2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


НЗДТГ-аас Улаанбаатар хотын такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан хөдөлгүүртэй 2000 автомашин авах төсөл хэрэгжүүлэхээр болсон нь нийгэмд багагүй талцал, шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Улаанбаатар хотын албан ёсны такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан хөдөлгүүртэй/PHEV/ 2,000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож үйлчилгээнд явуулах гэнэ. Тухайлбал, эхний жилд 1000, гурван жилийн дараагаас 500 такси авахаар тооцсон. Эдгээрийг авахдаа анхны хөрөнгө оруулалт 77 тэрбум төгрөгийн 74% буюу 57 тэрбумыг хувийн хэвшлээс гаргах бол үлдсэн 26%-ийг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй, 6 жилийн хугацаанд эргэн төлөхөөр тооцоолсон талаар НЗДТГ-ын албан сайтад мэдээлжээ.
Ингээд энэ талаарх олон нийтийн сүлжээнд дэх иргэдийн байр суурийг, хотын даргын тайлбартай хамтад нь хүргэе.
УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ: Х.Нямбаатарыг тэр канондсон хувилбаруудтай нь хамт энэ ардчилсан хотоос явуулах хэрэгтэй. Эрх нь НИТХ-д, Ерөнхий сайдад бий. НИТХ бол өөрийнх нь угсарсан бүтэц. Тэгэхээр Ерөнхий сайд л чадна. Хэрэв энэ улсад яг Ерөнхий сайд байгаа бол шүү дээ.
Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР: Попрохоос өөр шидгүй, суудал бөглөж суугаа хүнийг харах харамсалтай юм. Хийдэг ганц ажил нь Х.Нямбаатарыг ноолох. Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд хандан “Олон эзэнтэй боолын зовлон хэцүү ч юм даа. Өөрөө өөртөө эзэн байх хувь дутсан, өөрт оногдсон ажлаа ч хийж чадахгүй попрохоос өөр шидгүй, суудал бөглөж суугаа залуу хүнийг харах харамсалтай юм. Нэг л хийдэг ажилтай, тэр нь Нямбаатарыг ноолох. Бүрэн эрхийн чинь хугацаа талдаа орлоо. Ганц хууль санаачилж батлуулж үзэв үү. Эвээ олохгүй байгаа бол ах дээрээ ирээд зөвлөгөө ав. Боловсруулсан хуулийн төслүүд байна. Аваад өргөн барь. Хий хоосон байран дээрээ хий эргэж, попорч суухын оронд энэ олон түмэнд хэрэгтэй ажил хий. Ч.Лодойсамбуу.
UBCab Holding-ийн үүсгэн байгуулагч Н.ОТГОНБАЯР: Х.Нямбаатар ажилдаа огт гүнзгий ордоггүй, доор нь ажилладаг албан хаагчид нь бужигнуулдаг эсвэл оройгүй худалч хүн гэж санагдлаа‼️
Хоёр жилийн өмнө П.Сайнзориг хотын орлогч байхдаа ажлын хэсгийн даргаар ажиллаж, хотын даргын өргөн барьсан хуулийн дагуу хотод хувийн машинаар бүртгэлгүй хүн таксинд явахыг хориглох шийдвэрийг батлуулсан бөгөөд зөрчсөн жолоочийг 5 саяар торгох санал оруулсан.
Өнөөдөр хотын дарга энэ асуудлыг ярихдаа “хэзээ тэгсэн юм” гэж хэлсэн нь гайхмаар санагдав. Ж.Сандагсүрэн орлогч асан нь нийт 77 тэрбум төгрөгийн төсөвтэй, 2000 такситай, 4500 жолоочтой баазыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжүүлэхээр төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгчийг Хотын хөгжлийн корпорациар сонгон шалгаруулж, нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 20 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгохоор НИТХ-аар батлуулсан. Гэвч өнөөдөр хотын дарга Ерөнхий сайдын хажууд такси эрхтэй компаниудаас санал авч 1200 машиныг такси компаниудад нээлттэй дэмжлэгэтэйгээр өгөх тухай төсөл гэж НИТХ-аар батлуулснаас эсрэг юм ярьж байх юм!
Мөн огтоос танихгүй миний талаар ерөнхий сайдад УИХ-д дэвших гэж олныг үймүүлж, сенсааци үүсгэх гэж оролдож явдаг балай юм байгаан гэнэ ээ! Мөн энэ нэг юм UBCab-тай огт хамаагүй, “хувьцаагаа зараад юу ч үгүй болсон” гэв!
Би улс төрд орох сонирхолгүй, гуйгаад ч орохгүй.Би UBCab Holding-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн бөгөөд стратегийн хамтын ажиллагааны захирлаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР: Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг зохион байгуулалттайгаар бүлэглэн гуйвуулж, улстөржүүлж, олон нийтийг талцуулж байна.
