

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын амин зүрх болсон эрчим хүчний салбарт "улаан гэрэл" ассаар удаж байна. Гэтэл энэ салбар хоёр хүний хэрүүлээс болж, хямрах уу, хөгжих үү дээрээ туллаа. Нэг талд нь Эрчим хүчний сайд Б.Найдалаа, нөгөө талд нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хоёр зогсоод учир зүггүй хэрүүл хийх болсон нь эрчим хүчний салбарын гол асуудлыг анхаарлын төвөөс сарниулахад хүргэв. Угтаа энэ салбараас гишүүн болсон М.Энхцэцэг гишүүн урьд өмнө нь “улаан гэрэл” ассан эрчим хүчний салбарыг шинэчлэх, өөрчлөх боломж байсан. Атал “номер нэг” нөхөртэйгөө нийлээд эрчим хүчний салбараас цөөнгүй тендер авсан нь түүний улстөржилтийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахад хүргэв. Тэгвэл Б.Найдалаа сайд эрчим хүчний салбарт хэр реформ хийж буйгаа олон нийтэд ойлгуулж, таниулах ёстой.
Үндсэндээ, өнгөрсөн хугацаанд улстөрчид төсвийн мөнгийг үр ашиггүй, замаар нь цацаж байх зуур Дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмж хэзээ мөдгүй зад тавихад бэлэн болсон. Эхнээсээ ч дэлбэрч, эрдэнэт хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдал болсон нь энэ салбар ямар хүнд нөхцөлд орсныг сануулсан гашуун сургамж болсон билээ. Салбарын хэмжээнд иж бүрэн реформ хийхгүйгээр Монгол Улс бүхэлдээ таг харанхуй болох эрсдэл хаалга тогшоод удаж байна.
Өнөөгийн байдлаар нийслэл болон бүс нутгийг эрчим хүчээр хангаж буй гол станцуудын ашиглалтын түвшин аюулын заагт тулж ирсэн. ДЦС II-ийн техник тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа бүрэн хэтэрсэн бол ДЦС III-ын тоног төхөөрөмжийн элэгдэл 90 хувь, ДЦС IV-ийнх 70-80 хувьтай байна. Эдгээр станцуудын зуухнууд техникийн нөөц бололцоо нь дууссан ч бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажилласаар байгаа нь аваарын эрсдэлийг өдөр бүр дагуулж байгаа юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажил болон станцуудын шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэж байна. 2026 оны төсвийн тодотголоор эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд ₮186.2 тэрбумыг батлуулсан. Мөн Засгийн газрын нөөц сангаас ₮5.45 тэрбумыг гаргаж, станцуудын зуухны яаралтай засварыг санхүүжүүлснээр өвлийн оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг хангана гэж үзэж буй аж.
Мөн Засгийн газраас УИХ-аар хэлэлцүүлсэн 2027 оны төсвийн төсөлд ₮1 их наядыг цахилгаан станцуудад зарцуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан. Тухайн төслийн санхүүжилтийн ₮532 тэрбумыг орон нутагт, ₮517 тэрбумыг Улаанбаатар хотын цахилгаан станцуудад төсөвлөж байна. Үүнээс онцлон дурдвал Улаанбаатар хотын ДЦС III болон ДЦС VI станцуудад нийт ₮451 тэрбумыг төсөвлөж байгаа бөгөөд хэрэв энэхүү төсөв батлагдвал 2027 онд нийслэлчүүд өвөл хөлдөх айдасгүй амьдрах боломж бүрдэх юм.
Гэвч яаралтай засвар ба төсвийн тарилгаар аргацаах биш, эрчим хүчний салбарт сууриар нь реформ хийх нь Монгол Улсын урт хугацааны аюулгүй байдлын ганц баталгаа болно.
Тухайлбал, эрчим хүчний тарифыг бодит өртөгт нь нийцүүлэх шаардлагатай. Салбарын алдагдлыг бууруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд үнэ тарифыг үе шаттайгаар чөлөөлөх, инфляц болон валютын ханшийн хэлбэлзэлтэй уялдуулах хэрэгтэйг эдийн засагчид зөвлөдөг. Эрчим хүчний үнийг чөлөөлснөөр эмзэг бүлгийнхэнд томоохон дарамт ирнэ. Тиймээс төрөөс эмзэг бүлгийн өрхүүдийг зорилтот халамжийн бодлогоор дэмжих замаар эрчим хүчний салбарыг чөдөр, дөнгөнөөс салгах ёстой.
Хоёрдугаарт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх замаар төрийн монополийг халах шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдлыг хангаж, шийдвэр гаргалтад улс төрийн нөлөөллийг бууруулахгүйгээр эрчим хүчний салбарын авлига, хулгай, алдагдал, дампуурлыг бүрэн шийдэх боломжгүй. Эцэст нь, сануулахад М.Энхцэцэг гишүүн ээ, эрчим хүчний салбар уйлж байна!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.