НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сэтгүүлчдийн талаарх ярианы үнэн ба худал
АНАЛИЗ

Сэтгүүлчдийн талаарх ярианы үнэн ба худал

1 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг үг сэтгүүлчдийн дунд бий болоод буй үйл явдлын өрнөлд яг тохирно. МСНЭ-ийн шинэ удирдлагын зүгээс 1000 сэтгүүлчийн форум хийх зар чухам энэ үеэр тарсан нь даарин дээр давс нэмсэн явдал боллоо. Энэхүү форумыг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Л.Нинжжамц аль хавар сонгогдох үеийнхээ мөрийн хөтөлбөрт оруулсан байсан нь цаг хугацааны хувьд ингэж таарсан бололтой.

Салбарын сэтгүүлчдийн толхилцооноос үүдэн нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд унаж, салбарт итгэх итгэл улам буураад байна. Сэтгүүлчдийн нэр хүнд, тэдэнд итгэх итгэл Монголд ч, дэлхий даяар ч буурч байгааг олон судалгаа илтгэдэг.

Үйл явдлын өрнөлтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн талаар салбарын дотно болон гаднаас олон хүн байр сууриа илэрхийлж, “хуушуурдалт” хүртэл зохион байгууллаа. Сэтгүүлчдийг тойрсон элдэв ярианы аль нь үнэн, аль худал вэ?

Асуулт 1.Хаалтын гэрээ гэж байдаг уу?

Хаалтын гэрээ гэдэг зүйл хаана ч байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага бизнесийн үйл ажиллагаа явуулахын тулд хэн нэг этгээд, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ хийдэг. Энэ бол бизнесийн нийтлэг жишиг. Бизнесийн гэрээнд оролцогч талууд өөр өөрсдийн эрх ашгийг бодолцсон заалт тусгадаг зарчмаар хамтын ажиллагаатай байгууллагын талаарх батлагдааагүй, сөрөг мэдээллийг нийтэлж, нэвтрүүлэхээр болбол гэрээлэгч байгууллагын байр суурийг харгалзана гэсэн утгатай заалт оруулдаг. Үүнийг хаалтын гэрээ гэж Монголын нийгэмд хэлж, ярьж ирсэн.

Энэ заалтыг хэрхэн, яаж ашиглах нь тухайн редакцийн эзэн, удирдлага болоод гэрээ хийсэн талын байр суурь, хандлагаас ихээхэн хамааралтай байдаг нь харин нууц биш.

Асуулт 2.Сэтгүүлчид хүн гүтгэдэг үү?

Сэтгүүлчээр сурч боловсрол эзэмшсэн нь төдийгүй хэнбугай нь ч хүн бусдыг гүтгэх ёсгүй. Гүтгэх заалтыг олон улс оронд гэмт хэрэг гэж үзэн хуульчилсан байдаг. Монгол Улсад мөн Эрүүгийн хуульд тусгайлан заасан байж байгаад нэг хэсэг Зөрчлийн хуульд оруулсан байснаа больж буцаагаад Эрүүгийн хуульд “илт худал мэдээлэл тараах” гэсэн агуулгаар оруулсан. Энэ оны эхээр Үндсэн хуулийн Цэц энэ заалтыг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн бөгөөд одоогоор гүтгэх үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авч энэ заалтыг шинээр найруулан оруулж ирэх учиртай.

Сэтгүүлчийн ажлын гол зарчимд нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэл нь баримтаар нотлогдоно, эх сурвалжаар баталгаажна, эх сурвалжийн олон түвшинг ашиглана гэж заасан байдаг. Хэрвээ энэ зарчмаа баримталбал хүн гүтгэх зүйл гарахгүй. Гэвч сэтгүүлч хүн гэдэг бол нийгмийн аль болохгүй байгаа, хууль бус, буруу байгаа зүйлсийг ил гарган мэдээлэх үнлсэн шинж чанартай. Энэ процессийн явцад хууль бус, буруу зүйлд нэр нь холбогдсон этгээд сэтгүүлчийг буруутгах, цагдаад гомдол гаргах, редакцийг бүхэлд нь харлуулах сонирхолтой байдаг, ийм зүйлийг туулаагүй ямар ч редакц Монголд битгий хэл, дэлхийд ч байхгүй.