Энэ хотыг цэвэр цэмцгэр болгоё, хөгжүүлье, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё гэхээр өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн дээгүүр тавьж, бусдыг турхирч суудаг нөхдийг олон түмэн ус тосыг нь ялгаад ойлгочихно. Би бодлогоосоо ухрахгүй.
УИХ-ын гишүүн Ц.БААТАРХҮҮ: Төр 20 тэрбумаар ТАКСИ компани байгуулна гэнэ. Ухралт шүү. Хот стандарт тогтоож, дараа нь бүгдэд нь боломж олгох ёстой. Хувийн хэвшлийн орон зайг булааж болохгүй.
UBCab Holding-ийн үүсгэн байгуулагч Н.ОТГОНБАЯР: Энэ удаад дуугарахаас өөр арга байсангүй. Хэрвээ дуугараагүй бол маш буруу жишиг тогтож, цаашид хэвийн мэт ойлгогдох эрсдэлтэй байсан учраас бид шүгэл үлээж, байр сууриа илэрхийлэхээс өөр сонголтгүй байлаа.
Улаанбаатар хот өнгө үзэмжтэй, соёлтой такси үйлчилгээтэй байхыг бид огт эсэргүүцээгүй. Өрсөлдөөнийг ч мөн адил эсэргүүцээгүй. Харин гоё зорилго дэвшүүлчихээд, түүнийг хэрэгжүүлэх арга барил нь бүдүүлэг, гэнэн, бодит нөхцөлөөс тасарсан төслийг Хотын хөгжлийн корпораци боловсруулж оруулж ирсэнд л бид дургүйцэж байна.
Түүнчлэн уг төслийг батлуулах явцдаа НИТХ-ын төлөөлөгчдөд илт худал, нэг талыг барьсан мэдээлэл өгч, “нэг компани хэт монополь байдалтай болсон, өөр аргагүй” гэх мэт бүдүүлэг жишээгээр тайлбарласан нь энэ салбарт олон жил хийж ирсэн бидний хөдөлмөрийг үгүйсгэж, олон мянган жолоочийг хууль бус мэтээр цоллосонд гүнээ эгдүүцэж байна.
Үүн дээр нэмээд хотын дарга аливаа асуудалд ухаалгаар бус, уур бухимдлаар хандаж байгааг олон нийтэд ил тод хардаг болсон.
Иймд бид бусдын адил уур бухимдлаар бус, ажил хэрэгч байр сууриас хандаж, хотын нийтийн тээвэр, такси үйлчилгээний хөгжлийн талаар хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг нээлттэй сонсгол, хэлэлцүүлгээр ярилцах ёстой гэж үзэж байна.
Энэ хүрээнд 1000 жолоочийн чуулган зохион байгуулж, хотын такси үйлчилгээний зовлон, жаргалыг биеэрээ мэддэг жолооч нарын өмнө хотын удирдлагууд ирж албан ёсны мэдээлэл өгөх, мөн бид ч өөрсдийн санал бодлоо шаардлагаа нээлттэй, ил тод хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
Бид ууртай, мунхаг хандлагад уур бухимдлаар бус, ажил хэрэгч байдлаар хандаж, хувь хүнтэй биш асуудалтай ярилцаад нэг үзье гэж бодож байна. Мянган жолоочийн чуулган 12-р сарын 30 нд болно!
“Од мөндөр” сувгийн үүсгэн байгуулагч Г.ЗАНДАНХҮҮ: UBcab, Grab, Uber, Tino … гээд эдгээр компани такси компани биш юмаа. Энэ хэд чинь технологийн компаниуд юм.
Такси компани яадаг гэхээр компани өөрсдийн машинтай, жолооч нар нь компанийн ажилчид байдаг, бизнесээр бол хуучин загварын бизнес. Технологийн платформ болохоор компани машин эзэмшдэггүй, жолооч нь хувиараа үйлчилгээ эрхэлдэг буюу өдөржин явна уу, шөнөжин явна уу, ажлынхаа хажуугаар хийнэ үү өөрөө мэднэ, эрэлт нийлүүлэлтийг апп-аар зохицуулна, ашгаа программ үйлчилгээний шимтгэлээс олчихно. Алдаа оноогоо хэрэглэгчийн санал гомдлоор аваад өөрсдөө сайжраад явчихдаг юм. Энэ бол бизнесийн шинэ бөгөөд оновчтой загвар.
Жишээ татъя л даа, Сингапурын хоёр нөхөр 25000 доллараар (100 хүрэхгүй сая төгрөгөөр) буюу 20 тэрбум төгрөгийн 1 хүрэхгүй хувиар нэг бизнес эхлүүлсэн нь Grab.
Grab:
Хотын төсвөөс мөнгө аваагүй
Хот өөрөө такси аваагүй
2000 машин худалдаж аваагүй
Харин:
Жолооч нарыг технологиор холбосон
Стандарт, ил тод байдал, хяналтыг системээр шийдсэн.
