

Мета корпорац хиймэл оюун ухааны дэд бүтэц болон супер оюун ухааны (superintelligence) хөрөнгө оруулалтаа дэмжих зорилгоор нийт 95 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөж байгаагаа даваа гаригт мэдэгдлээ.
CNBC (2026-10-26)
Энэхүү мэдэгдлийн дараа зах зээл нээгдэхийн өмнөх арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 1.6 хувиар өссөн байна. Nvidia, AMD болон Broadcom зэрэг технологийн гигантууд $5 хүртэлх тэрбумын хувьцааг худалдан авах сонирхолтой байгааг Мета албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
Технологийн салбарын тус гигант эхний ээлжинд андеррайтингийн аргаар нийтэд санал болгох хэлбэрээр $35 тэрбум босгох бөгөөд дараа нь "зах зээлийн ханшаарх хөтөлбөр"-өөр дамжуулан нэмэлт 60 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэх аж.
Хаяперскейлерүүд хиймэл оюун ухааны дэд бүтцийг байгуулахад түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй үед энэхүү мэдээ гарч байна. Goldman Sachs-ийн тооцоолсноор 2026 оноос 2031 оны хооронд тооцоолон бодох хүчин чадал, дата төв болон эрчим хүчний салбарт хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын нийт хэмжээ $7.6 их наядад хүрч магадгүй байна.
Метагийн төлөвлөж буй эдгээр хөрөнгө оруулалтууд нь компанийн аппликейшнуудын экосистем, "Muse" хиймэл оюун ухааны агент болон дата төвийн бизнес зэрэг "AI-ийн шинэ боломжуудыг" дэмжих болно гэдгийг даваа гаригт онцоллоо.
Тус компани эдгээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийг үйл ажиллагааны мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй өрийн баримт, түншлэл болон өөрийн хөрөнгийн холимог бүтцээр дамжуулан тэнцвэржүүлэхээр төлөвлөж байна.
Мета нь AI-ийн тэсрэлтэд шаардлагатай өндөр өртөгтэй дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд өрийн хэрэгслийг улам бүр ихээр ашиглаж буй томоохон хаяперскейлерүүдийн нэг юм.
Өнгөрсөн долоо хоногт Мета компани гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд орлого нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсөж, $64.60 тэрбумд хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байсан $63.37 тэрбумаас давсан үзүүлэлт болсон юм. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид тус компанийн чөлөөт мөнгөн урсгалын хасах үзүүлэлт болон жилийн эцсийн хөрөнгийн зардлын өндөр таамаглалд илүү ач холбогдол өгсөн байна.
Компани жилийн эцсийн хөрөнгийн зардлын таамаглалынхаа доод хязгаарыг $130 тэрбум байсныг $135 тэрбум болгон өсгөж, нийт зардлыг $135-145 тэрбумд хүрнэ гэж үзсэн юм. Энэ нь тухайн өдрийн хувьцааны ханш унах шалтгаан болжээ.
Мета тус бүр нь нэгээс дээш гигаваттын хүчин чадалтай дөрвөн "суперкластер" байгуулж байгаа бөгөөд 2026 он гэхэд дэд бүтцийн нийт хүчин чадлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Нэмэлт хөрөнгө босгох энэхүү шийдвэр нь "AI-ийн зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд хоцрохгүй байхад шаардагдаж буй асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг илтгэж байна" гэж CCS Insight-ийн ахлах түнш Бен Вүүд CNBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Мета нэмэлт хувьцаа гаргаж байгаа явдал нь Google, SpaceX болон удахгүй Anthropic зэрэг олон компаниуд хөрөнгө босгохоор зах зээл рүү хандаж байгаа үетэй давхцаж байна."
Google-ийн толгой компани болох Alphabet зургадугаар сард S85 тэрбумыг босгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. SpaceX компани график процессор худалдан авах зорилгоор $40 тэрбумын өрийн санхүүжилтийг хийж дуусгасан бол Anthropic компани IPO хийхээр бэлтгэж байна.
Мөн АНУ-ын TikTok компани ирэх жилүүдэд хэд хэдэн гигаваттын тооцоолон бодох хүчин чадлыг баталгаажуулахаар ажиллаж байгааг CNBC баасан гаригт мэдээлсэн юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.