Ялангуяа эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнууд хууль, цагдаад гомдол гаргах нь түгээмэл байдаг. Шувуу болон нисчихээд харь газраас жиргээд байгаа Х.Нямбаатар бол Зөрчлийн хуулийн гүтгэх заалтыг сэтгүүлчдийн эсрэг хамгийн идэвхтэй ашигласан хүний нэг юм.

Огт оргүй зүйлийг сэтгүүлч бичнэ гэж үгүй, харин баримт дутуу байх, эх сурвалжаар баталгаажуулаагүй байх алдаанаас болж сэтгүүлч хүн гүтгэсэн хэрэгт унадаг.

Нэгээс нь мөнгө авч нөгөөг нь муулдаг гэсэн шүүмжлэл ихээхэн гарах болсон. Үүнийг мэргэжлийн үүднээс нэг талын тэнцвэргүй мэдээлэл гэж үзэх бөгөөд хэрвээ ийм мэдээлэл гаргасан бол бичсэн сэтгүүлч, нийтэлж, нэвтрүүлсэн редакц хуулийн дагуу хариуцлагаа хүлээх учиртай.

Асуулт 3. Сэтгүүлчдэд дагаж мөрдөх ёс зүйн дүрэм байдаг уу?

Байдаг. Нийт салбарын дагах ёс дүрэм байхаас гадна редакц өөрийн ёс зүйн дүрмийг батлан мөрдөж болдог. Энэхүү ёс зүйн дүрэм нь дэлхий нийтийн жишгийн дагуу, сэтгүүлчийн ажлын зарчимд үндэслэгдсэн байдаг.

Ёс зүйг мөрдүүлэх олон янзын жишиг байна. Салбарынхан хамтран байгуулсан зөвлөл, хороо, консул гэж янз бүрээр нэрлэгддэг байгууллага сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг иргэдээс хүлээн авч ёс зүйн дүрэм зөрчигдсөн эсэхийг хянадаг. Үүнийг өөрийн зохицуулалтын байгууллага хэмээн нэрийдэх бөгөөд улс болгон өөр өөрийн онцлогт тохируулан янз бүрийн санкцийн механизмтайгаар байгуулсан байдаг. Зарим улс оронд шүүхийн шийдвэртэй дүйцэхүйц хэмжээнд байдаг бол зарим нь редакцад сануулга өгөх, залруулга гаргахыг шаарддаг.

Монголын тухайд 2015 онд ХБНГУ-ын төслийн санхжүүжилтээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулж, МСНЭ-ийн үйл ажиллагаанаас ёс зүйн асуудлыг салган авсан. Өнгөрсөн хугацаанд тус зөвлөлд иргэд, байгууллагаас 650 гаруй гомдол ирсэн байдаг. Олны дунд хамгийн их шүүмжлэлд өртдөг редакциудад хамаарах гомдол Хэвлэл мэдээллийн зөвлөлд илүүтэй ирж байгаа нь нийгэм сэтгүүлчдийн ажилд соргог хандаж буйн илрэл юм. Гэвч тус байгууллагын дүрэм ёсоор ёс зүйн алдаа гаргасан редакцийн нэрийг зарим тохиолдолд илээр дурдан, зарим тохиолдолд дурдахгүйгээр хэвлэлийн мэдээ болгон түгээдэг. Энэ нь салбартаа болоод нийгэмд ямар нэг өөрчлөлт үзүүлэхгүй, шүдгүй арслан мэт байгаагийн дээр гаднын донор байгууллагуудад илүүтэй танигдаж, дотооддоо сэтгүүлчдийн дунд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүйн дээр удирдлага нь дүрмийн бусаар ажиллаж хэдхэн хүний хувийн компани мэт болсон.

Асуулт 4. Хэвлэл мэдээллийн салбарын харилцааг ямар хуулиар зохицуулдаг вэ?

Ганцхан хуулиар зохицуулдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль юм. Хууль ердөө 4-хөн заалттай. Энэ хуулиар төрөөс хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан хууль, шийдвэр гаргахгүй байх, хэвлэл мэдээллийн агуулгад төрөөс хяналт тавихгүй байх, төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулан санхүүжүүлэхийг хориглосон.

