2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9
ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах наадамд оролцсон оюутнуудын нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад МУИС-ын оюутан Б.Цагаандалайн нийтлэлийг хүргэж байна.

“Миний хүү, эгээдээ хайлааст орох чилэлийн автобус ирж байна уу хараад өгөөч” хэмээн бөндөгнөтлөө чичрэх настай эмэгтэй намайг нудран асуулаа. “Ганцхан буудлын дараа ирэх нь, дахиад жаахан тэсээрэй” гэж хэлснээс хойш хэдийн бүтэн цаг өнгөрсөн байв. Оройн таван цаг болов уу үгүй юу харанхуй болж, дээр нь нэмээд утаанд сааралтах нийслэл хотод хүн бүрийн туйлын хүсэл нь ердөө л гэртээ харих. Зоорь шиг хүйтэн автобусанд хойно урдаа орон чихцэлдэж, даарч бээрч, амьсгаа давхцан, амь тэмцээд ч хамаагүй. Хэн хүнгүй гэртээ л харихыг хүснэ. Угтаа бол хэтийдсэн том хүсэл биш шүү дээ.
Цаг хагас хүлээсний эцэст бээрэхийн наагуур байсан бид сая нэг автобусандаа багтаж амжив. Гэртээ хүрэх хүртлээ автобусанд тухлан сууж явна гэдэг үлгэр. Багтчихсан л юм чинь учиртай. Улаанбаатар хотын нийтийн тээврийн өвлийн улирлын ачаалал зуны улирлаас дунджаар 20-30%-иар нэмэгддэг. Зарим урт маршрутууд дээр нэг автобусанд ногдох зорчигчийн тоо хэвийн хэмжээнээс 2-3 дахин их байдаг гэх судалгаа бий. Энэ нь автобусанд нэг ам метр талбайд 8-10 хүн оногдох хэмжээний нягтрал үүсгэдэг. Ийм нөхцөлд ханиад томууны вирус, агаарын бохирдолд агуулагдах тоосонцор зэрэг нь хүнээс хүнд дамжих магадлал нэмэгдэж, эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хот ажил, сургууль тарах цагаар тэг зогсолтод орох нь жам ёсны хэрэг тул зам дээр дор хаяж амьдралынхаа хоёр цагийг өнгөрүүлнэ гэдэгтэй нийслэлчүүд хэдийн эвлэрчихсэн. Эвлэрэхгүй гээд ч яах билээ. Өөрсдийн сонгосон, өөрсдийгөө төлөөлүүлсэн төрийн томчуулын хийж буй бодлогогүй үйлдэл бүрийн уршгийг том багагүй гагцхүү өвөл болмогц эд эсээрээ мэдэрдэг. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ч өвлийн хатуу хөтүүд тэсгэл алдан уйлмаар юм.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд идэр есийг давчихвал учиртай хэмээн унаж бүдчихгүйхэн ёстой л нэг чардайн аж төрөх нийслэлчүүдийн гэртээ харих зам тун ч бартаатай. Нядлагын мал чихсэн мэт автобусанд хэдэн цаг хөшингө болтлоо түгжирсээр амь наана, там цаана автобуснаас бууна. Халтирч унаад, хэдэн ясаа хэмхчихгүйн тулд мөсөн гулгуурын талбай шиг гялтайх шинэхэн бродюрыг даган бээцгэнэн алхана. Өвлийн улиралд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д хандах тохиолдлын тоо зуны улирлаас дунджаар 2.5 дахин нэмэгддэг байна. Энэ нь ихэвчлэн мөсөн дээр халтирч унасны улмаас үүссэн ясны хугарал, мултрал байдаг. Хотын зам талбайн арчилгааны асуудал нь иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд шууд заналхийлж буй хэрэг. Гэрэлтүүлэг гэх зүйл байхгүй шахуу харанхуй гудмаар утаанд угаартчихгүйг хичээн, хоолой амаа таглан явсаар нэг гэрийн бараа харна.
