

Кроны капитализм зах зээлийн үнийн сигналыг баллуурдан, тариаланчдад горьдлого төрүүлж, гурилын үйлдвэрүүд Оросын хямд буудай руу хошуурах нөхцөл бүрдүүлжээ. Үндэсний тариаланчид, дотоодын зах зээлээ хамгаалах, иргэддээ хямд гурил идүүлэх төрийн сайхан сэтгэлийн үзүүрт татвар төлөгчдийн мөнгө ёолох эрхгүй гиншинэ. Харин жилийн жилд төрийн санд буудайгаа тогтмол шахдаг Хөдөлмөрийн баатар, Гавьяатууд тэрбум тэрбумын ашиг хийж, түшмэдэд аяганы хариуг нь өгчихөөд алгаа үрэн ирэх жилийг хүлээнэ.
“Бид дотоодынхоо гурилын хэрэгцээг 100 хувь хангана, түүхэндээ аваагүй арвин ургац хураалаа” гэж цээж дэлдэн найр хийсэн тариаланчид хавар нь трактороо зарахдаа тулж, иргэд ноднингийнхоос үнэтэй гурил худалдаж авдаг гаж үзэгдлийг манай төр найруулдаг. Өнгөрсөн 25 жилд өчнөөн сайд солигдож, нэрээ гурав сольсон хэдий ч кроны капитализист сонгодог театрийн жүжиг хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Гурвантаа нэрээ сольсон кроны капитализм
Төрийн сангуудын алдаа завхарлыг заагаад өгөхөөр түшмэд байгууллагынхаа нэрийг өөрчилдөг. “Буудай сан” (1996–2005) анх үүсэхдээ тариаланчдад бензин, үр зээлээр өгөх нэрээр өрөнд унагаж, яамны сайд нарын далд орлогын үүсвэр болсон түүхтэй. Идлэг уулга нь ил нь болмогц Засгийн газрын 139-р тогтоолоор “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /ТЭДС/ (2005–2021) гэдэг ребрендинг хийж, 2007 оноос улаанбуудайн урамшуулал гэдгийг эхлүүлсэн. Энэ хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс 585.3 тэрбум төгрөгийг цацаад бодит үр дүнд хүрээгүй боловч 2006 оны хуучин журам нь өнөөг хүртэл шинэчлэгдсэнгүй, ТЭДС нь хэдэн зуун тэрбумын өрөнд баригдаж гэмт хэргийн үүр болсон. “Сан” гэдэг үгийг иргэд жигшээд ирмэгц дахин ребрендинг хийж “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК /ХААК/ (2021 оноос өнөөг хүртэл) гэх болжээ.
Аман дээрээ “Хүнсний аюулгүй байдлыг хангах, үнийг тогтворжуулах” ариун зорилго тунхагладаг. Ачир дээрээ хэдхэн лоббичинд татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах тасалбар хэвлэж өгдөг кроны капитализмын сонгодог жишээ болж хувирсан.
Кроны капитализмын ид шид
Кроны капитализмын схем нэр томъёоноосоо ч энгийн. Энэ намар ХААК стратегийн нөөц нэрээр тариаланчдаас 100 мянга гаруй тонн улаанбуудайг нэг тонныг нь 1 150 000 - 1 45 000 төгрөг (дунджаар 1.3 сая төгрөг)-өөр худалдаж авчээ. Нэмээд Засгийн газраас I зэргийн буудайн тонн тутамд 55 000 төгрөг, бусад ангилалд 50 000 төгрөгийн бэлэн мөнгөний урамшуулал данс руу нь хийнэ.
Хавар ХААК өнөөх буудайгаа гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй үнээр эсвэл элеваторыг нь түрээслэсэн хөлсөндөө тооцон хямд зарна. Үйлдвэр нэг кг гурилын түүхий эдийг 1 200 төгрөгөөс хэтрүүлэлгүй авдаг атал нэг кг гурил 2 700 – 3 000 төгрөгөөс буусан удаа үгүй.
Төр улаанбуудайг өндөр үнээр авч, урамшуулал өгөөд, хавар гурилын үйлдвэрүүдэд хямд зардөг байтал гурилын үнэ өсөөд байдаг нь кроны капитализмын ид шид. Улаанбуудайгаа төрийн санд шахдаг, төрөөс хямд түүхий эд авдаг, төртэй сүлбэлдсэн хэдэн монополи ашиг олоод иргэд жил бүр өмнөхөөсөө үнэтэй гурил идэх нь манай төрийн мэргэн бодлогын үр дүн.
