2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10


The Wall Street Journal
Уолл Стрит (Wall Street) GLP-1 ангиллын эм бэлдмэлүүд дээр маш том бооцоо тавьж байна. 2023 оны 10-р сард "Walmart"-ын АНУ дахь гүйцэтгэх захирал Жон Фюрнер "Bloomberg" агентлагт өгсөн ярилцлагадаа "Оземпик" (Ozempic) хэрэглэдэг үйлчлүүлэгчид "бага зэрэг бага калори" худалдан авч байгаа тухай дурдсан нь савласан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнийг ёроол руу нь түлхсэн юм. Тэр үед хүнсний салбарын хамгийн том таван компанийн хувьцаа ойролцоогоор 18%-иар унаж байхад, хөрөнгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлт болох S&P 500 индекс 24%-ийн өсөлт үзүүлж байв. 2024 онд шинжээчид "GLP-1-ээс үүдэлтэй айдсыг хэтрүүлж байна" гэх дүгнэлтэд гаргаснаар үнэ бага зэрэг тогтворжсон боловч 2025 онд дахин огцом унасан билээ. Өнөөдөр "General Mills", "Campbell’s", "Conagra" зэрэг хүнсний салбарын аваргуудын хувьцааны үнэ оргил үеэсээ 50% гаруй унажээ.
"Goldman Sachs" банкны таамаглаж буйгаар, хэрэв 2028 он гэхэд 60 сая америкчууд энэхүү эмийг хэрэглэж эхэлбэл, эрүүл ажилчдын тоо нэмэгдэж, өвчлөлийн улмаас ажил таслах явдал багасна. Энэхүү эерэг үзэгдэл АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг 1%-аар өсгөнө гэж үзэж байна.
Эрүүл мэндийн талаас нь харвал ийм их хүлээлт, догдлол байх нь зүй ёсны хэрэг байж болох юм. Клиник туршилтын үр дүнгээс харахад, семаглутид (Ozempic болон Wegovy) хэрэглэсэн хүмүүсийн биеийн жин дунджаар 14.9%-иар буурсан бол плацебо буюу хуурамч эм уусан бүлгийнх 2.4%-иар л буурчээ. Харин тирзепатид (Zepbound болон Mounjaro) хамгийн өндөр тунгаар хэрэглэхэд жин 20.9% хүртэл хасагдсан байна. Зүрх судасны томоохон судалгаагаар семаглутид нь өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийн дунд зүрхний шигдээс, цус харвалт болон зүрх судасны шалтгаант нас баралтын эрсдэлийг 20%-иар бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) уг эмийг бөөрний өвчин болон нойрны апноэ эмчлэхэд ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд элэгний өвчин, үе мөчний үрэвсэл, донтолт зэрэгт ч эерэг нөлөө үзүүлж буй баримтууд шинээр гарч ирсээр байна.
Гэвч эдгээр клиник туршилтын үр дүнг "Америкчуудын дэлгүүр хэсэх, хооллох хэв маягийг бүхэлд нь өөрчилж байна" гэж дүгнэх нь эдийн засгийн чиглэлийн нэгдүгээр курсийн оюутан ч эргэлзэхээр тун нимгэн дүгнэлт. Хамгийн их эш татагддаг хэрэглэгчийн судалгаанууд GLP-1 хэрэглэгчдийг хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулаад асар их ялгаа байгааг олж тогтоодог. Тухайлбал, 2024 оны KPMG-ийн шинжилгээгээр GLP-1 хэрэглэгчид 21%-иар бага калори хэрэглэж байна гэсэн бол Корнеллийн их сургуулийн судлаачид 2025 оны 12-р сард "Journal of Marketing Research" сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлдээ GLP-1 хэрэглэгчтэй өрхүүд эм ууж эхэлснээс хойш зургаан сарын дотор хүнсний дэлгүүрийн зардлаа 5.3%-иар, түргэн хоол болон кофены сүлжээний зардлаа 8%-иар тус тус бууруулсныг тэмдэглэжээ.
