
Өнгөнд хууртаж, үнэнд гашуудна
Хэт өндөр үнэ, хэтэрхий хүйтэн хандлага хоёр зэрэгцэхэд аяллын үнэ цэнэ биш, бухимдлын дурсамж л үлддэг аж. Аялал жуулчлал бол Монголын эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр гэж олон жил ярьж ирсэн. Байгалийн онгон дагшин төрх, нүүдэлчин соёл, уудам тал нутгийг дэлхийд гайхуулж, жил бүр мянга мянган жуулчин татах чадамжтай улс гэдгээ бид мэднэ. Гэвч “түлхүүр” байхаар яригддаг энэ салбар хаалга нээх бус, хаалт үүсгэж эхэллээ. Үнэ өдрөөс өдөрт өсч, үйлчилгээний чанар сайжрах бус доройтож байгаа нь жуулчдыг татах бус үргээж байна. Тансаг үнэтэй зочид буудал, ресторан, аяллын багцуудаар дүүрэн ч, тэндээс сэтгэл ханамж бус бухимдал илүү үлддэг дээ.























