээдүйн том асуудлуудын нэг мөн. Бүтээлийнхээ боол нь болсон цагт хүн төрөлхтөн мөхнө (Todko Samson).
Энэ хүрээд эцэс төгсгөлгүй асуудлуудаа дуусгая. Бид хаачих вэ, яах вэ? Юун түрүүнд улс орноороо хиймэл оюун ухааны талаар тодорхой бие даасан мэдлэгтэй болох хэрэгтэй. “Эд мэдэхгүй хүн эдийн нэрийг гутаана” гэдэг шиг давуу чанаруудыг нь мэдэхгүй буруугаар ашиглах, буруу нөлөөнд итгэх зэргээр хохироод байна. Боловсролын хүрээнд гэхэд хиймэл оюуныг ашиглан гадаад хэл сурах хандлага ажиглагдаж эхэлсэн, дуу хөгжмийн ертөнцөд орж ирэх болсон. Бид үндэсний томоохон хиймэл оюун ухаантай болох гэхээсээ илүүтэй гадаадын хиймэл оюун ухаануудыг бүрэн дүүрэн биш юмаа гэхэд тодорхой хэмжээнд ашигладаг болчихвол энэ нь өөрөө манай улсад давуу тал болох юм. Nvidia компанийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг “Хиймэл оюун ухаан таны ажлын байрыг булаах гэхээсээ илүү, AI хийдэг, хөгжүүлж чаддаг хүн таны ажлын байрыг булаана гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” гэжээ.
Хүн хүнээсээ илүүгээр үнэлэгдэхгүй болох цаг хаяанд иржээ. Хувь хүний харилцаа хандлагад ч тэр, ажлын байрны боловсон хүчний эрэлтэд ч тэр. Цөм л хиймэл оюун ухааныг нэн тэргүүнд тавьж ам уралдан ярьцгаах дэлхийн жишиг нэгэнт тогтсон байна. Энд бидний гаргалгаа юу байж болох вэ? Ярьсаар байгаа боловсролын салбартаа анхаарах уу? Хиймэл оюун ухааныг ор мөргүй алга болгох уу?

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9