НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Зах зээлийн прогноз өндөр байлаа ч дотоодын дэд бүтэц, ложистикийн гацаа хэвээр байна
АНАЛИЗ

Зах зээлийн прогноз өндөр байлаа ч дотоодын дэд бүтэц, ложистикийн гацаа хэвээр байна

2 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Дэлхийн банкнаас өнгөрсөн долоо хоногт танилцуулсан түүхий эдийн зах зээлийн тоймд дурдагдсан тоонууд Монголд нэн таатай байхаар гарчээ. Түүхий эдийн үнэ 2026 онд 23% өсч, 2027 онд 7% буурах төлөвтэй байгаа аж.

Дэлхий дахинд үүсээд буй геополитикийн өөрчлөлт, үүнийг дагасан зах зээлийн хариу үйлдлүүд түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байгааг Дэлхийн банк онцолсон байна. Тухайлбал, Ойрхи Дорнодын мөргөлдөөн, тээврийн саатал, түлш, шатахуун болоод хүнсний бордооны үнэ нэмэгдсэн эрчим хүчний үнийг 32%, металлын үнийг 25%, хүнсний түүхий эдийн үнийг 10% өсгөжээ.

Эрдсийн түүхий эдийн үнийн төлөв Монголд ихээхэн ашигтай тусахаар байна. Манай экспортын орлогын нэг гол түүхий эд болох зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрээд байна. 2026 оны зэсийн дундаж үнийг өмнөх оноос 32.7% өндөр буюу тонн тутамд $13,200 байна хэмээн Дэлхийн банк тооцжээ. Харин ирэх 2027 оны зэсийн үнийн таамгаа өнгөрсөн 4-р сараас 18% өсгөж $13,000-т хүрнэ гэжээ.

2026 оны эхний 9 сарын байдлаар зэсийн бүтээгдэхүүн нийт экспортын 47%-ийг бүрдүүлсэн. Энэ хугацаанд Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 29% өсч 312 мянган тоннд хүрээд байна. Гэвч 10-р сарын дундаас Хятадын тал боомтын технологи, дэд бүтцийн шинэчлэл хийж буйтай холбоотой Гашуунсухайт-Ганцмод боомтын зэсийн экспортын цуваа 70% багасч, хэвийн үетэй харьцуулахад экспортын орлого $300 саяар тасалдаад байна.

Хэдийгээр Монголын экспортын голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд үнэ нэмэгдсэн ч Монголд энэ нь шууд нөлөөлдөггүй. Энэ нь Хятад гэсэн ганц худалдан авагчтай, экспортын хэмжээг нэмэгдүүллээ ч тээвэр ложистик хүчин чадал хязгаартай байгаатай холбоотой.

Тээвэр ложистиктэй холбоотой хоёр тохиолдол сүүлийн өдрүүдэд гараад байгаа, эхнийх нь өмнө өгүүлсэн Оюутолгойн зэсийн цуваа Гашуунсухайт-Ганцмод боомтод саатсан явдал бол хоёр дахь нь Тавантолгой-Манлай-Ханги боомтын нүүрс тээврийн зам 10-р сарын 27-ноос зогсоод байгаа явдал.

Өнгөрсөн 2025 оны 5-р сард ашиглалтад орсон 473 км энэ замаар өдөртөө 200-400 машин нэвтэрч нүүрсийг Ханги боомтод хүргэдэг. Өнгөрсөн жил ашиглалтад орсон хэдий ч замын эвдрэл их байгаа нь тээврийн жолооч нарт аюултай байгаа талаар гомдол тавих болжээ. Үүнээс гадна хураамж хэтэрхий өндөр байгаа учраас бууруулж өгөх хүсэлтийг тээвэрчид Зам, тээврийн яаманд тавьжээ.

Энэхүү замыг “Тахилт хайрхан транс” гэх монгол эзэнтэй, хятад гүйцэтгэх захиралтай компани концессын гэрээгээр тавьсан. Концессын гэрээний дагуу “Тахилт хайрхан транс” ХХК уг замыг ашиглалтад оруулсны дараа 27 жил эзэмшиж, ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, засаж арчлах үүрэгтэй. Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 11 багийн нутгаар дайран өнгөрдөг.

“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Ялагдашгүй, Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Сайханчимэг, Гашуунсухайт, Ханги чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын төлөөлөл 2026.09.05-нд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзаж, Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн замын хураамжийг багасгах, эвдэрсэн хэсгийг нөхөх, стандарт бус тойргийг янзлах зэрэг асуудлыг тавьжээ.

Цогтцэцийгээс Хангид нүүрс буулгаад, буцаж ирэхэд 900 км зам туулдаг. Ингэхдээ дунджаар ₮1.2 саяыг замын хураамжид төлдөг байна. Тээвэрчдийн гомдлын дагуу Зам, тээврийн яам “Тахилт хайрхан транс” компанид 9-р сарын 30 гэхэд замаа засах хугацаатай үүрэг өгчээ. Гэвч хугацаандаа засагдаагүй учраас яамны улсын ахлах байцаагч 10-р сарын 19-ний өдөр акт тавьсаны дагуу “Тахилт хайрхан транс” компани 27-ны өдрийн 19.00 цагаас замаа тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Харин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил 10-р сарын 15-ны байдлаар 65%-ийн гүйцэтгэлтэй явж байна. Зам тээврийн яамны мэдээлснээр дээд бүтэц угсралтын ажил 25%-тай, урт гүүрийн ажлын хүрээнд 760 дам нуруу угсарч дууссан байна.

Монголын экспортын орлогод шууд нөлөөлөх энэхүү төмөр зам өргөн болон нарийн царигийн хос замтай, нийт гол замын урт 19.5 километр, 8-31 метр хүртэлх өндөртэй дан болон хос замын гүүрэн байгууламж бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Үүнээс нарийн царигийн 10.8 км, өргөн царигийн 8.7 км хос төмөр замтай, 32.6 км дэлгэмэл урттай, жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж.

Төмөр замын ажлыг ирэх 2027 оны 4-р сард дуусган туршилт хийхээр зэхэж байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