Энэ хууль нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хөгжихөд чухал түлхэц болсон, өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй. Гэсэн ч хэвлэл мэдээллийн салбар өргөжин тэлж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам энэ салбарт зохицуулах шаардлагатай олон харилцаа, асуудлууд бий болсон нь үнэн. Ялангуяа технологийн хөгжлийн дагасан сүүлийн жилүүдийн үйл явц салбарт шинэ шинэ зохицуулалтыг улам бүр шаардаж байгаа. Харин энэ зохицуулалтыг хэн хийх нь ойлгомжгүй явсаар өнөөг хүрсэн. Сэтгүүлчид нь талаар нэг тарсан, салбарт ажилладаг хэдэн ТББ нь дотоодын өөрчлөлт, хандлагыг органикаар мэдрэхээс илүүтэй, гаднын жишиг, туршлагыг махчлан тулгах хандлагатай.

Яг үнэндээ 1990 оноос хойш ганц хуулийг эс тооцвол ямар ч зохицуулалтгүй, урсгалаар явж ирсэн салбар гэж хэлж болно. Салбарыг зохицуулахаар хэд хэдэн удаа хуулийн төслийг Ерөнхийлөгч болон Засгийн газраас боловсруулж байсан ч тухай бүр салбарынхны эсэргүүцэлтэй тулан гацсаар ирсэн. Эдгээр оролдлого нь 1998 оны хуулийг шинэчлэх маягаар боловсруулагдсан байсан бөгөөд ингэхдээ салбарын тулгамдсан асуудлуудын зохицуулалтыг тусгадаг ч 1998 оны хуулийн мөн чанарыг дордуулж ирсэн байдаг. Зүй нь 1998 оны оны хуулийг хөндөлгүй хэвээр үлдээж, салбарт зориулсан тусдаа хуулийг гаргах нь зөв хувилбар юм. Жишээ нь, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль.

Хэдийгээр ганцхан хуультай мэт харагдаж байгаа ч өөр бусад хуульд сэтгүүлчийн, редакцийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах заалтууд орсон байдаг. Тухайлбал, Гамшгийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай гэх мэт.

Асуулт 5. Хэвлэл мэдээлэл бизнес мөн үү?

Мөн. Хэвлэл мэдээллийн байгууллага ашгийн төлөө байгууллага боловч хоёрдмол үүрэгтэй, ашиг олохоос гадна олон нийтийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. Мэдэх эрхийг хангах контентоор дагнавал тухайн редакц ашигтай ажиллаж чадахгүй, дампуурах болно. Тиймээс улс орнуудад олон нийтийн статустай хэвлэл мэдээллийн хэрэгслийг төсвөөс санхүүжүүлж иргэдийнхээ мэдэх эрхийг хангадаг. Энэ нь МҮОНРТ юм.

Ашгийн төлөөх редакциуд бэлтгэсэн мэдээ, контентоо худалдах болон зар сурталчилгаагаар орлого олох нь медиа бизнесийн үндсэн загвар. Гэхдээ энэ загвар маш хурдан өөрчлөгдөж байгаа, энэ өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, технологийн компаниудадалдаад байгаа мөнгөн урсгалаа хэрхэн эргүүлж олж авах тал дээр дэлхийн редакциуд, хэвлэлийн менежерүүд толгойгоо ид гашилгаж байна.

Харин Монголд энэ үйл явц улс төрөөс, төсвөөс орлогоо олох загвар руу шилжсэн нь сэтгүүлчдийн дунд одоо үүсээд байгаа маргаан, хэрүүлийн уг шалтгаан юм.

Монголд сэтгүүл зүйг зөв зам руу хөгжүүлье гэвэл бизнесийн зөв орчин бий болгох ёстой. Сэтгүүлчид нь чанартай, ёс зүйдээ захирагдсан контент бэлтгэж, энэ контентийг  хэрэглэгч мөнгөөр худалдаж авдаг байх учиртай.

Сайн редакц, сайн сэтгүүлч Монголд ажилласаар байгаа, гагцхүү тэд өөр өөрсдийн баянбүрдэд л ажиллаж байна.  

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