2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Украины дайныг зогсоож, америкчуудыг баяжуулах хүсэлтэй Цагаан ордны эзэнд Оросын Сибирь дэх газрын баялгийн нөөц сэтгэл татам харагдах нь гарцаагүй. Гэхдээ энх тайвны өгөөж бодит байдал дээр ямар байх бол?!
МОСКВАГИЙН НАЙДВАРГҮЙ АМЛАЛТ
Оросын эдийн засгийг хориг арга хэмжээнээс чөлөөлөх нь ярихаас илүү хэцүү ажил юм. Барууны орнууд сүүлийн жилүүдэд Орост 23 мянга орчим хориг тавьсан. Ноён Трамп үзгээрээ заримыг нь цуцалж болно. Гэхдээ банк болон эрчим хүчний төслүүдэд тавьсан бусад олон хоригийг цуцлахын тулд Орост хатуу ханддаг Конгресстой зөвшилцөх шаардлагатай болно. Тагнуулын болон дипломат ажилтнуудын үзэж байгаагаар Европ өөрийн хориг арга хэмжээг цуцлахдаа маш дурамжхан байх болно. Мөн түүхээс харахад тодорхойгүй байдал нь үндэстэн дамнасан компаниудыг үргээдэг. 2016 онд Иранд тавьсан гол хоригууд зогсох үед Европын засгийн газрууд хэчнээн амлалт өгсөн ч маш цөөхөн компани Тегеранд буцаж очсон байдаг.
“Магадгүй Трамп корпорациудын эздийг Орост боломж олгохыг ятгаж чадах байх. Гэвч Орос дотоод улс төрөөс хамгаалах амлалт өгч чадахгүй. Дайнаас өмнө Орост хөрөнгө оруулсан гадаадын компаниуд ганц буруу алхам хийвэл улс төрийн сэдэлтэй шийтгэл амсахад бэлэн байсан. Тэр үеэс өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын орчин Орост бүр ч эрсдэлтэй болсон” гэж RAND Europe-ийн Жон Кеннеди хэвлэлийнхэнд ярьсан байна. Оросын татварын албаныхан хэт шуналтай, шүүх нь авилгад идэгдсэн, гэрээ хэлцэл нь үнэ цэнэгүй. McDonald’s-ийн салбарыг худалдаж авсан Орос компани (гэрээнд эргүүлэн худалдаж авах нөхцөлтэй байсан) барууны компанийг эргэж ирэх хүсэлт гаргахаас өмнө нэмэлт мөнгө нэхнэ гэдгийг “The Economist”-т өгүүлжээ.
Түүнчлэн, Украиныг хамгаалалтгүй үлдээж мэдэх энх тайвны гэрээ нь Путиныг дахин түрэмгийлэхэд урамшуулна. Эргээд барууны хоригт орно. Москва дахиад хөрөнгийн хяналтхх нэмэгдүүлж, цэрэг-аж үйлдвэрийн салбар нь бусад салбаруудыг шахаж эхэлнэ. Барууны компаниуд ахиад тэгээс эхлэх эсвэл бүр өчигдрийнхөөсөө дор нөхцөлд орно.
Өөр нэг асуудал нь 2022 онд барууныхны орхисон орон зайг Ази, Турк болон бусад орны компаниуд аль хэдийн эзэлсэн явдал юм. Хятад улс 2024 онд Оросын барааны импортын 57%-ийг хангасан байна. Дайны өмнө 23% байсан юм. Москвагийн нисэх онгоцны буудлаас хотын төв рүү явах хурдны зам дагуу өмнө нь Европын болон Японы автомашины дилерүүдийн самбар ярайдаг байсан өдгөө Хятад компаниар солигджээ. Оросын Хятадтай тогтоосон "хязгааргүй нөхөрлөл" нь тэгш бус бөгөөд Оросын худалдааны 30 хувь нь юаниар хийж байна.
Мөн Орос улс Персийн булан эсвэл Хятадаас хууль бусаар дамжуулан авчирдаг барууны барааны "параллель" импортоор дүүрсэн. Тиймээс хар захын худалдаа шинэ худалдагчдад саад болно. Москвад iPhone утас Лондоноос хямд үнэтэй байна гэж “Control Risks” компанийн Наби Абдуллаев тэмдэглэв. Инфляци болон ажилгүйдэл нэмэгдэж байгаа энэ үед Кремльд хар зах зээлийг зогсоох сонирхол байхгүй.
Шинжлэх ухаан, технологийн салбарт Оросын засгийн газар нээлттэй байхаас илүү бие даасан байхыг уриалж байна. Барууны хуульчид, нягтлан бодогчдыг Америк эсвэл Британийн их сургууль төгссөн орос мэргэжилтнүүд орлосон гэж Жоржтауны их сургуулийн Тейн Густафсон хэлэв. Байгалийн баялгийн олборлолтод ч төрийн аварга компаниуд ашиг орлогоо хуваалцахдаа дурамжхан байж магадгүй. Ирэх жилүүдэд газрын тосны нийлүүлэлт ихсэж, дэлхийн үнэ 55 доллар орчим болж буурах магадлалтай байгаа нь 2010-аад оны эхэн үеийн хамтарсан үйлдвэрүүдийн ашигтай үетэй харьцуулахад гурав дахин бага юм.
Орост барууны тусламж хэрэгтэй байгаа ч мега төслүүд асар том бэрхшээлтэй тулгарч байна. Арктикийн ашигт малтмалын ихэнх судалгаа Зөвлөлтийн үеийнх бөгөөд тэндээс хэр ашиг олох нь тодорхойгүй. "Бидэнд байгаа мэдээлэл бол ердөө Роснефтийн амлалт л байна" гэж Argus Media-ийн Жон Гаутроп хэлэв. Алс хойд хэсэгт авто зам, төмөр зам, боомт барих нь өндөр өртөгтэй, бас аюултай. "Vostok Oil"-оос тос тээвэрлэхэд 50 орчим мөс зүсэгч танкер шаардлагатай боловч Орост одоогоор ганцхан байгааг Харвардын их сургуулийн Крейг Кеннеди тэмдэглэжээ. Мөн зарим төслүүд дээр бусад Оросын компаниуд эсвэл төрийн агентлагуудын лицензүүд давхцаж байгаа нь хууль эрх зүйн болон улс төрийн эрсдэл дагуулж байна. Жишээлбэл, Британийн BP компани 2013 онд Роснефтьд хувьцаагаа зарахаасаа өмнө Оросын түншүүдтэйгээ олон жил маргалдаж байсан сургамж бий.
2010-аад оны эхээр Оросын Арктик, Хар тэнгис болон занарын ордуудад 500 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр Роснефтьтэй гэрээ байгуулж байсан Exxon Mobil хуучин түнштэйгээ дахин ярилцахад бэлэн байх уу?
Exxon нь 2014 онд Орос нь Украйны Крым руу дайрсны дараа үйл ажиллагаагаа зогсоосон. Хэрэв тийм бол тэд хэт их мөнгөөр бооцоо тавих нь юу л бол. Гал зогсоох гэрээ ганц сар үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байхад Орост хэдэн арван жилийн турш чамгүй хөрөнгө зарцуулах нь асар их эрсдэлтэй. Түүнчлэн дэлхийн бусад хэсэгт газрын тос олборлох илүү аюулгүй боломжууд байгаа үед Оросын “урилга” тийм ч таатай зүйл биш юм.
Оросын газрын ховор элементийн мөрөөдөл бусад Арктикийн төслүүдтэй адил бэрхшээлтэй тулгарч байна. Үүн дээр нэмээд Хятад улс дэлхийн газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын монополийг эзэмшдэг бөгөөд шаардлагатай технологио Орост өгөхөөс татгалзаж байна. Хятад улс нь Оросыг өөрийн өрсөлдөгч болохоос эсвэл нууцаа алдахаас болгоомжилж байгаа юм.
МӨСӨН ДЭЭРХ ОРГИЛУУН ДАРС
Путин засгийн эрхэнд байгаа цагт Орос улс шинэ "Эльдорадо" (алтны орон) болох боломж бага байгааг харуулж байна. Хэрэв Оросын импорт 2021 оны түвшинд эргэж ирж, Америк үүний 50 хувийг (жилд 190 тэрбум доллар) хангана гэж төсөөлье. Мөн Орост байгаа гадаадын бүх компаниудын нийт орлого сэргэж, Америкийнх талыг нь (150 тэрбум доллар) авлаа гэж бодъё. Энэ хоёр нь нийлээд жилд 340 тэрбум долларын мөнгөн урсгал болохоос биш цэвэр ашиг биш юм. Ийм хэмжээний мөнгөн урсгал Кремлийн амласан 12 их наяд долларт хүрэхийн тулд хэдэн арван жилийн турш ямар ч саадгүй үргэлжлэх ёстой бөгөөд энэ нь туйлын боломжгүй зүйл юм. Америкийн компаниуд Оросын Арктикаас хэдэн их наяд долларын баялаг олборлоно гэдэг нь мөн л хоосон зүүд мэт харагдаж байна.
Гэсэн хэдий ч Цагаан ордонд ойр байгаа зарим хүмүүс өөрсдөдөө ашигтай гэрээ хийж магадгүй юм. Вашингтоны нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, зарим хүмүүс Оросын компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд суух талаар Кремлийн элч нартай ярилцсан гэжээ. Үл хөдлөх хөрөнгийн шинэ бүтээн байгуулалт болон дамжуулах хоолой зэрэг хөрөнгийн ашиг нь цөөн хэдэн хүний халаасыг түнтийлгэж магадгүй юм. Ноён Дмитриев Америкийн албан тушаалтнуудыг өөртөө татах ийм оролдлого хийдэг туршлагатай нэгэн. Америкийн Сенатын тагнуулын хорооноос 2020 онд гаргасан Оросын тагнуулын үйл ажиллагааны тайланд түүний нэр 152 удаа дурдагдсан бөгөөд ихэнх нь Трамптай ойр хүмүүсийг урвуулах оролдлоготой холбоотой байв.
Хэрэв Цагаан ордон энэ өгөөшийг үмхвэл, Америкийн бусад хэсэг хоосон хоцорч, улс төрийн зардал нь нэмэгдэх болно. Хэрэв Орос дахин нээгдэж, Хятад зэрэг өөрийн холбоотнуудаа шагнаж эхэлбэл Конгресс дахь шонхорууд (хатуу үзэлтнүүд) үүнийг тэвчихгүй. Худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь Оросын эдийн засгийг хурдан сэргээж, дараагийн дайн хийх замыг нь засаж өгнө. Америкийн эрх ашгийг дээдэлдэг ямар ч ерөнхийлөгч Путины 12 их наяд долларын саналд маш хянуур хандаж, татгалзах ёстой юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19