Оросын хямд буудай ба ЕАЭЗХ-ны бэлэг
Энэ жил байдал бүр дордлоо. Нэг талаас, Монгол Улс түүхэндээ байгаагүй 497.1 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Гэвч энэ түүхэн амжилт хоёр цохилтод нам тавиуллаа. Байгаль цаг уураас шалтгаалаад ургацын дийлэнх нь цавуулаг багатай, үйлдвэрлэлийн шаардлага хангаагүй гэнэ. Гурилын үйлдвэрүүд тариаланчдынхаа буудайг шалгуурт тэнцэхгүй гээд голж шилэв. ОХУ бас түүхэн рекорд тогтоож, 75 сая тонн улаанбуудай хураан авчээ. Гэтэл Хар тэнгисийн боомтууд нь цохилтод өртөн экспорт нь саатаж, улаабуудай газар дээрээ 150 ам.доллар (525 000 – 532 500 төгрөг)-ын үнэтэй байна. Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоотой (ЕАЭЗХ) хийсэн хэлэлцээрээр улаанбуудайн гаалийн татварт квоттой хөнгөлөлт үзүүлнэ. Манай төрийн тогтоосон үнээс 2.5 дахин хямд Оросын улаанбуудай дотоодын тариаланчдыг хямраав.
Булган, Цагааннуурын боомтоор Оросын хямд бөгөөд чанартай буудай үер шиг цутгаж, манай импортыг 11 дахин өсгөжээ. Төрийн нөөцөд буудайгаа шахах суваггүй, 350 мянган гаран тонн ургацтай үлдсэн тариаланчид зах зээл дээр өрсөлдөх аргагүй мухардалдаж, гурилын үйлдвэрүүд Оросын хямд буудай руу хошуурав.
Төрийн тэнэглэл
Төр “Бид Хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулаад арилжааг ил тод, зах зээлийн зарчмаар явуулдаг” гэдэг. Амьдрал дээр төрийн бирж гэгч нь зах зээлийн ямар ч мэдрэмжгүй, ямар компаниас хэдэн тонн буудай авсан нь “нууц”, түшмэдийн хувийн хөрөнгийг өсгөдөг талбар юм.
Үнэ гэдэг зах зээл дээрх олон субъектийн эрэлт, нийлүүлэлт, цаг агаар, шатахуун, цаашлаад дэлхийн зах зээлийн савлагааг багтаасан аугаа том мэдээллийн сүлжээ. Тариаланч болоод гурилын үйлдвэрт бодит сигнал өгч, зах зээл дээр үнэ аяндаа тогтдог.
Гэтэл манай төр зах зээлийн энэ сигналыг хайхралгүй, сайд нь тушаал гаргаад нэг тонн улаанбуудайг 1.3 сая төгрөгөөр авахаар тогтоочихож. Үр дүнг нь хар даа. Дэлхийн зах зээл дээр, тэр дундаа хөрш ОХУ-д нэг тонн улаанбуудайн үнэ унасан атал манай төр өндөр үнээр нөөц бэлтгэжээ. Хойтон хавар ХААК улаанбуудайгаа авсан үнээсээ хямд зарахгүй нь тодорхой. Ингээд ард түмэн энэ жилийнхээс үнэтэй гурил иднэ, эсбөгөөс ХААК-ийн үнэтэй буудайг гурилын үйлдвэрүүд авалгүй өнжиж, хадгалалтын өртөг шингээд улаанбуудайн үнэ талийна. Гэхдээ кроны капиталистууд өөрт ашигтай шийдвэр гаргах биз ээ.
ХААК зах зээлийн үнийн сигналыг баллуурдан, тариаланчдад горьдлого төрүүлж, гурилын үйлдвэрүүд Оросын хямд буудай руу хошуурах нөхцөл бүрдүүлжээ. Үндэсний тариаланчид, дотоодын зах зээлээ хамгаалах, иргэддээ хямд гурил идүүлэх төрийн сайхан сэтгэлийн үзүүрт татвар төлөгчдийн мөнгө ёолох эрхгүй гиншинэ. Харин жилийн жилд төрийн санд буудайгаа тогтмол шахдаг Хөдөлмөрийн баатар, Гавьяатууд тэрбум тэрбумын ашиг хийж, түшмэдэд аяганы хариуг нь өгөөд алгаа үрэн ирэх жилийг хүлээнэ. Тэд төрийн хууль зөрчөөгүй, тэгэхдээ зах зээлээс гадуур тавилан эдлэх хувьтай ажгуу.
Нийтлэлч БАТБАЯР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.