Гэвч эдгээр бүх эх сурвалж нэг ижил үндсэн алдаатай. GLP-1 хэрэглэж буй хүмүүс бол Америкийн нийгмийн санамсаргүй түүвэр биш юм. "Gallup"-ын мэдээлснээр, АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 12.4% нь одоогоор жингээ хасах зорилгоор GLP-1 хэрэглэж байгаа бөгөөд энэ үзүүлэлт сүүлийн 18 сарын хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Гэвч GLP-1 хэрэглэгчдийн дийлэнх нь чинээлэг, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс байна. Тэдний өрхийн орлого жилд $100 мянгаас давах магадлал нийт хүн амтай харьцуулахад хоёр дахин их юм. Одоогийн хэрэглэгчдийн дунд ажиглагдаж буй "байцаа худалдаж авах, чипсний тасгийг алгасах" зан үйл нь эмийн нөлөө гэхээсээ илүү тэдгээр хүмүүсийн өөрсдийнх нь анхнаасаа байсан хандлага, амьдралын хэв маягийн илрэл байх магадлал өндөр байна.
Үүнийг йогийн өмдтэй зүйрлэж үзье. 2000-аад оны эхээр "Lululemon" брэнд зах зээлд гарч ирэхэд түүний үйлчлүүлэгчид нь тамирчинлаг, эрүүл мэнддээ анхаардаг, аль хэдийн зөв хооллодог хүмүүс байсан. Хэрэв та 2004 онд тус брэндийн худалдан авагчдыг бусад хүмүүстэй харьцуулан судалгаа хийсэн бол хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, хүнсний зардлын хувьд асар их ялгаа олж харах байсан нь гарцаагүй. Тэр үед "йогийн өмд нь хүмүүсийн өөрийн биедээ хандах хандлагыг өөрчилж байна" гэсэн дүгнэлтэд хүрэх уруу таталт их байх байв. Гэхдээ энэ нь буруу байх байсан. Та өмдийг биш, харин "Lululemon"-ы үйлчлүүлэгчийг л хэмжсэн хэрэг. Харин йогийн өмд "Walmart"-ын тасгуудад зарагдаж, бүх нийтийн хэрэглээ болох үед дээрх зан үйлийн ялгаанууд аяндаа арилсан юм.
GLP-1 эмүүд хоолны дуршлыг дардаг нь эргэлзээгүй үнэн. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн "food noise" буюу өндөр калоритой хоол идэх гэсэн албадмал, шагналд суурилсан хүслийг эдгээр эмүүд бууруулдаг болохыг баримтууд харуулж байна. Лабораторийн орчинд хийсэн жижиг хэмжээний туршилтууд семаглутид болон тирзепатид нь өөх тос ихтэй, амтлаг хоол идэх хүслийг бууруулдаг болохыг харуулсан. Мөн хоолны дохиололд хариу үзүүлдэг тархины "шагналын төв"-ийн идэвхжил буурдаг болохыг зарим судалгаа баталдаг. Гэвч лабораторийн эдгээр үр дүн бодит амьдрал дээрх хоолны сонголт, дэглэмд хэрхэн нөлөөлөх талаар өргөн хүрээний санамсаргүй түүвэр судалгаа хэзээ ч хийгдэж байгаагүй юм.
GLP-1-ийн долоон том клиник туршилтын аль нь ч хоолны бүтэц, чанар, эсвэл сонголтод гарсан өөрчлөлтийг хэмжээгүй. Мөн хэчнээн хүн энэ эмийг урт хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Бодит амьдрал дээрх мэдээллээс харахад жингээ хасахаар GLP-1 хэрэглэж буй өвчтөнүүдийн тал орчим хувь нь 12 сарын дотор хэрэглээгээ зогсоодог. Тэдний хэдэн хувь нь насан туршдаа хэрэглэгч болохыг хэн ч мэдэхгүй. Түүнчлэн, эмийг зогсоосны дараах үр дагавар бас эргэлзээтэй. Учир нь, буусан жин буцаад маш хурдан эргэж нэмэгддэг бөгөөд 2026 онд "BMJ Medicine" сэтгүүлд Ян Шиэ, Тэюүн Чой, Зияд Аль-Али нарын нийтлүүлсэн судалгаагаар, эмийг тасалдуулах нь зүрхний шигдээс, цус харвалт болон нас баралтын эрсдэлийг нэг болон хоёр жилийн хугацаанд тус тус 14% болон 22%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Хэдийгээр эмийг зогсоосон өвчтөнүүд нь үргэлжлүүлэн хэрэглэгчдээс өөр өөрийн гэсэн эрүүл мэндийн өвөрмөц онцлогтой байж болох ч энэ нь анхаарууштай тоо юм.
