
Авахыг урьтал болгосон ажил олгогчийг торгодог ШИМТГЭЛ
Төр иргэнээсээ мөнгө хураах аргаа улам нарийсгахдаа сайжруулсан зохицуулалт гэх чамирхсан үгээр халхлах дуртай. УИХ дээр ид хэлэлцэгдэж, олон нийтийн, нэн ялангуяа ажил олгогч, ажилтны анхаарлын төвд байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт яг л ийм дүр зурагтай өрнөж байна. Өмнөх шиг бүх орлогоос хавтгайруулан авдаг байснаа бодвол арай дээрдсэн, сайжирсан зохицуулалт мэт харагдах боловч үнэндээ ажил олгогчийг торгодог систем хэвээрээ үлдэх бололтой. Өөрөөр хэлбэл, наанаа хууль шинэчлэгдсэн мэт боловч цаанаа одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн санаа яг тэр хэвээрээ үлдэж буйг АН-ын бүлгийнхэн ч шүүмжлэлтэй хандаж буй. Гэхдээ хуулийн төсөлд санал өгч, кноп дарах хүмүүс бол УИХ-ын гишүүд. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр ажил олгогчийг оюутныг НДШ-ээс чөлөөлөх гэх мэт “дүр эсгэсэн” жижиг сажиг өөрчлөлт хийхээс илүү бодлогын томоохон шинэчлэлт хийх шаардлага тулгарсан.