Улаанбаатарын агаарын бохирдол дэлхийн хамгийн өндөр хэмжээнд хүрдэг. Өвлийн оргил үед, ялангуяа оройн цагаар PM2.5-ын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон аюулгүй хэмжээнээс 40-80 дахин их байх нь энгийн үзэгдэл. Монгол хүн болж төрсөндөө баярлан талархснаа шүлэглэдэг байсан цаг саяхан. National Geography сэтгүүлд 2024 онд нийтлэгдсэн агаарын бохирдлын уршгийн улмаас хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч буй асуудлыг хөндсөн нийтлэлд “Шинээр төрсөн нярай эхний амьсгалаараа 600 мкг/м³ PM2.5 сорж авна. Энэ бол зөвшөөрөгдөх хэмжээнээс 24 дахин их.” гэж тэмдэглэжээ. Хорвоод мэндэлж, дөнгөж нүдээ нээсэн мөчөөсөө ийм хэмжээний их бохирдлыг биедээ нэвчүүлнэ гэдэг байж боломгүй хэрэг. Нүүрсхүчлийн хийн хордлогын улмаас өдөр бүр хүний алтан амь эрсдэж буй тохиолдлууд нь гэртээ харих замыг улам бэрх болгож байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулах тодорхой үр дүнд хүрээгүй төдийгүй, угаартаж нас барах тохиолдлын тоог огцом нэмэгдүүлсэн. Гал алдчихгүйн тулд нүүрс олдож л байвал уухайн тас ачиж аваад, очиж галлах нь гэр хорооллын өрхүүдийн амьдралын энгийн хэсэг. Нүүрс борлуулах цэгүүд хороо тус бүрт ердөө нэг эсвэл хоёр л байх бөгөөд хангалттай хэмжээгээр нүүрс олж авна гэдэг өгөөшт тоглоом тоглохоос ялгаагүй бэрх зүйл болсон ажээ. Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нүүрс борлуулах цэг дээр дахин нүүрс буухыг хүлээн дарааллан зогсож буй иргэдийн төлөөллөөс нөхцөл байдлын талаар тодруулахад “Сүүлийн хэдэн жилд хүйт орж, өвөлтэй золгох ойртоход ямар түлш түлэхээ мэдэхээ больсон. Түүхий нүүрсийг нь тас хориглочихсон, сайжруулсанг нь түлье гэхээр угаартаж хордож үхэх осолтой. Хөлдөөд үхчихгүйн тулд борлуулж байгаа нүүрсийг нь авья гэхээр олдохгүй, олдсон нүүрс нь ганц долоо хоногоо даавал их юм. Өвлийг яажшуухан нэг угаартчихгүй эсвэл хөлдөөд үхчихгүй давах юм, ингэж түлээ түлшээр нь хүртэл боож хааж байгаа төр засагт дэндүү гомдож байна” хэмээсэн юм. Энэ оны 9-р сарын 15-наас өмнө айлууд шахмал түлш хэрэглэж байсан бол, 10-р сарын 10-наас БНХАУ-ын хагас кокс түлшийг түлж эхэлсэн. 7 хоногт 7 шуудай түлш өгч байсан бол 10 дугаар сарын 20-ны өдрөөс 4 шуудай болгосон. Үүний улмаас олон айл өрх гал алдаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан гэх статистик ч байгаа бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх өндөр эрсдэлтэй байна.
Гунигтай ч гэх үү, гутармаар ч гэх үү энэ л циклээр өвлийн хахир өдрүүдийг давахаас өөр зам байхгүй тул онд мэнд орчихвол л учиртай. Гэвч хэрэв өвдвөл, хүндрэл нь улам нэмэгдэнэ. Агаарын бохирдлоос үүдсэн томуу, томуу төст өвчний дэгдэлт өвөл дээд цэгтээ хүрдэг. Хувийн, улсын гэдгээс үл шалтгаалан эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, ор ч олдохоо болино. Нярайгаа тэвэрсэн эхчүүд хоёр гурван цаг эмнэлгийн хүйтэн шал даган дараалж, жор бичүүлж авна. Эмнэлгийн үүднээс хоосон хаалга мөргөн буцаж, жор бичүүлээд гэрээр эмчлүүлэх нь нийслэлчүүдийн хувьд мөн л жирийн үзэгдэл болжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмч А.Оюунчимэгийн мэдээлснээр Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт энгийн үед хоногт дунджаар 200-300 хүүхэд тусламж үйлчилгээ авдаг бол энэ оны 11-р сарын хоёр дахь хагасын байдлаар өдөрт 500-600 хүүхэд хандаж байгаа ажээ.
Нийслэлчүүдийн гэртээ харих зам эрсдэл бартаагаар дүүрэн, тэмцэл дүүрэн зам ажээ. Эрх баригч, эрх ямбатангуудын хувьд “өвөл болохоор хүйтэн болдог” гэдэг л илэрхий. Гэвч тэдний “улны” гэж дооглосон ард иргэд нь ердөө л гэртээ харихын тулд ийм олон бартааг туулдаг гэдгийг мэддэг болов уу? Жил бүр тэд бидэнд түгжрэлийг бууруулна, утаагүй өвөлтэй золгуулна гэж үлгэр домгийн амлалтууд өгдөг ч жилээс жилд бидний гэртээ харих зам улам л бэрх болсоор байна. Монголдоо сайхан амьдрах сан, эх орондоо бага ч атугай хувь нэмрээ оруулах сан, өвлийг өнтэй давах сан гэж хүсэвч үнэхээр хясаж байна. Шүд зуугаад гэртээ харих уу, эсвэл угаартаж, хөлдөж үхэхээсээ өмнө эндээс зугтах уу?

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9