2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11


Долоон жилийн өмнө Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүн асан О.Баасанхүүтэй маргахдаа “Чи удахгүй гудамжинд гарна аа” гэж байв. Манай улстөрчдийн хувьд энгийн иргэн болохыг “гудамжинд гарна” гэж ойлгодог, мань эр тэр утгаар О.Баасанхүүг заналхийлсэн хэрэг. Монголд хууль жирийн иргэнд нэг өөр, парламентын гишүүдэд бүр өөр үйлчилдэг учраас тэд ингэж бие, биеэ доромжилдог.
Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхдээ ардчилал, хүний эрхийн талаар багагүй хөндөх болсон. Угтаа ардчилал гэдэг нь хууль нэг зарчимтай, УИХ-ын гишүүд, энгийн иргэн хоёрт ижил тэгш үйлчлэхийг хэлдэг. Хуулиа дээдэлдэг, нийгэм нь ёс зүйтэй улс оронд улстөрчдөд тавигдах ёс суртахууны хариуцлага энгийн иргэнээс илүү хатуу чанга байдаг. Эсрэгээрээ манайд энгийн иргэнд ёс суртахууны хариуцлага нь ч, хуулийн хариуцлага нь илүү хүнд үйлчилдэг.
Гадны парламентчид Монголын улстөрчид шиг ёс зүйгээ “бөгсөндөө чихэх” юм бол шоронд ордоггүй юмаа гэхнээ парламентын танхимаас хөөгдөнө. Харин манай УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрх гэдгээ үнэт зүйл, үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлын хамгаалалтаас илүү хулгай луйврынхаа “хуяг” болгодог. Ийм болохоор дурын Отгонбаатарууд УИХ-ыг тараана гэж дөвчигнөхөд хүрч байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр УИХ-ын санал хураалтаар шийднэ. УИХ-ын нэр бүхий зарим гишүүн “Парламентын дархлаа алдагдана. Дарангуйлал тогтоно” гэж эсэргүүцэж буй. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэж үгтэй.
Гэнэтхэн ухаан орсон мэт ардчилал, хүний эрх яриад яваа хүмүүс үнэндээ УИХ-ын индэр дээрээс бусдыг доромжилж, заналхийлээд суудаг байсан нь саяхны л явдал.
“Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед УИХ түүний Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажиллаж ирсэн. Шүүмжилсэн болгоныг хэвлэлээр дайрч, төрийн байгууллагуудаар дарамтлуулдаг байсан” гэж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний хэлсэн үг үнэхээр барах л юм. Өөрийг нь эсэргүүцэж жагссан иргэдийг, үзэл бодлоо илэрхийлсэн гишүүдийг гурван үсэгтэй байгууллагуудаар /АТГ, ТЕГ, татвар/дарамтлуулдаг байсан гашуун жишээ олон бий. Одоо л бүгдээрээ ардчилалд хайртай гэж матрын нулимс унагаад эхэлсэн болохоос. Эрх мэдэлтэй байхдаа иргэдээ хэрхэн дарамталж байсан нь гүүглэд хэлсэн, ярьсантайгаа бий.
Эх орон гэх үг адгийн шааруудын хоргодох сүүлчийн оромж байсан бол өдгөө ардчилал болж хувирсан байна. Гэвчиг ардчиллын заналт дайснууд эрх мэдэлд эргэж очих аваас эргээд ардчиллыг устгахаас буцахгүй...
Парламентын дархлаа бол парламентын нэр хүнд юм. Нэр хүндгүй парламентад дархлаа гэж үгүй. Хууль баталдаг байгууллага нь хулгайчдын орогнол болчхоод байхад парламентын дархлаа ярих нь харин ч эмгэнэл. Парламент дахь авлига, хулгай, дээрэм, тонуул үндсэндээ Монголын үндэсний аюулгүй байдалд асуудал дагуулаад удаж байна. Монголын эрх ашигтай холбоотой шийдвэрийг парламент дээр унагаадаг, гацаадаг гадны төслүүд Женко.Баттулгаас аваад цөөнгүй. Ардчилсан намын ХЕХ-нд орсон З.Энхболд УИХ-ын дарга байхдаа “Тавантолгойг та бидэнд авч үлдээсэн” нэртэйгээр тэд нүүрсний хулгайгаа хийцгээсэн нь одоо л бидэнд ойлгомжтой, тодорхой болж байна.
