2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


УИХ-ын дарга Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүнд суртал, дарамтыг багасгахаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, D-Parliament.mn–д байршуулан иргэд, олон нийтээс санал авч эхэлсэн. УИХ-ын ажлын хэсгээс өчигдөр /2026.02.24/ уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулан зөвшөөрөл тойрсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
1.
Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийг дагалдуулан салбарын 90 гаруй хуульд өөрчлөлт оруулах юм. Мөн хувцас захиалга, засвар, гутал засвар, нүдний шил захиалга, гэр зургийн үйлчилгээ, машин угаалга зэрэг үйлчилгээг шууд эрхлэх боломжийг хуулиар бүрдүүлэх зохицуулалтыг ч төсөлд тусгажээ. Салбарын яамдаас хуулийн төсөлд дараах саналыг ирүүлсэн байна.
Тухайлбал, Эрчим хүчний яам одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд олгодог 22 тусгай зөвшөөрлийг 7 болгож цөөлөх боломжтой гэв. Мөн зөвшөөрөл олгох чиг үүргийг төрийн бус байгууллагууд буюу мэргэжлийн холбоодод шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Зам тээврийн яамны хувьд авто зам, төмөр зам, авто тээвэр, усан замын тээврийн зөвшөөрлийг хялбаршуулахдаа “Эхлээд бизнес эрхлэх боломжийг олгож, үйл ажиллагааны явцад нь хяналтаа тавих” зарчмыг баримтлахаар хуулийн төсөлд тусгажээ.
Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд УИХ-аар шинэчлэн найруулж батлахдаа, 1000 гаруй байсан зөвшөөрлийг 380 болгон бууруулсан. Үүнээс 251 нь “тусгай зөвшөөрөл”, 130 нь “энгийн зөвшөөрөл”. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 20 орчим зөвшөөрөл шинээр нэмэгдсэн бөгөөд бодит амьдралд зохицуулалт шаардлагатай бэрхшээл цөөнгүй тулгарч байгааг бизнес эрхлэгчид хэлсээр байсан юм.
Жишээ нь, зөвшөөрөл гэж нэрлээгүй ч яг адилхан процесс шаарддаг 264 бүртгэл, 232 дүгнэлт, 132 гэрчилгээ байгааг судалгаагаар тогтоосон.
Мөн 251 тусгай зөвшөөрлийн 122 нь Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдөж, захиргааны хэм хэмжээний акт, журмаар зохицуулж байгааг Ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлөөс онцолжээ.
Хүнд суртлыг арилгах гол түлхүүр болсон цахимжуулах ажиллагаа ч учир дутагдалтай байгаа юм. Одоогоор https://license.mn/ сайтаар 178 тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой. Харин үлдсэн 73-ыг заавал биеэр очиж, цаасаар харилцах байдлаар олгодог.
Цахимжуулалт хангалтгүй байгаа шалтгаан нь төр өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс дахин дахин шаарддаг, салбарын хуулиудын зарим зохицуулалт нь цахимжилтыг хязгаарладаг гэх зэрэг хүндрэл байна гэжээ.

2.
Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр төр бизнесийн үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцох вэ?
Төрийн оролцоог хуулийн төсөлд 4 хэлбэрт хуваажээ.
Олон улсын практикт тусгай болон энгийн зөвшөөрлөөс гадна эрх бүхий байгууллагад “мэдэгдэл” хүргүүлэх замаар бизнесийн зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх зохицуулалт байдаг. Энэ жишгээр хуулийн төсөлд, нэгдүгээрт, бүртгэл буюу “мэдэгдэл” хүргүүлэх гэж оруулсан.
Энэ нь эрсдэл багатай, хүн, амьтан, байгальд сөрөг нөлөөгүй, нэг удаагийн шинжтэй, ахуйн хэрэгцээний бизнес эхлүүлэхдээ байршил, чиглэлээ төрд мэдэгдэхэд хангалттай. Зөвшөөрөл хүлээх шаардлагагүй гэсэн үг. Харин хяналт, шинжилгээг эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу тавих гэнэ.
Хоёрт, лиценз буюу байнгын үйл ажиллагаа эрхлэхэд олгох зөвшөөрөл. Үүнийг төрөөс гадна мэргэжлийн холбоод олгох боломж нээгдэнэ.
Гуравт, зөвшөөрөл буюу тухайн байршилд нэг удаагийн үйл ажиллагаа явуулахад (барилга барихад г.м) стандартын дагуу олгох баримт бичиг. Төрийн байгууллага болон орон нутгийн төрийн байгууллагаас олгохоор зохицуулалт оруулсан байна.
Дөрөвт хяналт, шалгалт. Зөвшөөрлөө эхлээд олгоод, үйл ажиллагаа явуулах үед нь стандартын дагуу ажиллаж буйг тогтмол шалгах. Ялангуяа барилгын, зам тээврийн салбарт нэн хамааралтай.
Мэдээж, “Мэдэгдэл”-ээр үйл ажиллагаа эрхлэх жагсаалт, хоёр талын эрх үүрэг, хариуцлага, хориглох зүйлс гэх мэтийг хуулийн төсөлд тодорхой тусгасан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор салбарын хуулиудын зөвшөөрлийн заалтуудыг тодорхой болгох, заримыг нь хүчингүйд тооцох, мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалт, зөвшөөрөл гэж нэрлээгүй ч үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг баримт бичгүүдийг багасгах зэрэг эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох аж.

3.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал 280 тусгай зөвшөөрлийг 205 болгож бууруулна.
Өөр нэг онцлох зүйл нь төрийн оролцоог цахим болгож, хиймэл оюун ухаан ашиглаж, цаг хугацааг хэмнэж, хүнд сурталгүй болно гэж үзэж байна.
Мөн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хяналт тавих эрх, үүрэгтэй Ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлийг Эдийн засаг, хөгжлийн яаманд бүрэн шилжүүлж, бодлогын нэгдсэн удирдлагаар хангах нь.
Хэдийгээр мэдэгдэл гэж шинэ ангилал оруулж ирсэн ч одоо хэрэгжиж байгаа хуулиар 381 байгаа зөвшөөрлийг 360 болгож бууруулсныг хуулийн төслийн ажлын хэсэг танилцуулсан.
Тэгэхээр, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэл нь бизнесийг зөвшөөрөл нэрээр боомилох биш “мэдэгдэл”-ээр бүртгэж, дижитал шилжилтийг ашиглан төр өөрт байгаа баримт бичгийг давхардуулан шаарддаг хүнд суртлыг арилгаж, цаг хугацааг хэмнэнэ гээд “Чөлөөлье” аяныг бүрэн илэрхийлэх хуулийн реформ болох юм. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжид шууд хамааралтай Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох нь чухал байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19