Тэгээд юу болов? Өнөөдөр Grab-ыг хаа сайгүй, Зүүн Өмнөд Азийн олон оронд хэрэглэж байна. Би сая Вьетнамд өдөр бүр Grab дуудлаа (Tino гээд монгол аппын тусламжтай). Такси нь цэвэрхэн сайхан байна.
Яагаад?
Учир нь хот нь цэвэрхэн, зам нь гоё байхгүй юу! Grab хэдэн жолоочтойг мэдэх үү? Одоо энэ бизнес хэдээр үнэлэгдэж байгааг төсөөлж чадах уу? Хамгийн чухал нь татварт хэдийг төлж байгааг хараад огшиж нэг үзэх үү?
Тиймээс Нямбаатар чи гоё машин оруулж ирээд яах юм? Ийм зам дээр хэдэн жил гоё байж чадах юм? Бүгд түгжирчихсэн байхад чиний машин нисч ирэх юмуу?
UBcab-ийн машины жолооч өөрийнхөө машиныг бохир заваан байгаасай гэж хүсдэг гэж бодоод байгаа юмуу? Энэ чинь чиний удирдаж байгаа хотын чинь байгаа байдал. Чи бид бүхний 20 тэрбумыг гоё шинэ машин авахад зарцуулчихаар такси гоё сайхан болчихно гэдэг “дэлхийн түүх”-ээс хуваалцаач.
Ингэж хэлэхээр яагаад тролл арми надруу явуулаад хэмлээд байгаа юм? Яагаад намайг 2028 онд нэр дэвших зорилгоор чамайг харлуулаад байна гэж зориуд гуйвуулаад байгаад юм?
Энэ бүгдийг нэгтгэж дүгнэвэл чи энэ 20 тэрбум (нэмэх нь хэдэн арван тэрбум) төгрөгөөс цуслах гээд чичрээд байгаа юм биш биз? Та нарт ногоон автобуснаас авахуулаад, замын бродюр гэх мэт хулгайн түүх нэн арвин тул надад ингэж хардах бүрэн эрх бий. Ер нь тэгээд үнэнээс хол зөрөхгүй дээ. Та нар нэг луйвар л бодож олоо биз.
Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР: Улс төрд орох гэж танигдах гэсэн үзэгдлүүд байна. Сэдвээ ойлгохгүй. Наад жолооч нарт чинь зээл өгье. Цэвэрхэн стандартын машинтай бол. Бүртгэлтэй аюулгүй үйлчилгээтэй бол гээд бгаа юмаа. Дэлхийн бүх хот стандартын такситай. Хот таксины үйлчилгээ өөрөө хийх гээгүй. Хувиараа такси эрхэлдэг хүмүүс нэгдээд тус бүртээ стандартын такси үйлчилгээ үзүүлдэг бол гээд төлөвлөж бнаа. Энэ нөхөр 2028 баталгаатай гуравдагч, дөрөвдөгч намаас дэвшинээ. Амжилт хүсье.
УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР: 2025 онд “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” 226 хуудастай ТЭЗҮ-г Нийслэлийн ЗДТГ, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХХК нар хамтран боловсруулсан байна. Уг ТЭЗҮ-ийн “барилга байгууламж” хэсэгт парк шинэчлэхтэй холбоотой анхны хөрөнгө оруулалт 77 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Үүний 74% буюу 57 тэрбум төгрөгийг 16.5% хүүтэй банкны бизнесээ өргөжүүлэх үйл ажиллагааны зээлээр, 26% буюу 20 тэрбум төгрөгийг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй гэж тусгасан байна. Такси үйлчилгээнд хэрэглэх Тээврийн хэрэгсэлээрээ цахилгаан хөдөлгүүртэй BYD E6 загварын автомашиныг бүүр сонгосон байна. Мөн 1км-г эхний жилд 2000 төгрөгөөр тогтоож, шөнийн цагаар 2500 төгрөг, оргил ачааллын үед 1минутанд 120 төгрөгөөр нэмэгдэж байхаар тогтоосон байна. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын зарчим юу болсон бэ.
Эдийн засагч Ц.ЛУТ-ОЧИР: Хот апп хөгжүүлж бүх юмыг төвлөрүүлэх гэдгээ болих хэрэгтэй. Төсвийн мөнгөөр хувийн бизнестэй өрсөлдөж шахаа хийдэг дарга нарын бизнес шүү дээ. Hotula гэдэг апп-д хэдийг зарсан бол. АТГ рүү өгөх үү дээ.
“Алтан тариа” компанийн гүйцэтгэх захирал П.ЦЭНГҮҮН: Нэг гараараа(баруун) эдийн засгийн эрх чөлөө, хувьчлал гэж төрийг авсаархан болгоно гэснээ нөгөө гараараа(солгой) төрийн зохицуулалт (regulations), оролцоо гэж төрийг дахин данхайлгана. Эрх баригчид(МАН) өөрсдийгөө итгэж үл болох, хуурамч, хулхи гэдгээ алхам бүрдээ харуулна.
Х.ДАГИНАС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9