НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Их Британи: Сошиал медиагийн донтолттой тэмцэнэ
АНАЛИЗ

Их Британи: Сошиал медиагийн донтолттой тэмцэнэ

2026 оны 3-р сарын 31
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер технологийн компаниудын хэрэглэгчдийг, ялангуяа хүүхэд залуусыг дэлгэцэнд "хүлж" буй зарим онцлог функцуудыг хуулиар хориглох ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийллээ. Тэрбээр энэ асуудалд өмнө нь байгаагүй хамгийн хүчтэй шүүмжлэлийг өрнүүлж, зарим функцыг "зөвшөөрч болохгүй" гэж мэдэгдсэн юм. Түүний үзэж байгаагаар сошиал медиа платформууд залуу үеийнхнийг өөртөө донтуулахын тулд сэтгэл зүйн арга заль хэрэглэж байгаа бөгөөд Засгийн газар үүнийг таслан зогсоохын тулд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай болжээ.

Ерөнхий сайдын хэлснээр, хэрэглэгчдийг тасралтгүй гүйлгэх (scrolling) болон аппликэйшнийг өдөр бүр ашиглахыг уриалдаг "streaks" зэрэг алгоритм нь хүүхдүүдийг дэлгэцийн хамааралтай болгож байна. Тэрбээр “Sunday Mirror “сонинд өгсөн ярилцлагадаа "Платформууд хүүхдүүдийг аль болох удаан хугацаанд дэлгэц харуулах, тэднийг донтуулахыг хичээж байна. Үүнд ямар ч зөвтгөх шалтгаан байхгүй гэж би үзэж байна. Тийм ч учраас бид үйл ажиллагаа явуулж, шаардлагатай зохицуулалтыг хийх болно" хэмээн онцолжээ.

Австрали улсад хэрэгжүүлж эхэлсэн шиг 16-гаас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг бүрэн хориглох санааг дэмжиж байгаагаа дурдсан юм. Одоогоор Британийн Засгийн газар олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүний дараа томоохон өөрчлөлтүүд гарна гэдгийг амлалаа. "Хойч үе биднийг энэ арга хэмжээг аваагүйн төлөө уучлахгүй" гэж тэрбээр тодотгожээ.

Боловсролын нарийн бичгийн дарга Брижит Филлипсон мөн энэ асуудалд ижил байр суурьтай байна. Сошиал медиа платформууд нь анхнаасаа л хүний анхаарлыг татаж, тэднийг удаан хугацааны туршид өөрөөсөө хамааралтай байлгах зорилготой загварчлагдсан гэдгийг санууллаа. Би-Би-Си-гийн "Laura Kuenssberg-тэй Ням гараг" нэвтрүүлэгт оролцохдоо тэрбээр "Насанд хүрсэн хүний хувьд ч сошиал медиагаас анхаарлаа салгахад хэцүү байдаг. Тэгвэл энэ бүхэн өсөж хөгжиж буй хүүхдийн тархинд ямар нөлөө үзүүлэхийг бид маш нухацтай бодох хэрэгтэй" гэв. Засгийн газрын зөвлөлдөх хэлэлцүүлэг нь хүүхдийн зөвшөөрөгдөх дижитал нас, донтуулагч контент болон алгоритмаар удирдагдаж буй мэдээллийн урсгалд хязгаарлалт тогтоох асуудлыг голчлон судалж байгаа аж.

Их Британи ийнхүү хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Саяхан АНУ-д Meta (Facebook, Instagram) болон Google (YouTube) компаниудын эсрэг нэгэн чухал шүүх хурал болж, шүүхээс тэднийг хүүхдийн сошиал медиа донтолтод буруутай гэж үзсэн байна. Тус хэргийн хохирогч эмэгтэйд $6 саяын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь технологийн гигантуудад том сануулга болжээ. Хэдийгээр компаниуд давж заалдахаа мэдэгдсэн ч энэ нь дэлхий даяар сошиал медиагийн нөлөөллийг хууль эрх зүйн хүрээнд авч үзэх шинэ үе шатыг эхлүүлээд байна.

Засгийн газрын зөвлөлдөх хэлэлцүүлгийн хүрээнд Их Британийн дөрвөн үндэстний 300 гаруй өсвөр насны хүүхдүүдийг хамарсан туршилтын хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэхүү туршилтаар:

  • Сошиал медиагийн бүрэн хориг,

  • Дижитал "хөл хорио" буюу цагийн хязгаарлалт,

  • Зарим аппликэйшнийг түр идэвхгүй болгох зэрэг аргыг хэрэглэж үзэх юм.

Энэ нь бодит амьдрал дээр сошиал медиаг хязгаарлахад ямар үр дүн, хүндрэл гарч болохыг тодорхойлох зорилготой. Одоогийн байдлаар 30,000 орчим эцэг эх, хүүхдүүд "Дижитал сайн сайхан байдал"-ын зөвлөлдөх хэлэлцүүлэгт санал бодлоо ирүүлээд байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа 5-р сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Их Британийн Засгийн газрын энэхүү алхам нь технологийн салбарт "Зэрлэг баруун" шиг үе дуусч байгааг илтгэж байна. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, тархины хөгжлийг ашиг орлогоос дээгүүрт тавих цаг болсон гэдгийг Кир Стармерын засаг захиргаа маш тодорхой илэрхийллээ. Ирэх саруудад гарах шийдвэрүүд нь зөвхөн Британид бус, дэлхий даяар сошиал медиаг хэрхэн зохицуулах жишиг болох магадлалтай байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж