2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах наадамд оролцсон оюутнуудын нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад МУИС-ийн оюутан М.Лхагвадуламын нийтлэлийг хүргэж байна.

"Их мөнгөө хүнд луйвардуулчихлаа. Ямар арга хэмжээ авах вэ? Цагдаад мэдэгдвэл шийдэж өгөх үү" гэсэн зар Архангай аймгийн зарын групп дээр хөвөрнө. Сэтгүүлч хүний сонихон зан, хүмүүс яагаад луйвардуулав гэсэн асуултын мөрөөр намрын адаг сарын шинийн 20-ны өдөр Архангай аймаг руу хүлгийн жолоо залсан минь энэ. Өндөр, өндөр олон барилгуудын цаана ичээд нуугдчихдаг нар тал нутагтай золгов уу, үгүй юу “Намайг хар” гэсэн шиг дээш хөөрөх нь сайхан. Нараараа угтуулаад Монголын их амар амгалангаар хөндлөн гулд давхиж билээ. Өвөл хаяанд иржээ. Саяхан л хонгор шаргал зүсээрээ аальгүйтэж байсан модод дээлээ тайлаад нүцгэрчихэж. Сэрүүн намар зэврүүн өнгөтэй байсан ч сэтгэлд дулаахан. Хөх уулсын оройгоор манан будан хөшилддөг хангай нутгийн бараа харагдана. Цагаан хаалга даваад л Булган хайрхан аав шиг ханхайж байх нь нөмөртэй гэж жигтэйхэн санагдлаа.
Зар тавьсан хүнтэй холбогдсоор хашаандаа том нохойтой, ганцаараа амьдардаг 50 гаруй настай таяг тулсан эрийнд орлоо. Ганцхан том өрөөтэй байшинд хоёр ор угсруулан тавьж, хоймортоо бурхан тахилаа өргөсөн нь ганц бие эр хүн гэхэд догь харагдана. Ширээний буланд дагтаршсан хир, ундуй сундуй овоолсон хувцаснууд бүсгүй хүний гар дутсаныг илтгэх аж. Түүний нэрийг Эрдэнэбаяр гэдэг.
Фэйсбүүкийн цахим сугалаагаар 4 сая 700 мянган төгрөг луйвардуулчихлаа хэмээн царай нь барайна. Эрдэнэбаяр олон жилийн өмнө залуу насны ааг омог нь цээжинд нь багтаж ядсан залуу байжээ. Барилын ажил хийхдээ аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүйгээс болж дөрвөн давхраас доош унан маш хүнд бэртэл авсан байна. Нэгдүгээр эмнэлгийн орон дээр зургаан сар хэвтсэний дараа “Ингэж хүнд гэмтчихээд амьд үлддэг хувьтай хүн. Гэвч ахиж хөл дээрээ босохгүй. Нурууны яс дахиж бороолохооргүй хугарсан” гэсэн эмч нарын үгийг тэрэгтэйгээ тээгээд нутагтаа ирсэн юмсанж. Ирээд удалгүй өдөр болгон бага багаар босох цагаа сунгаж, хоёр хөл дээрээ зогсдог болжээ. Сая л хөлд орж буй нялх хүүхэд шиг тэнтэр тунтар хөлөө зөөн хоёр суга таягтай алхдаг болсон байна.
Эрдэнэбаяр аймгийн төвийн “Архангайд үйлдвэрлэв” захад цагаан идээ зарж борлуулан өөрийгөө тэжээнэ. Мөстсөн цасан дээр арай чамай алхдаг өвлийн хүйтнээс хэдийн халширчээ. Хүйт орохоос өмнө хөл дүүжлэх унаатай болюу хэмээн өөрөөсөө харамлан барин цуглуулсан мөнгөө залилуулчихсан учраас хямарсан нь лавтай. Түүний хэлснээр фэйсбүүк дээр “30 ширхэг карт 180 мянган төгрөгөөр авч картаа хусаад гарч ирсэн тоог долларт үржүүлж аваарай” гэсэн шууд дамжуулалт үзсэн гэнэ. Энгийнээр тайлбарлавал, та 180 мянган төгрөгөөр авсан 30 ширхэг картаа хусвал хэд хэдэн тоо гарч ирнэ. Гарч ирсэн тооны нийлбэр 6000 болсон гэж бодвол түүнийг доллараар үржүүлэхэд 21 сая 600 мянган төгрөг хожих юм байна. Энэ мэтчилэн хуурч, сугалаа авсан хүмүүсийн данс руу хожсон мөнгийг нь шууд шилжүүлж үзүүлжээ. Эрдэнэбаяр эхлээд 180 мянган төгрөгөөр сугалаа аван 47 сая 800 мянган төгрөг хожсон байна. Магнайгаа хагартал баярласан нь тодорхой. Шууд дамжуулалт хийсэн нүүр хуудас руу “Мөнгөө авъя” гэж бичихэд “Мөнгийг тань өгнө. Гэхдээ та хожсон мөнгөнийхөө арван хувийг өгөөд шууд аваарай” гэсэн гэнэ. Дансанд байсан мөнгөө шилжүүлснээр энэ бүхэн төгсчээ.
Өдгөөгөөс 10-аад жилийн өмнө сугалаа гэж төмөр саванд нямбайлан ороосон хэдэн цаас, хожсонд нь өгөх олон эрээн тоглоомыг хэлдэг байсан байх. Цаг цагийн эрхээр интернет сүлжээ, цахим орчин хөгжихийн зэрэгцээ сугалаа ч бас цахимжсан аж. Монгол улсын Сангийн яамны зөвшөөрөлтэй гэсэн сүржин нэр өгсөн даржин хэдэн газрууд бий. Тухайн газрын интернет орчин дахь сэтгэгдэл хэсэгт “Хожсон мөнгөө авъя”, “4-р сард сугалаанд орсон. Ялагч болсон миний мөнгийг өгч болох уу” гэсэн сэтгэгдлүүд бичигдсэн байх юм. Хачирхалтай нь тухайн сэтгэгдлүүд хорин дөрвөн цаг ч хүрэлгүй устчихсан байлаа.
Сугалаа хүмүүсийн сонирхлыг их татдаг. Төр хүртэл төлбөрийн баримтаар сугалаа явуулж байгааг буруутгаж чадахгүй л дээ. Аз ёндоо гэдэгт хүн бүр итгэж явдаг. Иргэд нь хөдөлмөрлөж орлого олно гэдэг итгэл буурсан үед аз ёндоондоо найдах нь ихсэж байгаа нь хөдөлмөрийн баялаг хүртээмжгүй байгааг харуулж буй толь байж болох юм.
Сугалаа хөдөөгийн сумдад бүр их. Мотоцикл, зурагт, угаалгын машин тэр бүү хэл хурдан удмын адууны хонжвортой сугалаа явуулна. Архангай аймгийн малчдын 70 хувь нь дор хаяж нэг удаа сугалаанд оролцож байсан гэж хариулжээ.
“Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг” гэсэн үгийг хэн бүхэн мэднэ. Хүмүүс яагаад сугалаанд оролцдог, үүнийг сэтгэл зүйн үүднээс хэрхэн тайлбарладаг тухай МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш доктор Л.Энхтүшигтэй ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс маш их сугалаанд оролцож байна. Хүн сэтгэл зүйн ямар хүчин зүйлээс шалтгаалан сугалаанд оролцдог вэ?
-Үүнийг сэтгэл судлалын үүднээс Даниэль Канэманы ном байдаг. Түүн дээр энэ талаар их сайн тайлбарласан юм.
-Сугалаанд оролцоход сэтгэл зүйн хүчин зүйлээс гадна өөр юу нөлөөлдөг бол?
-Мэдээж их мөнгө хожчих юм шиг сэтгэл зүйн хүчин зүйлс байна. Мөн нэг нэгнийгээ даган дуурайх нийгмийн үзэгдэл их нөлөөлдөг. Хэрвээ хүний ойр дотны хамаатан садан, найз нөхөд сугалаа авбал түүнийг даган дуурайж авдаг.
-Сугалаа нэртэй луйвар их явдаг болсон. Луйвар дээр маш олон сая төгрөг хожиж байгаа юм шиг харагддаг. Энэ нь амьдралд байх боломжгүй ч хүмүүс яагаад оролцоод байгаа юм бол?
-Хүн яагаад луйвардуулж байна вэ гэхээр боловсролын түвшин их хамаатай. Мөн энэ худлаа шүү гэж бодохоос илүү ийм их мөнгөтэй болчихвол ажил хийнэ гэж өглөөнөөс үдэш хүртэл явах шаардлагагүй гоё доо гэсэн бодол төрдөг. Нийгэм стресстэй байгаа стрестэн барин ажил заавал хийх шаардлагагүй гэж боддог. Тиймээс их мөнгө харахаар хүний байгалийн шунал, хүсэл илэрдэг гэлээ.
Хэр их хүн ийм сугалаа, сугалаа нэрт луйврын хохирогч болдог талаар асуухаар Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлэл авлаа.
-Сугалаа, сугалаа нэрт луйварт хохирсон хэдэн гомдол ирсэн бэ?
-Энэ он гарснаас хойш фэйсбүүкийн цахим сугалаанд мөнгөө луйвардуулав гэсэн 48 гомдол ирсэн. Эдгээр нь сүүлийн үед дэлгэрээд байгаа карт хусах, индранил чулуу олох гэсэн луйврын шинжтэй үйл ажиллагааны хохирогч болсон гомдол маш их ирсэн.
Иргэд ямар мэдлэг, мэдээлэлгүй байна вэ?
-Иргэд өөрсдийгөө сугалаа нэрт луйвраас хамгаалах чадамжгүй байна. Нөгөө төлөөс их мөнгө амалдаг, мөнгөө авахын тулд мөнгө шилжүүл гэдэг. Адаглаад цагдаагийн 102 аппликейшнаас мөнгө шилжүүлэх дансны дугаарыг нь шалгадаг байх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн би энэ дансанд мөнгө хийгээд хохирчихлоо гэвэл тухайн дансыг бүртгэлтэй гэж мэдээлдэг болсон юм.
-Сугалааны азтан шалгаруулах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд хандсан хэр их гомдол ирсэн байдаг вэ?
-Мэр сэр ийм гомдол ирдэг. Ихэнхдээ хожсон мөнгөө авч чадаагүй, тохирол нь явна гэсэн цагтаа явагдалгүй алга болчихлоо. Гомдолтой байна гэсэн гомдлууд ирдэг. Гэхдээ хүн нэг сугалааг 20,000 төгрөгөөр худалдаж авлаа гэхэд хохирол амссан ч тийм ч их араас нь явдаггүй. Тэгээд өөгшүүлсээр олон хүн хохирогч болж байна гэлээ.
Сугалааны тохирол хэрхэн явагддаг, хүссэн хэн ч бай сугалаанаас азтан болох боломжтой эсэхийг эрж хайн өөрийн биеэр туршин үзэхээр шийдлээ. Энэ оны 10-р сарын 18-нд “Монгол сугалаа” компаниас зохион байгуулсан “Хүч ба аз” бөхийн барилдааныг үзсэн үзэгчдээс азтан тодруулах байсан билээ. Нэг ширхэг сугалааны үнэ 50 мянган төгрөг байсан бөгөөд нийт 7000 гаруй сугалаа борлуулагдсан гэж тус байгууллагаас мэдээлсэн. Миний хувьд нэг ширхэг сугалаа худалдан авсан. Гэвч тухайн бөхийн барилдааныг "Аса арена"-д үзэж байсан 2200 гаруй хүн зөвхөн танхимаас ялагч тодруулъя гэж эсэргүүцэн, бөхийн торгон дэвжээ рүү хог хаягдлаа хаясан ёс зүйгүй үйлдлүүд ихээр гаргажээ. Тухайн барилдааныг зохион байгуулсан “Монгол сугалаа” компанийхан хөндлөнгийн аудитын шалгалтаар орж ирсэн Улиастайн аудиторууд хоорондоо ярилцан зөвхөн танхимд ирсэн 2200 гаруй хүнээс азтангаа тодруулах болсон юм. Үүний цаана мөнгөө хийгээд хохирч үлдсэн 5500 хүмүүст дөрвөн сугалааны эрх нэмж өгчээ. Тухайн дөрвөн сугалааны эрхээр “Монгол сугалаа” компаний таван жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах гэж буй хамгийн том сугалаанд оролцох эрх юм гэнэ. Залгахаар утсаа авдаггүй, кодоо явуулчихаад алга болдог “даржин эрхтэй, сүржин газар” юм байна. “Хүч ба аз” сугалааны шууд дамжуулалтын үеэр онлайн хэлбэрээр сугалаа авсан хүмүүсийг түмний өмнө шууд “аньж”, танхимаас азтанаа тодруулна гэж зүтгэцгээсэн байдаг. Онлайнаар сугалаа аваад, 10 сая төгрөгийн азтан болсон Б.Одмаатай ярилцлаа. Тэрээр “Би тэр сугалаанд 100 мянган төгрөгөөр оролцсон. Зурагтаар үзээд сууж байхад 10 сая төгрөгийн азтан шалгаруулахад миний мэйл хаяг гарч ирсэн. Маш их баярласан боловч “Зөвхөн танхимын үзэгчдээс азтан шалгаруулна” гээд минийхийг хүчингүйд тооцсон. Би араас нь хөөцөлдөж нэхэж явсан ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй. Дараа дараа гэсээр олон долоо хоног боллоо” гэжээ.
Оролцогчдоос аз ёндоотой нь хэдэн төгрөг, эд зүйл хожно. Тэгээд хонжвор олгоод ТВ-д цагийн мөнгө болон бусад зардлаа төлөөд үлдсэн нь зохион байгуулагчийн ашиг болж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь хэдэн төгрөгийн татвар төлсөн тухай мэдээллийг хэн ч зарлахгүй учраас олсон орлогыг нь хянах боломж олон нийтэд олдохгүй. Тусгай зөвшөөрөлгүй бол татвар төлөхгүй. Татварын алба үзээд татвар ногдуулахгүй гэж тайлбарлаж байна. Зөвшөөрлийн хуульд тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй төрийн байгууллага тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд гомдол гаргах, эсвэл шалгах үүрэггүй. Хуулийн зохицуулалт байхгүй. Харин тусгай зөвшөөрөлтэй бол цуцлах л боломж тэдэнд бий.
Сугалаа бол боломж багасахын хэрээр горьдлого нэмэгддэг зарчим. Сугалаа нэрээр баяжигсад, луйварчид өндөр түвшинд очиж байгаа энэ үед иргэн та ч бас сэрэмжтэй, сэргэлэн байгаарай. Эцэст нь дахин хэлэхэд үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9