
Экспортын огцом өсөлт болон хөрөнгө оруулалтын идэвхжил сайжирсны ачаар Хонконгийн эдийн засаг өнгөрсөн улиралд төсөөлж байснаас хурдацтай өсөж, оны эхний есөн сарын өсөлтийн хурд сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Bloomberg (2026-11-03)
Хонконгийн Хүн ам, статистикийн газраас танилцуулсан урьдчилсан тооцоогоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх оны мөн үеэс 5.2%-иар өсжээ. Хоёрдугаар улиралд өсөлтийн хувь 4.2% болж буурсантай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт юм. Мөн энэхүү өсөлт нь Bloomberg-ээс эдийн засагчдын дунд явуулсан судалгааны дундаж таамаглал болох 3.7%-ийг хол давсан байна.

Хонконг дахь Квай Цин боомтын чингэлэг тээврийн терминал
Оны эхний есөн сарын байдлаар ДНБ 2025 оны мөн үеэс 5.1%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Улирлын дүнгээр авч үзвэл эдийн засаг мөн л таамаглалаас давж, 1.9%-иар тэлсэн байна.
Хиймэл оюун ухааны супер циклийн нөлөөгөөр электроникийн бүтээгдэхүүний дэлхийн эрэлт хүчтэй байгаа нь экспортыг огцом өсгөв. Энэ нь ачаа тээвэрлэлтийн зангилаа бөгөөд Хятадын зах зээл рүү нэвтрэх гол гарц болох Хонконгийн энэ оны өсөлтийн гол тулгуур болжээ.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эргэн сэргэж "Хойд Мегаполис" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжсэнээр хэрэглээ болон хөрөнгө оруулалт тогтвортой түвшинд хадгалагдаж байна.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ хиймэл оюун ухааны салбар дахь дэлхийн хэмжээний тасралтгүй хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын тогтвортой өсөлт нь эдийн засгийн төлөвийг ирээдүйд ч эерэг байлгах үндэс гэж тайлбарлав.
Тус хотын захиргаа өнгөрсөн наймдугаар сард 2026 оны ДНБ-ий өсөлтийн таамгаа өмнөх 2.5%-3.5%-иас ахиулж, 3.5%-4.5% болгон шинэчилсэн юм. Санхүүгийн нарийн бичгийн дарга Пол Чан хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж байгаа тул гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлт эрчтэй хэвээр байгааг тэмдэглээд, жилийн эцсийн албан ёсны төсөөллийг дахин дээшлүүлж магадгүйг нэмж хэлэв.
Бээжингийн зүгээс Азийн санхүүгийн зангилаа хотыг тууштай дэмжихээ илэрхийлж, Ерөнхий сайдын орлогч Хэ Лифөн тус хотыг хөгжүүлэх нь "Хятад улсын стратегийн гол зорилт хэвээр байна" гэж мэдэгджээ. Тэрбээр тус хотод зохион байгуулагдсан Дэлхийн санхүүгийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад дүрс бичлэгээр хэлсэн үгэндээ Хятадын төв засгийн газар Хонконг дахь чөлөөт, нээлттэй эдийн засгийн орчныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг онцолсон байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.