2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10


Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7%-иар дэмжлээ. Ингэснээр парламент халдашгүй байдал уу, хариуцлага уу гэсэн хоёр сонголтын өмнө ирж байна. Гэхдээ халдашгүй байдал гэдэг нь хуулиас нуугддаг хулгайч нарын оромж болох ёсгүй!
Парламентын гишүүнийг эгүүлэн татах асуудал шинэ сэдэв биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж зааж өгсөн. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй, бүрхэг. Тиймээс л УИХ-ын гишүүд өөрсдийгөө дабль стандарттай дарга гэж ойлгодог. Угтаа сонгогчдыг төрд төлөөлөх л үүрэгтэй. Түүнээс халдашгүй байдлын ард нуугдаж, хууль зөрчих, хулгай хийх, иргэдээ доромжлох эрхгүй. Буруу зүйл хийсэн бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг парламентын соёлыг манай УИХ-аас хайгаад ч олохгүй. Ёс зүйн хэм, хэмжээгээ мэддэг улстөрчийг УИХ-аас хайснаас өвсөн дотроос зүү хайх нь бараг хялбархан.
Монголын парламентын нэр хүндийн асуудал зөвхөн тэнд сууж буй 126 хүний асуудал биш. УИХ нь Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага. Тэр утгаараа өндөр хариуцлагатай, үлгэрлэх хэмжээний ёс суртахуунтай байх ёстой. Парламент нь муу дээрээ муухай харагдах тусам иргэд нь төрөө дээдлэхээ больж, эцэст нь гудамжнаас шударга ёс нэхэхэд хүрдэг. Иймээс л парламентын гишүүнээс иргэд ёс зүйтэй байхыг нэхдэг, шаарддаг. Гэвчиг тэдний “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэх хандлага эцэстээ парламентын гишүүний ёс зүйг сануулах, сахиулах хэмжээнд хүргэж байна. Нэг талаар хувь улстөрчийн ёс бус авирлал хэрээс хэтэрсэн. Эх захаа ч алдсан. Нөгөө талаар Монголын улс төрийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ байхгүй болсон. УИХ нь ёс суртахууны доройтолд орохын хэрээр нийгмийн ёс зүй ч уналтад орсон. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг худлаа. Ямар төр байна, тийм л ард түмэн байдаг.
Парламентын гишүүний ёс зүй нь сайн хүн, гоё хүн, эерэг хүн байх тухай асуудал биш. Төрийн хуульд захирагддаг, нийгмийн ёс зүйг дээдэлдэг байх тухай юм.
УИХ-ын гишүүнээр нэгэнт сонгогдсон бол “бандан тас” гэх хандлага хаана ч байдаггүй юм. Ганцхан Монголд л парламентын гишүүн болчихвол хуулийн ард нуугдаад хууль бус бүхнийг хийнэ гэсэн ойлголттой байдаг байх. Бусдаас туршлага судлах дуртай манай улстөрчид ядаж л гадны парламентын гишүүдийн ёс зүйгээс суралцах хэрэгтэй байв. Монголын парламентад муу, сайн болгон холилдож ирсэн. Гэхдээ энэ удаагийн 126 шиг иргэдээсээ ичиж, эмээхээ байтлаа УИХ-ын ёс зүй уландаа унаж байгаагүй юм.
Парламентын халдашгүй байдал гэдэг халдашгүй эрхтэйгээр хулгай луйвар хийнэ, хараал зүхэл урсгана гэсэн үг биш. Парламентын ёс зүйн хэм хэмжээ алдагдах нь төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулж, улс төрийн хямралд хүргэх аюултай. Иймээс л парламентын гишүүдээс иргэд хараал битгий хэл, хулгай битгий хий гэж сануулдаг, шүүмжилдэг. Харамсалтай нь, тэд иргэдээ, сонгогчдоо, нийгмээ сонсдоггүй. Одоо уйлаад яах билээ, Цэнцрийнгүүд минь.
Халдашгүй байдал нь гишүүнийг бусдаас хараат байх ёстой хамгаалалт байтал бодит үнэн нь хулгайч, луйварчдын бамбай болсонд иргэд эгдүүцээд байгаа юм.
Эцэст нь, хулгайч хоёр янз. Жирийн хулгайч чиний мөнгө, цүнх, цаг, гар утсыг чинь хулгайлдаг. Улс төрийн хулгайч чиний ирээдүй, хүсэл мөрөөдөл, ажил төрөл, цалин хөлс, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, хүч чадал, инээд баярыг хулгайлдаг. Ялгаа нь, жирийн хулгайч чамайг сонгож, хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог. Бүр том ялгаа нь, жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг. Гашуун үнэн нь, жирийн хулгайчийг хууль шүүдэг, улс төрийн хулгайч хуулийг баталдаг!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10