Монголд өнөөдөр хамгийн нэр хүнд муутай институци нь хууль тогтоох байгууллага болсон. Энгийн иргэний эрхийг хязгаарладаг хуулийг баталдаг гишүүд хулгай, луйварт холбогдсон ч хуулийн гадуур үлддэг нь Монголын парламентын нэр хүндийг шавар, шавхайтай нь хутгаж байна. Тэр ч байтугай лайв хийж, олонд танигдчихвал УИХ-ын гишүүн болоход амархан гэх ойлголт ч Шар хадны галзуучуудад хэдийнэ төрчихсөн. Товчхондоо, Монголын парламентын босго ч жижгэрсэн, нэр хүндгүй ч болсон. Улс төрийн намуудын рейтинг хамгийн ихдээ 4%-аас дээшлэхгүй байгаа нь уг нь том сигнал юм.
Улсын дээд шүүхийн бүртгэлээс харвал Монголд 38 улс төрийн нам бий. Гэвчиг институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нам нэгээхэн бээр алга. Улаан, хөх, ногоон, ягаан, улбар шар гэсэн өнгөнөөс өөрөөр тэдэнд үнэт зүйлийн ялгарал үгүй болсон.
Улс төрд өрнөж байгаа үйл явдлуудаас харахад үнэт зүйлээрээ өрсөлдөх биш үе хоорондын зодоон өрнүүлж байна. Уг нь улс төрийн нам нь гурван үеийн хэлхээ байдаг. УИХ-д ялангуяа гурван үеийн төлөөлөл орж ажиллах ёстой.
Хэн нэгэн даргын дохиурчид, улс төрийн талаар “А”-гүй нөхдүүд парламентын гишүүн болох ямар аюултайг, тэд өргөсөн тангаргаасаа няцаж зөвхөн өөрсдийнхөө бүлэглэлд хэрхэн үйлчилдгийг бэлээхэн жишээ бол өнөөгийн парламентын дүр төрх юм.
Парламентын үндсэн үүрэг хууль батлах юм. Хуралдаандаа огт суудаггүй хүмүүс манай парламентад цөөнгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы хуралдаандаа огт суудаггүй болохыг ангийн нөхөд нь амаараа батлах болсон.
Тэрчлэн хуульд цэг, таслал асар чухал үүрэгтэй. Атал өнгөрсөн 2024 оны сонгуулиар улс төрийн реформ нэрээр УИХ-ын гишүүн болсон 126 дотор цэг, таслал, том жижиг үсгээ ч мэдэхгүй бичиг үсгийн хагас хугас боловсролтой нөхөд цөөнгүй орж ирсэн.
Хувь хүнийхээ үг-үйлдлийг хянаж чадахаа больсон хүмүүс яаж хуулийн найруулга, цэг таслал дээр ажиллах вэ дээ.
Бусад орны улстөрчид нэгд улсынхаа эрх ашгийг, хоёрт намынхаа нэр хүндийг тавьдаг. Үг-үйдлийн алдаа гаргасан бол ёс суртахууны хариуцлагаа ухамсартайгаар хүлээдэг. Харин манай парламентын гишүүд нэгд, хувийн эрх ашиг, хоёрт, бүлэглэлийн эрх ашгаа тавьдаг. Өөрийнхөө болон бүлэглэлийн эрх ашгийн төлөө улсаа нураахаас ч сийхээ больсон. Өнгөрсөн хугацаанд манай УИХ, улс төрийн намууд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцож ирсэн бол өнөөдөр парламент галзуу, согтуу хүмүүсийн тайз болохгүй байсан билээ.
Ёс суртахууны доройтлын амьд жишээнүүд өнөөдөр хамгийн их ёс зүй ярьж сууна. Өөртөө байхгүй ёс зүйг бусдаас хайж болдоггүй юм.
Улс төрийн намууд нь хариуцлагагүй, УИХ нь ёс зүйгүй бол УИХ-ын гишүүдийн ёс зүйг хаанаас, хэнээс нэхэх вэ. Дархлаа нэрээр даабль стандарт эдлэхийг ардчилсан парламент гэхгүй, авлигажсан танхим л гэнэ.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11