НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Асуулт: Парламент иргэдтэйгээ тэгш эрхтэй байх уу, илүү тэгш эрхийг хүсэх үү?!
АНАЛИЗ

Асуулт: Парламент иргэдтэйгээ тэгш эрхтэй байх уу, илүү тэгш эрхийг хүсэх үү?!

8 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Ялгаатай нь ардчилсан нийгэмд хууль иргэнд ч, эрх баригчдад ч ижил тэгш үйлчилдэг. Эсрэгээрээ хууль иргэнд нэг өөр, даргад даабль стандартаар үйлчилдэг нийгмийг автократ засаглал гэнэ.

Монголын парламентын гишүүдийн камерын өмнөх үг, камерын ардах үйлдэл хоёр байнга зөрчилддөг. Хууль тогтоогчдын өөрсдөдөө зориулсан хууль нь зөөлөн, ард иргэддээ зориулсан хууль нь хатуу зүйлчлэлтэй. Үүний нэг жишээ нь 2024 оны 5-р сарын 16-ны өдөр шинэчлэн батлаж, 126 гишүүнтэй парламент үйл ажиллагаагаа эхлүүлсэн өдрөөс мөрдөгдөж эхэлсэн УИХ-ын тухай хууль. Олон нийтийн анхаарал сонгуулийн уур амьсгал руу чиглэж, улс төрийн хэрүүл, тойргийн хуваарилалт, мандатын өрсөлдөөн рүү шилжсэн хойгуур чоно борооноор гэгчээр хууль тогтоогчид хуулийн хулгай хийсэн нь энэ байв. 

Шинэчилсэн найруулгаар батлагдсан уг хуулийн 41.7 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хар тамхи хэрэглэсэн, танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодистой жагсаал хийсэн, гамшиг, халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм зөрчсөн, бэлгийн дарамт учруулсан, хулгай хийсэн, хөрөнгө завшсан, согтуу машин жолоодсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн ямар ч хариуцлага хүлээхээргүй болсон.

Иймээс Үндсэн хуулийн Цэцийн дунд шатны хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж заасны “… түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Ингээд Монголын парламент гахай илүү тэгш эрхтэй байх эсэхээ дахин хэлэлцэхээр болж байна. Жирийн иргэн замын хөдөлгөөний журам зөрчих, танхайрах, хүүхдийн тэтгэлгээ өгөхгүй байх, эсхүл бусдын хөрөнгийг завшихад хууль хатуу үйлчилдэг. Атал хууль тогтоогчдын өөрсдөдөө зориулж баталсан энэхүү заалтаар УИХ-ын гишүүд халдашгүй байдал нэрээр захиргааны болон иргэний хариуцлагаас мултрах дааль стандарттай болсон билээ.

Угтаа парламентын гишүүний халдашгүй байдал нь үг хэлснийхээ төлөө, мөн УИХ-д оруулсан санал, гаргасан шийдвэрийнхээ өмнөөс эрүүгийн болон бусад хариуцлага хүлээхгүй байх эрх болохоос жирийн иргэнд үйлчилдэг хуулиас мултрах бамбай байх ёсгүй.

Хууль тогтоогчид нь өөрсдөдөө хуулийн давуу эрх олгож, өөртөө зориулж тусгай эрх бий болгох юм бол “хууль хүн бүхэнд тэгш эрхтэйгээр үйлчилнэ” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим алдагдана. Ардчилалын үнэт зүйлтэй харшилна. Хуулийн засаглал бэхжихэд хамгийн гол үзүүлэлт нь хууль тогтоох танхимаас шударга ёс эхэлдэг байх зарчим.

Тиймээс манай ардчилсан парламент ардчилалтай эсэхээ харуулах аль эсвэл тэнд хэдийнэ автократ засаглал тогтсоныг нотлох 2 сонголтын өмнө ирлээ.

Нэгдүгээрх нь, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, гаргасан алдаагаа засч, хуулийн тэгш эрхийг бий болгох. Хоёрдахь нь, Цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж, гахай илүү тэгш эрхтэйгээ ахин нотлох. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн дунд шатны хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авахгүй нөхцөлд Монголын парламент муу дээрээ муухай харагдана. Парламент уг шийдвэрийг хүлээж авахгүй буцааж болох ч Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлт гарах дараагийн хувилбар бий.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг парламент яаж хүлээн авахаас парламентын нэр хүнд хамаарна. Хуулийн засаглал гэж чухамдаа хууль тогтоогчид ба энгийн иргэдэд хууль ижил тэгш үйлчлэхийг л хэлнэ. Жирийн иргэн жижиг зөрчил гаргахад хууль хатуу үйлчилдэг атлаа албан тушаалтан ноцтой зөрчил гаргасан ч ял шийтгэлгүй үлдэх нь хуулийг даган биелүүлэх нийгмийн дэг журам алга болдог. Энэ тохиолдолд парламентад байхгүй шударга ёсыг иргэд гудамжнаас чулуу бариад нэхэхэд хүрч мэднэ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