Энэ бүхэн GLP-1-ийн өөдрөг төсөөллийн цаана байгаа төсвийн тооцоололд маш чухал нөлөөтэй. Эмнэлэгт хэвтэх нь цөөрөх, хөдөлмөрийн чадвар алдалт багасах, бүтээмж нэмэгдэх зэргээр эрүүл мэндийн зардал хэмнэгдэнэ гэх онол нь зөвхөн клиник туршилтад оролцогчид дээр үндэслэгдсэн. Энэ нь тухайн эмийг хэдэн арван жилийн турш тасралтгүй хэрэглэснээр л гарах үр ашиг юм. Харин хэрэглэгчдийн тал хувь нь эмийг хэрэглэж эхлээд, буцаад хаядаг ертөнцөд дээрх ашиг тус нь хязгаарлагдмал, тогтворгүй байх бөгөөд урт хугацааны үр ашиг нь загварчилсан төсөөллөөс хэд дахин бага байх болно.
GLP-1-ийн хэрэглээ өргөжиж, орлого багатай, эрүүл мэнддээ анхаарах сэдэл багатай иргэд рүү чиглэж эхлэх үед хоолны сонголтын талаарх судалгааны үр дүн тэг рүү дөхөж замхарна. Калорийн хэрэглээ буурах үзүүлэлт хэвээр үлдэж магадгүй (энэ нь фармакологийн нөлөө учраас), харин GLP-1 хэрэглэгчид шинэ ногоо идэж, боловсруулсан хүнснээс татгалзаж байна гэх үзэгдэл арилна. Учир нь, эдгээр сонголт нь эмийн нөлөө биш, харин анхны чинээлэг хэрэглэгчдийн өөрсдийнх нь сонголт байсан юм. Хэрэв хожуу хэрэглэгчид "Оземпик" уугаад салат руу шилжихийн оронд хагас Биг Мак (Big Mac) идээд суудаг болвол "эрүүл хооллолт" гэх дохиолол нь зөвхөн хэрэглэгчдийн сонголтоос үүдэлтэй байсныг бид ойлгох болно. Лабораторийн орчинд ажиглагдсан хоолны дуршил өөрчлөгдөх нөлөө нь бодит амьдрал дээрх хүн амын дадал зуршлыг давах хэмжээний хүчтэй биш байсан нь тодорхой болох юм.
Энэхүү таамаглал нь "Medicare" болон "Medicaid" зэрэг төрийн даатгалын хөтөлбөрүүд уг эмийн зардлыг нөхөн төлдөг болж, хэрэглээ нь нийгмийн бүх давхаргад тархах үед батлагдах болно. Хэрэв тэр үед бага орлоготой бүлгийнхний дунд ч эрүүл хооллолт ажиглагдсаар байвал "хэрэглэгчийн өөрчлөлт"-ийн онол үнэ цэнтэй болно. Харин нөлөө нь бүдгэрч эхэлбэл, хүнсний салбарынхны хийж буй энэхүү асар их хөрөнгө оруулалт нь цөөн тооны чинээлэг хүмүүсийн өгөгдөл дээр тулгуурласан "маш үнэтэй алдаа" болж харагдах болно.
Эм бэлдмэлүүд өнөөдрийн хувьд үнэхээр үр дүнтэй байгаа. Гэвч америкчуудын дэлгүүр хэсэх, хооллох соёлд хувьсгал гарлаа гэх яриа нь одоогоор зөвхөн чинээлэг, өөрийн халааснаас мөнгөө гаргаад, долоо хоног бүр тариа тариулаад жингээ хасахад бэлэн байгаа хүмүүсийн л түүх юм. 2025 онд савласан хүнсний хувьцаанууд хоёр дахь удаагаа унахад зарим нэг үндэслэл байсан. GLP-1 хэрэглэгчид бага худалдан авч байгаа нь тодорхой болсон. Гэхдээ бага худалдан авалт хийх нь фармакологийн үйлчилгээ. Харин хүнсний салбарынхны GLP-1-д зориулсан шинэ бүтээгдэхүүнүүд рүү хийж буй тэрбум тэрбумын хөрөнгө оруулалт нь өнөөх л эргэлзээтэй баримтууд дээр тулгуурласан хэвээр байна. Хагас Биг Мак бол салат биш юм.
(GLP-1 (Glucagon-like peptide-1) нь хоол идсэний дараа нарийн гэдэснээс ялгарч, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэн, цатгалан мэдрэмж төрүүлж, хоолны дуршлыг бууруулдаг байгалийн даавар юм. Энэ дааврыг дуурайлган үйлчилдэг эмүүд (Ozempic, Wegovy гэх мэт) нь цусан дахь сахарыг бууруулах болон жин хасах зорилгоор өргөн хэрэглэгдэж байна)

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10