НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МАН мандтугай, авлига бадартугай!
АНАЛИЗ

МАН мандтугай, авлига бадартугай!

2026 оны 6-р сарын 21
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа, Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос хаажээ. Мөн Н.Тавинбэхийн зөвлөхийнхөө компанид 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрчим хүчний сайд байхдаа хууль бусаар олгосон гэх авлига, албан тушаалын эрүүгийн хэрэг нь хашааны модны хулгайн хэргээр солигджээ.

Ингээд 10 аймгийн дулааны станц ч үгүй, авлига, хулгайн хэрэгтэн ч үгүйгээр жүжиг дуусч, хөшиг хаагдах бололтой.

Монголын хууль, шүүхийн байгууллагын үүдээр ороод гардаг цагаан захтнуудын авлига, хулгайн хэргүүд энэ мэтээр хэрэгсэхгүй болох, эсвэл торгууль, тэнсэн төдийгөөр хаагддаг нь хэвийн үзэгдэл болсон. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийн засгийн үед АТГ-аас нүүрсний 17 хулгайчаар нэр цохон зарласан сэжигтнүүдээс шоронд суусан нь ганцхан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, эсрэгээрээ Х.Баттулга, Ө.Шижир, Р.Сэддорж нар УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд орцгоосон нь болсон явдал.

Тэгвэл Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн авлигын хэргийг хэрэгсэхгүй болгон, “актлагдсан хашааны хулгай"-гаар ял төлөвлөж, шүүх рүү шилжүүлсэн нь чухамдаа хуулийн салбарт бас нэгэн инээдтэй хийгээд эмгэнэлт кэйс болж үлдэх нь гарцаагүй. Гэх мэтчилэн цагаан захтнуудын авлига, луйврын том, том мөнгөн дүнтэй хэргүүдийг хэвлэлээр сүржин мэдээлж, тэднийг дуулиан, шуугиантайхан баривчилдаг ч төгсгөл нь 4 сарын 1 болж дуусдаг бодит жишээ цөөнгүй.

Долоон тэрбум төгрөгийн санхүүжилт, 10 гаруй аймгийн дулааны станцын төсөл бол улс орны стратегийн, үндэсний аюулгүй байдлын хэмжээний том сэдэв, том гэмт хэрэг. Үүнийг зөвлөхийнхөө компанид хууль бусаар олгосон уу, үгүй юу гэдгийг шалгаж байсан хуулийнхан гэнэтхэн "гэмт хэргийн шинжгүй" гээд хавтаст хэргийг нь хаасны цаана олон нийт олон хардлагатай үлдэж байна.

Тэр тусмаа тэмээ шиг том тэмдэгтэй авлигыг нь нүдээ аниж өнгөрөөчихөөд, хулгана шиг жижигхэн асуудлаар туг тахиж суудаг Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагад ард иргэд яаж итгэх билээ!

Тэгэхээр 10 аймгийн дулааны станцын төсөлтэй холбоотой 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хаах болсон шалтгаанаа прокурорын байгууллага ядаж хүн үнэмших шалтаг олж хэлэх ёстой.

Том хулгайч нар нь тэрбум тэрбумаар нь идэж, улс төр, хуулийн хамгаалалтад орчихоод дураараа дургиж байхад, жижиг албан тушаалтнууд бүлэглэлийн золиос болж үлддэг тийм тогтолцоог авлигатай тэмцэж байна гэж хэлэхгүй. Энэ бол авлигыг улам бүр мэргэжлийн, далд, бүлэглэлийн, барьцааны шинжтэй болгож буй гажуудал юм. Тэр мөртөө хуулийн засаглал биш хуулийнхны засаглал Монголд тогтож байна гэсэн үг.

Тэмээ зувчуулсан нь ч, хулгана хулгайлсан нь ч адилхан шүүхийн хаалга татахыг уг нь хуулийн засаглал гэж хэлнэ. Түүнээс авлига авсан нь хожоод, ард иргэд нь хохироод үлддэг тогтолцоог ардчилсан улс гэхгүй.

Хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, зөвхөн фракц хоорондын наймааны хэрэгсэл болсон цагт авлигатай тэмцэх нь зүгээр л эрх баригчдын улиг болсон уриа, ард түмнийг хуурдаг үлгэр хэвээрээ  үлдэх болно.

Иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг зүйл бол хохирлын хэмжээ болон хэргийн жин нөлөө. Өчнөөн тэрбумыг хулгайлсан нь ордонд үлдэж, өнчин ишиг хулгайлсан нь шоронд суудаг даабль стандарт Монголд өдгөө ч амь бөхтэй байсаар.

Үндсэндээ АТГ байгуулагдаад өдгөө 16 жилийн нүүрийг үзэж байна. Харамсалтай нь, жилээс жилд олон улсын авлигын төсөөллийн индексээр Монгол Улс урагшлах бус ухарсаар, улс орон авлигын улам бүр лаг шавартайгаа хутгалдсаар ирлээ.

Байгуулагдахдаа л хараат бус, бие даасан гэх сүржин тодотголтой, "Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэх" эрхэм зорилготой АТГ өнөөдөр эрх баригч намын фракцуудын харилцан биенээ барьцаалдаг, өрсөлдөгчөө заналхийлдэг "айлгах хэрэгсэл" төдий болж хувирсан нь нууц биш. Уг нь дээрх үгээ АТГ үүдэндээ хадах биш үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай юм.

Статистикаас харахад АТГ-ын төсөв, орон тоо, эрх мэдэл жил бүр нэмэгддэг ч авлигын индексээр ухарсаар байгаа нь эл байгууллага ажлаа хийж чадахгүй, эсвэл хийхийг хүсэхгүй байгаагийн бэлээхэн нотолгоо.

Иймээс Ардын нам, АТГ, прокурорын байгууллагад хэлэх үг байна: Авлигатай бүү тэмц. Эсрэгээрээ МАН мандтугай, авлига бадартугай л гэе!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж